Цагаан захтнуудын хэргийн жагсаалтыг мэдээж Н.Энхбаяр тэргүүлнэ. Өршөөлийн хуулиар суллагдаж, торны цаанаас гарсан Н.Энхбаяр Солонгос улс руу эмчлүүлэх нэрийдлээр яваад сураг алдарсан. Тэрээр “олон эрхтний архаг дутмагшил” буюу “эсийн алдагдал” хэмээх оноштой болох нь батлагдсан гэж хэвлэл мэдээллээр нэг шуурч байсан. Суллагдснаасаа хойш эх орондоо ердоо л хоёрхон удаа ирсэн тэрээр Солонгосоос намаа удирдсаар байгаа.
Д.Сүрэнхорыг Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа улсад 108 сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгаж байсан. Гэвч мөрдөн байцаах явцад түүний учруулсан хохирлын хэмжээ 93 сая болон буурсан аж.Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор нь ШШГЕГ-ын 405 дугаар ангид хорих ял эдлэж байсан. Гэвч тэрээр магадлангаар хугацаанаасаа өмнө суллагджээ.
Түүнд 2010 онд гурван шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 150.3-д заасан үндэслэлээр долоон жил хорих ял ногдуулж гурвыг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан дөрвөн жилийн хорих ялыг оногдуулсан юм. Харин тэрээр ял эдлэж байсан хугацаандаа сайн хөдөлмөрлөж, сахилга баттай байсныхаа төлөө магадланд орж суллагдсан байна. МАХН-ын өсөх ирэээдүйтэй залуучуудын тоонд багтаж явсан энэ эр өдгөө нэгэн хувийн компанид гадаад харилцааны менежер хийж байгаа сурагтай. Түүнийг мөрийтэй тоглоомонд донтсон учраас яамныхаа мөнгийг завшсан гэсэн яриа бий.
Одоогоос хэдэн жилийн өмнө “Гаалийн” гэх тодотголтой Х.Баатар нь Гаалийн ерөнхий газрын даргын албыг хашиж байх үедээ улсад 376 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр найман жилийн ял сонссон. Тэрбээр тухайн үед намдаа үнэнчээр зүтгэж, асар их хандив цуглуулж, намынхаа санхүүг бүрдүүлдэг байсан нэгэн. Түүний намдаа хийсэн зүйл чамгүй их. Гэвч түүнийг авлигын хэргээр баривчлах тэр мөчид намынхан болоод удирдлагууд нь бүгд нүүрээ бууруулсан гэдэг. Түүний хэлсэн нэг үг бий “Намд зүтгэж албан тушаал авсан хүн олон хүн байсан. Гэхдээ тэр дундаа олон саяар хандив өгсөн хүн нь цөөхөн дөө. Бараг л байхгүйтэй адилхан. Ганзориг бид хоёр л намынхаа хөрөнгө мөнгийг босгодог байсан. Харин намынхаа гишүүнийг хамгаалалгүй шударга бус хандсан удирдлагууддаа дургүй хүрэх юм” гэж нэгэн хэвлэлд яриа өгсөн байдаг. Тэрээр өдгөө хувийн бизнес хийж нам гүмхэн амьдарч байна.
ХАДГАЛАМЖ БАНКНЫ Ц.ЧИМЭДЦЭРЭН
Харин Х.Баатартай адил намдаа гологдсон дараагийн хүн нь “Хадгаламж” банкны Ц.Чимэдцэрэн. Тэрээр мөнгө идсэн хэргээр шоронд орсон. Түүнтэй хамт одоогийн МАН-ын гишүүн Я.Содбаатар, гишүүн асан У.Хүрэлсүх, яруу найрагч Ж.Мөнхбат нар хамсаатан болж байсан. Харин тэрээр өөрөө энэ хэргээ үүрээд гарсан гэдэг. Хожим энэ талаар сонинд “Я.Содбаатар, У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат нар намайг эргэж ирээгүй. Би уг нь тэднийг хамгаалж өөрөө ялаа үүрсэн шүү дээ. Тэгсэн над дээр МАН-ынхнаас хэн ч ирээгүй” хэмээн ярьсан байдаг. Мөрийтэй тоглоомонд донтсон энэ эр шоронгоос суллагдсныхаа дараа мөн л мөрийтэй тоглоомын хэрэгт холбогдоод амжжээ.
Эх сурвалж: www.shudarga.mn