Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж шийдэлд хүрчээ. Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлээд УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй гэвэл гэрээнд гарын үсэг зурахад дөхсөн байлаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч өнгөрсөн ням гаригт мэдэгдэл хийж, хоёр толгойг гацааж байсан хавхыг нээлээ гэж зарласан юм.
Иргэдэд ч гацаж байсан асуудлууд одоо нэг хөдлөх нь итгэл төрж байлаа. Гэвч энэ асуудал тийм ч амархан шийдэгдэхгүй нь бололтой байна. Учир төрийн гурван өндөрлөг буюу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “тулгын гурван чулууны” нэг болох УИХ-ын дарга эсэргүүцэж байгаа парламентын танхимд зарлачихлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “Засгийн газар мэдээд асуудлыг шийдчих бололцоотой” гэсэн үгийг тойруухан үгээр илэрхийлсэн. Тийм болохоор учиргүй жадлаад байхгүй биз. Тэгэхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтайгаа нэг талд байлаа ч УИХ-ын даргын толгойлсон фракц намдаа хүч ихтэй байгаа. Нөгөөтэйгүүр З.Энхболд АН-ын даргын албыг давхар хашиж буй. Түүний тэргүүлдэг “Шонхор” фракц хүчээ зузаатгаж, гишүүдийнхээ тоог нэмсээр байна. Тавантолгойн ордыг одоогийн шалгараад байгаа консорциумд өгөхийг эрс эсэргүүцэж байгаа Женко Х.Баттулгын багийнхан З.Энхболдыг уухайлан дэмжиж байна. Дээрээс нь бие даагчид, Шударга ёс эвслийн зарим гишүүд, МАН-ын цөөнгүй эрхэмүүд Тавантолгойн хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэсэн хатуу итгэл үнэмшилтэй байгаа юм.
Тэгэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тавантолгойг эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д оруулалгүй хөрөнгө оруулагч талтай гэрээ байгуулах зориг дутах шинжтэй. Тэрээр зоримог мэдэгдэл хийсэн ч “Чамайг болон сайдуудыг чинь огцруулна шүү” гэсэн хатуу сануулгыг тоолгүй, том толгойлж чадахгүй нь бололтойдог. Уг нь УИХ-аас Тавантолгойн ордыг эргэлтэд оруулахыг зарчмын хувьд шийдээд тогтоол гаргачихсан байхад гүйцэтгэх засаглалын түвшинд хэлэлцээд шийдээд явах бололцоо бий юм. Гэвч энэ удаад УИХ-д өргөн барьж хэлэлцүүлээд хэрхэхийг шийдэхээс өөр гаргалгаагүй болж байх шиг байна. УИХ-аар хэлэлцэх явцад нь 180 градус ч эргэж мэднэ. Тэгээд нөгөө консоциумтай байгуулсан хэлэлцээрээ эргэн харж, бүтэшгүй заалтуудаас болоод бүдэрч ч мэдэх талтай.
Тиймээс Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах асуудлыг цаг алдалгүй шуурхай шийдэх нь амаргүй болж байгаа ч утгагүй хэрүүл, хэтэрхий улстөржилт, фракц хоорондын зөрчилөө хойш тавьж, улс орноо хямралаас гаргах өнцөгөөс нь хандвал нааштайгаар эргүүлж болох л юм. З.Энхболд, Х.Баттулга хоёр эртнээс ганзага нийлэх болсон. Х.Баттулга MCC группт өштэй ч юм шиг. 2007 онд тус групп Тавантолгойгоос Гашуун сухайтын чиглэлд төмөр зам тавихаар хөрөнгөө босгоод байтал Х.Баттулга үндэсний эрх ашиг хэмээн дуулиан босгоод зогсоож байлаа.
Одоо Тавантолгойн тендерт шалгарсан консорциумд Энержи ресурс орсонд ч таагүй хандаж, MCS, Энержи ресурс чинь Монголын компани гэж хэлэхэд хэцүү, Энержи ресурсын хувьцааны ихэнхийг хятадууд худалдаад авчихсан гэж зарлаад байгаа. Энэ төслийг явуулахгүй байх бүхий л арга саамыг эрэлхийлж байна ч гэлтэй. Х.Баттулгын баруун гар гэгдэх Л.Гансүх сайдын суудлаасаа буугаад удалгүй УИХ-ын даргын зөвлөх болжээ. Тэрээр өчигдөр “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө “АН болон түүний тэргүүлж байгаа Засгийн газар сонгогчдоо хуурч, сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасныхаа эсрэгээр Тавантолгойн хэлэлцээрийг байгуулбал 2016 оны УИХ-ын сонгуульд АН ялагдана” гэж онцолжээ. Энэ эрхэмийн ярилцлагаас Тавантолгойн хэлэлцээр хууль бус, төмөр замыг консорциумд өгөх ёсгүй, төр өөрөө барьж мэдэлдээ байлгах ёстой, маш ашигтай зам, 10 жилийн хугацаанд л өртөгөө нөхнө гэсэн байр суурьтай байгаа нь тодорхой байна.
УИХ-ын дарга З.Энхболдын толгойлдог фракцын гишүүд ч эхнээс дуугарч эхлэв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “УИХ-ын даргын сануулгыг дэмжиж байна” гэдгээ илэрхийллээ.
Энэмэтчилэн Х.Баттулгын зорилго З.Энхболдтой хүч хавсарснаар биеллээ олох боломж бүрдэж Тавантолгойгоор талцуулж хэрэлдүүлээд шийдэлд хүрэхгүй гацсан хэвээр нь үлдэж мэдэх л юм.
Эх сурвалж: www.times.mn