Шийдлийн гэх Засгийн газрын дээд, дунд тушаалын дарга нар, яам, агентлагийн хурган дарга нар, тэр дотроо Иргэний нисэхийн ерөнхий газар сүүлийн үед ихээхэн хэл амтай байна. Тодруулбал ИНЕГ-ын санхүү, эдийн засгийн газрын дарга н.Д нь ХБНГУ-д ажиллаж байхдаа тэнд амарч байсан онгоцны үйлчлэгч хоёр бүсгүйг хүчиндэхийг завдсан гэх мэдээлэл ажилтнуудынх нь амнаас ам дамжин шуугиж байгаа бол дээд шатандаа уг хэргийг тогооноосоо гаргахгүй хэмээн ихэд хичээж байгаа сурагтай.
Онгоцны үйлчлэгчид долоо хоног ажиллаж долоо хоног амардаг. Хэрэг гардаг өдөр буюу өнгөрсөн сарын сүүлээр онгоцны үйлчэгч бүсгүйчүүдийн хувьд Германд амарч байсан бөгөөд ИНЕГ-ын дарга н.Д тэднийг нэг оройн зоогт хамт хань болж суухыг хүсчээ. Эцэст нь согтуурч хөлчүүрхэн хэцүү авир гаргаад зогсохгүй үйлчлэгч бүсгүйчүүдийг “таална” хэмээн сандаргасан тул арай гэж зугтаж гарсан байна.
Энэ талаар тодруулахаар Иргэний нисэхийн ерөнхий газрын хэвлэлийн албатай холбогдоход: Асуудал үүссэн бол хуулийн дагуу шийдэгдэх биз. Ийм хэрэг гарсан талаар анх удаа өөрөөс чинь дуулж байна. Өдөр тодруулаад өгье. Тэр үед эргэж холбогдоорой” гэж тайлбарлав.
Тэгвэл энэ хэргийн талаар өнөөдөр ИНЕГ-ын амтай бүхэн нь ярьж, хэлж байгаа бөгөөд асуудлыг гадагшаа гаргахгүй шүү хэмээн хүн бүрт үүрэг өгсөн гэх мэдээлэл чих дэлсч байна.
Хэрэг хэдийгээр гадаадад болсон ч гэсэн Монгол Улсын хуулиар шийдэгдэх боломжтой бөгөөд, архи уусан үедээ охид бүсгүйчүүдийг айлгаж ичээсэн н.Д дарга хамгийн багадаа нэг жилийн ял авах болно гэдгийг өмгөөлөгчид хэлж байна. Түүнчлэн төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал ч бас сөхөгдөж таарах биз ээ. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа
Эх сурвалж: www.dorgio.mn