Comment.mn

Н.Золжаргал: Ханшийн нөлөөлөл бага гэж тооцвол инфляц бууна

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас энэ оны эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж буй талаар тодрууллаа.

 -Энэ онд Монголбанк инфляцийг долоон хувьд хүргэж бууруулна гэсэн. Ийм боломж бий юү? 

-Дэлхийн банк, ОУВС энэ онд инфляц найман хувьтай гарна гэж төсөөлсөн. Монголбанкны зүгээс инфляцийг долоон хувьд нэлээд дөхүүлнэ. Он гарснаас хойш улсын хэмжээнд 9.3, Улаанбаатар хотод 8.5 хувьтай байна. Инфляцийн гуравдугаар сарын төвшингийн тооцоолол удахгүй гарна. Ялангуяа хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ тогтворжсон. Ханшийн хөдөлгөөн он гарснаас хойш харьцангуй тогтвортой 3-4 хувьтай байгаа. Иймд инфляцид нөлөөлөх ханшийн дарамт бага юм. Тэгэхээр энэ оны бүтэн зургийг ханшийн нөлөөлөл бага гэж тооцож харвал инфляц бууна. Инфляц буухаар төсөв, мөнгөний бодлогод эерэг үр дүн гарах хүлээлт бий. Тухайлбал, зээл олголт нэмэгдэх, хүү буурах зэрэг боломж оны төгсгөлд гарах болов уу гэсэн төсөөлөл гарч буй юм. Инфляцийн төсөөллийг энэ оноос эхлээд улирал бүрт олон нийтэд мэдээлдэг болсон. Анх удаа Азийн хөгжлийн банк Монголбанкны төсөөлөл биелэх бүрэн биелэх боломжтой гэж дүгнэлээ.

-Энэ онд эдийн засгийн өсөлт хэдэн хувьтай гарна хэмээн төсөөлж байна вэ? 

-Сүүлийн гурав, дөрвөн сард Дэлхийн банк, ОУВС, олон улсын санхүүгийн байгууллагуудтай нэлээд ярьж зөвлөлдлөө. Азийн хөгжлийн банкнаас гаргасан Монголын энэ оны макро эдийн засгийн төсөөлөл ерөнхийдөө биднийхтэй дөхүү байгаа. Ганц санаа зовоож буй тоо бол энэ жилийн ДНБ- ий өсөлтийн төвшин. Азийн хөгжлийн банк манай ДНБ-ий өсөлт гурав, ОУВС дөрөв гэж төсөөлж байснаа хоёр хувь болголоо. Өнгөрсөн жилүүдээс харахад манай улсын ДНБ-ий төсөөллийг хамгийн муу хийсэн нь олон улсын санхүүгийн байгууллагууд. Төсөөлсөн тоо нь бараг хоёр дахин зөрдөг. Манай төсөөлөл өнгөрсөн онд ДНБ 7-8 хувьтай гарна гэж тооцсон. Ингээд оны төгсгөлд 7.8 хувьтай гарлаа. Монголбанкнаас энэ онд манай улсын ДНБ-ий өсөлт таван хувьтай гарах хүлээлттэй байна. Гэхдээ анхаарах ёстой хоёр зүйл бий. “Оюу толгой”, “Таван толгой”, төмөр зам, цахилгаан станцууд гэсэн том төслүүд хөдлөөд эхэлбэл дээрх төсөөллийг эвддэг. Иймд эерэг тал руу нь эвдэх боломж байгаа.

 -Тэгэхээр томоохон төслүүдийн гацаа арилж хө дөлгөөнд орлоо гэхэд ДНБ-ий өсөлтөд хэдэн хувиар нөлөөлөх боломжтой вэ? 

-Зарим хүн эдийн засгийн хямрал гэж яриад байгаа нь буруу. Ер нь ДНБ- ий өсөлтийн хурд саарч буй юм. Жилд 3-4 хувиар саарсаар өнөөгийн төвшинд ирлээ. Ингэж саарч буй эдийн засгийн өсөлт цаашид яах вэ гэдэг нь хамгийн том сонголт хийхийг бидэнд олгож байна. Хэрэв хөрөнгө оруулалтаар эдийн засгаа сэргээнэ гэвэл томоохон төслүүдэд хэрхэн хандахаас шалтгаалах юм. Том төслийн хөдөлгөөн ДНБ-ий өсөлтөд 1-2 хувийн нөлөөлнө. Ингээд тооцвол томоохон төслүүд хөдөлгөөнд ороод эдийн засагт валютын эерэг урсгал бий болж төлбөрийн тэнцлийг нэмэх утгад хүрвэл эдийн засгийн өсөлт найман хувьтай гарах боломж бий. Үүний тулд хийх ажил их байна. Ер нь макро тогтвортой байдалд хүрэхийн тулд өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас бид нэлээд ажилласан. Иймд энэ онд макро эдийн засаг тогтвортой байх болов уу гэсэн хүлээлттэй байна.

 -Сүүлийн жилүүдэд мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэн нь эдийн засагт халгаатай байна гэж үзэх болсон. Энэ талаар тодруулна уу? 

-Эдийн засаг дахь нийт мөнгөний нийлүүлэлт 3-4 дахин нэмэгдсэн. ДНБ-ий өсөлт өндөр үед байж болдог зүйл. Өндөр өсөлтгүй бол ийм их төгрөгийн нийлүүлэлт хэрэггүй. Гадаад эх үүсвэрээс шалтгаалсан төгрөгийн нийлүүлэлт өнөөдөр нэлээд буурсан. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалт гурван жилийн өмнөхөөс бараг 10 дахин багаслаа. Энэ нь жилийн гурван тэрбум ам.доллар буюу 5-6 их наяд төгрөгийн хөдөлгөөн үүсгэж буй юм. Тэгэхээр ийм хөдөлгөөнтэй эдийн засагт бидний харж буйгаар мөнгөний нийлүүлэлт энэ жил өнөөгийн төвшинд байна. Мөнгөний нийлүүлэлт нэг их тэлэхгүй.

Д.БУЛГАН

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.