Comment.mn

Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг баталж байж Mонгол улс хөгжинө


2011 онд Монголын эдийн засаг арван долоон хувийн өсөлттэй гарсан. Түүнд нөлөөлөх гол шалтгаан нь 2008 онд баталсан Татварын өршөөлийн тухай хууль гэж эдийн засагчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг.

Уг хуульд 44 мянган аж ахуйн нэгжийг хамруулахаар тооцоолсон ч 28 мянга нь хамрагдаж, тэдгээрийн орлого3-5 дахин нэмэгдэн тухайн үед дөрвөн тэрбум ам.доллар ил гарч эдийн засгийн эргэлтэд орсон байдаг.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хууль батлагдсанаар айдас, дарамтын цаана нуугдаж байгаа 7-8 их наяд төгрөг эдийн засгийн эргэлтэд орох бололцоотой гэх урьдчилсан таамгийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргаад байгаа. Мөн Үндэсний статистикийн хорооноос мэдэгдэж буйгаар Монголын далд эдийн засаг дотоодын нийт бүтээгдэхүүний 27 хувьтай тэнцүү гэсэн тооцооллыг ч гаргаад байна. Эдгээр үзүүлэлтээс харсан ч, улс орны өнөөгийн нөхцөл байдал цаашдын ирээдүйг бодсон ч, олон улсын жишгийг аваад үзсэн ч Монгол Улс Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг нэн даруй батлах хэрэгтэй байна.

Саяхан ОХУ-ын Ерөнхий­лөгч Б.Путин баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдэдээ эдийн засгийн өршөөл үзүүлэхээ албан ёсоор мэдэгдсэн. Тэрээр “Татвар төлөгч өөрийн өмчлөлийн хөрөнгөө ОХУ-д ил гаргах тохиолдолд эд хөрөнгийн гарал үүсэл, ямар арга замаар бий болгосныг татварын алба, хууль хяналтын байгууллагуудаар захиргааны болон эрүүгийн мөрдөн мөшгих ажиллагаа явуулахыг хатуу хориглоно” хэмээн мэдэгдсэн юм. Оросын бизнес эрхлэгчид болон Засгийн газар нь Татварын өршөөлийн тухай хуулийг боловсруулан Төрийн Думд өргөн бариад байна. Путины эдийн засгийн өршөөлийн хуулиар Оросын Эрүүгийн хуулийн 13 зүйл заалт, Захиргааны хариуцлагын болон Татварын хуулийн нийт 12 зүйл заалтаас бизнес эрхлэгчид бүрэн чөлөөлөгдөх боломжтой болж байгаа юм.

Тодруулбал “Гадаадын орнуудад эзэмшиж буй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас, хувьцаа, банкны хадгаламжаа тайлагнах, оффшор бүсэд бүртгэлтэй аж ахуйн нэгжид эзэмших хувь хэмжээгээ тайлагнах, гуравдагч этгээдийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлэхэд үүсэх татварыг чөлөөлөх, оффшор бүсэд байрлалтай хөрөнгийг ОХУ руу шилжүүлэхэд үүсэх татварыг чөлөөлөх” гэсэн зүйл заалтууд өршөөлийн хуульд хамрагдахаар болжээ. Ингэж Орос гүрэн бизнес эрхлэгчдэдээ боломж олгон хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүд эзэмшиж буй хөрөнгөө олон нийтэд тайлагнахыг таслан зогсоож, татварын дарамтаас бүрэн чөлөөлж байна.

Путины эдийн засгийн өршөөлийн хууль, Засгийн хэрэг эрхлэх газрын газрын дарга С.Баярцогт нарын санаачилсан Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулиуд зүйл заалтын хувьд ижил байгаа юм. Цагаан сарын өмнөхөн Их хурлын даргад өргөн барьсан Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн “Ял шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх” хэсгийн 4.1-д энэ хуулийн гуравдугаар зүйлд заасан хугацаанаас өмнө Эрүүгийн хуулийн 158, 158.1, 159, 161, 166, 168 дугаар зүйл, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн ялтны оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ. 4.3-т энэ хуулийн гуравдугаар зүйлд заасан хугацаанаас өмнө Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан зөрчил гаргаж, захиргааны шийтгэл хүлээсэн этгээдийн биелүүлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл шийтгэлийн хувь хэмжээг өршөөн хэлтрүүлнэ. 5.1-д дээрх зүйлд заасан зөрчил гаргаж захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийн дор дурдсан хугацааг хэрэгсэхгүй болгоно гэсэн заалтууд байгаа.

Эдгээр заалтуудыг нарийвчлан авч үзвэл Эрүүгийн хуулийн 158 дугаар зүйл гэдэг нь “Үнэт цаасны тухай хууль тогтоомж зөрчих” хэсэг юм. Үүнд “Үнэт цаас гаргах, гүйлгээнд оруулах, худалдах, арилжих, түүгээр төлбөр тооцоо хийх, брокер дилерийн үйл ажиллагаа явуулах журмыг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэлх хугацаагаар баривчлах эсвэл хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байдаг.

За тэгээд 1581-ийн Даатгалын тухай хууль тогтоомж зөрчих, 159-ийн Аудитын тухай хууль тогтоомж зөрчих, 161-ийн Хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх,166-ийн Татвар төлөхөөс зайлсхийх, 168-ийн Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашиглах, 175-ын Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх, 175.1-ийн Хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг бага бус хэмжээгээр, ховор амьтан, түүнчлэн их хэмжээний валют, валютын үнэт зүйл, эрдэнэс, эрдэс, түүнчлэн байгалийн төрцийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэсэн зүйл заалтуудыг зөрчсөн гэсэн этгээд энэхүү өршөөлд хамрагдах боломжтой. Мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42-ийн Худалдаа үйлчилгээний журам зөрчих, 43-ын Заасан тайлан, мэдээ, тооллого, бүртгэлийн журмыг зөрчсөн этгээдүүд хамрагдахаар заагдсан байгаа юм.

Эдийн засгийн өршөөлийн хуулийг хэрэгжүүлсэн дэлхийн анхдагч орнуудын нэгийг Швейцарь гэж онцолдог. Дэлхийн хоёрдугаар дайны дараа нацист Германы удирдлага болон бизнес эрхлэгчдийн нуун дарагдуулсан эд хөрөнгөд өршөөл үзүүлснээр Швейцарь улс банкны системээ бэхжүүлж авсан түүхтэй. Итали улс хоёр мянгаад оны эхээр өршөөлийн хуулийг амжилттай хэрэгжүүлж эхэлжээ. Нуун дарагдуулсан эд хөрөнгөө тайлагнахдаа нийт дүнгийн 2.5 хувьтай тэнцэхүйц татвар төлнө, эсвэл нийт дүнгийн 12 хувьтай тэнцэхүйц хөрөнгөөр Итали улсын үнэт цаас худалдан авахаар заажээ. Тус хууль хэрэгжсэний эхний хоёр сард л Итали улсад 61 тэрбум еврогийн хөрөнгө ил гарсан бөгөөд татварын шимтгэлд 24 тэрбум евро төвлөрч, нэг удаагийн татвараар 1.4 тэрбум евро төвлөрүүлж чадсан гэх тоон үзүүлэлт байна.

Энэ мэтчилэн дэлхийн улс орнуудын эдийн засгийн өршөөлийн хуультай холбоотой олон түүхээс дурдаж болно. Харин Монголын улс төр, эдийн засгийн хүрээний эрхмүүд ямар байр суурьтай байгааг сонирхуулъя. Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа Их хурлын чуулган дээр “Эдийн засгийн өршөөлийн хууль Монгол Улсад зайлшгүй хэрэгтэй. Манайд эдийн засгийн хямрал нүүрлэж, хөрөнгө оруулалтын орчин яагаад муудав гэхээр Монголд эргэлдэж байгаа мөнгөний тодорхой хэсэг нь далд байна. Бид гадны хөрөнгө оруулалтаас илүү дотооддоо нуугдаж байгаа хөрөнгийг ил гаргаж, баялаг бүтээгчид айдасгүй болох хэрэгтэй. Бизнес эрхлэгчид хуримтлал үүсгэж, ажлын байр бий болгож ард иргэдийг орлоготой болгосноороо өөрөө гэмт хэрэгтэн мэтээр буруудах нөхцөл бий болсон. Манай хуулийн байгууллагууд мөнгөтэй хүмүүс рүү улайран дайрдаг болсон. Хуулийн байгууллагуудын туслалцаатайгаар зарим нэг бизнес улс төрийн бүлэглэлүүд өрсөлдөгчөө онилж байна” гэж мэдэгдсэн.

“Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлуулснаар компаниуддаа санхүүгийн “зэмсэг” ашиглах эрх чөлөөг нь өгч буй хэрэг. Хувийн хэвшлийнхний, иргэний, төрийн санхүү нэг гараанаас эхэлнэ. Ингэж санхүүгийн реформ хийж, нэг гараанаас эхлэхгүй бол Монгол Улс цаашаа хөгжихгүй” гэж эдийн засагч Б.Лхагважав онцолж байлаа. Ийнхүү Эдийн засгийн өршөөлийн хууль батлагдсанаар улс оронд итгэлцэл гэдэг зүйл бий болж, улс төрийн бохир аргаар нэгнийхээ нэр хүндэд халдах, хийсэн бүтээснийг нь үгүйсгэх өдгөө хүчээ авч буй аймшигт популизм таслагдах учиртай. Үндсэндээ өршөөлийн хууль гарснаар хүн бүгд ижил тэгш эрхтэй болчихож байгаа хэрэг. Хувийн хэвшил, төр, иргэний санхүү нэг гараанаас гарна гэдэг энэ л дээ. Бизнес эрхлэгчид рүү “Чи энэ хөрөнгөө хаанаас босгосон бэ. Чи яаж баяжсан бэ” гэж захын хүн дайрч давшлаад, эд хөрөнгө нэр төрд нь халдаж булаалт дээрэм явуулах зүйн орчин хаалттай болж байгаа юм.

Мөн хэвлэл мэдээллээр олон нийтэд хувь хүний данс, хадгаламжийг дэлгэх, авлигач зэрэг элдэв муухайгаар зарлах, хувийн хөрөнгөтэй хүн гэмт хэрэгтэн мэтээр гадуурхагдаж, хэвлэл мэдээллийнхэн энэ бүгдийг хөөрөгддөг байдал зогсоно. Н.Алтанхуягийн засгийн үед яригдаж байсан Эдийн засгийн өршөөлийн хуульд хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг авлигачнаар зарласан сэтгүүлчийг 5-50 сая төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Энэ бол туйлын зөв. В.Путины өршөөлийн хуульд “Банкны хадгаламжаа тайлагнах, оффшор бүсэд бүртгэлтэй аж ахуйн нэгжид эзэмших хувь хэмжээгээ тайлагнах”-ыг хатуу хориглосноос харахад дэлхийн гүрнүүд ингэж үздэг байна.

Бид сүүлийн хорин таван жилийн хугацаанд тасралтгүй улс төржиж, намчирхаж, хэн нэгнийхээ муу муухайг олон нийтэд зарлаж, баялаг бүтээгчид рүүгээ дайрч, цагаан захтнуудаа шоронд бөөн бөөнөөр нь явуулахаас өөрийг хийсэнгүй. Үүнийхээ горыг амсаж нэг ч бүтээн цогцлоосон зүйлгүй, эдийн засгийн хувьд элгээрээ харуулдчихаад байж байна. Эл бүхнийг даруйхан таслан зогсоож Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг батлах цаг нь болжээ.

Н.ГАНТУЛГА

Эх сурвалж: www.dnn.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.