Одоогоос 4 сарын өмнө Скайтел компани 15 жилийнхээ ойг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ТахьКо ХКомпанитай түрээсийн гэрээ байгуулж, орчин үеийн харилцаа холбооны Олон улсын стандарт хангасан “Загвар” шинэ үйлчилгээний төвийг ТЕДИ төвтэй залгаа байранд нээжээ. Гар утасны шинэ дугаар авах, гар утас худалдаж авах, засуулах гэж зорьж очдог ТЕДИ төвтэй залгаа Скайтелийн тохилог шинэ салбар, гар утасны Samsung, LG зэрэг алдартай Брэндүүдийн “Show room” бүхий гар утасны худалдааны төв нээгдсэнд баярлаж талархах хүмүүс олон байсан. Эдийн засаг хумигдаж ажилгүйдэл ихэссэн энэ үед Скайтел компанийн нээсэн энэ 2 давхар худалдаа үйлчилгээний төвд ажлын байрууд шинээр бий болгож байгаа нь сайшаалтай хэрэг. Гэвч ёстой л нөгөө их санасан газар есөн шөнө хоосон хонов гэгчийн үлгэр болоод удаж байна. Учир нь “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, Монгол хүний сайн сайхны төлөө л ажиллаж байгаа” гэж өөрсдийгөө цаг наргүй рекламддаг Мобикомын удирдлагууд ТЕДИ төв дээр Скайтел, Мобикомын үйлчилгээний заал болон гар утасны худалдааны төвүүдийг холбож байсан үүд хаалга, хүзүүвчээ түгжин үйлчлүүлэгчдийн урсгал төдийгүй галын аюулгүй байдлын гарцыг хааж дээрэнгүй байдал гаргажээ. Хэрвээ энэ байр Мобикомын өмч байсан бол өөр хэрэг. Гэтэл Скайтел ХХК ч тэр Мобиком ХХК нь ч тэр ТЭДИ төвийн энэхүү байрыг “Тахь ко” ХХК-иас түрээсэлж үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. ТахьКо ХК-ий хувьд энэ байгууламжаа зөвхөн ганц компаний бус олон компаний бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчид нэг цэгээс авах боломжтой том цогцолбор болгох зорилготой гэсэн. Тиймээс Скайтел компани болон гар утасны худалдаачид Мобиком ХХК-ийн удирдлагуудад хандан удаа дараа хүсэлт гаргаж, адил үйл ажиллагаа явуулж байгаа компани болон худалдаачдад /түрээслэгчид/ боломж олгох, хэрэглэгчдийн их урсгалыг хуваалцан, галын аюулгүй байдлын гарцыг хааж босгосон ханаа буулгахыг удаа дараа “гуйгаад” ч тусыг олсонгүй. Аргаа барсан түрээслэгч нар Мобикомын босгосон энэхүү “Берлингийн хана”-ыг буулгуулахын тулд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэл Дүүргийн Онцгой байдлын газарт өргөдөл гомдол гаргажээ. Түрээслэгч нарын энэ гомдлын дагуу ТЕДИ төв дээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч н.Мягмаржав, Онцгой байдлын ахмад П.Элбэгсайхан нар ажиллаж, Тахь-Ко компанийн захирал болон Ерөнхий инженерийг байлцуулан хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад Мобикомынхон ТЕДИ төвөөр үйлчлүүлж байгаа иргэд болон түрээслэгч нарыг эрсдэлд оруулж, зайлшгүй нээлттэй байх учиртай галын гарцыг хаасныг нь тогтоосон байна. Гэвч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлыг хэлтсийн улсын байцаагч нарын 2015 оны хоёрдугаар сард гарсан 10/08 тоот “Зам гарц хаасан зөрчлийг арилгуулах тухай” Улсын байцаагчийн заавал биелүүлэх дүгнэлтийг Мобикомынхон нохой хуцахын дайтай ч хүлээж авсангүй. Энэхүү улсын байцаагчийн дүгнэлтэд “Хэрвээ түрээслэгч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж иргэдийн амь нас эрсэдсэн тохиолдолд буруутай байгууллага хариуцлага хүлээх болно шүү” гэдгийг сануулаад ч нэмэр болсонгүй. Өдөртөө ТЕДИ төвөөр 25000-30000 гаруй хүн үйлчлүүлж, олон зуун худалдаачид олон тэрбум төгрөгөөр хэмжигдэх хөрөнгө мөнгөө даатгаад сууж байгаа. Тэднийг эрсдэлтэй байдалд оруулж байгаагаа Мобикомын удирдлагууд юман чинээ ч тоохгүй сууж байна. Үүнээс гадна Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Г.Энхманлай, Ж.Одсүрэн нар 2015 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр түрээслэгч нарын гомдлын дагуу шалгалт хийж, Мобиком ХХК-ийн удирдлагууд нь Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулиудыг зөрчиж байгааг тогтоож, уг хаалгуудыг нээхийг мөн л үүрэг болгожээ. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлын 5,1-т “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас батласан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй” 12-р зүйлийн 1-т заасан “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна” гэсэн заалтыг тус тус зөрчиж байгааг нь дахин сануулжээ. Үүнээс гадна Өрсөлдөөний тухай хуулийн 12.1-т заасан “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж, тус хуулийн 12.1.10.-т заасан “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байна” гэдэг дүгнэлт гарчээ. Мобиком ХХК-д улсын байцаагчийн дүгнэлтээ явуулжээ. Одоогоос гурван сарын өмнө явуулсан энэ дүгнэлтийг Мобикомынхон бас л биелүүлсэнгүй. Галын байцаагч нарын дүгнэлттэй хамт хав дарж орхих нь тэр. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн дүгнэлт, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг Мобикомынхон тоохгүй болохоор Нийслэлийн онцгой байдлын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ТЕДИ төвийн байранд дахиад л шалгалт хийж, дээр дурьдсан зөрчлүүдийг арилгахыг Мобиком ХХК болон үйлчилгээ үзүүлэгч “Ньюком проперти” ХХК-д мөн л үүрэг болгожээ. Гэвч Монгол улсын хууль тогтоомж, төрийн байгууллагуудын шийдвэр, улсын байцаагч нарын дүгнэлтийг тэд мөн л тоож харсан ч үгүй. Галын аюулгүй байдлын гарцыг хаасан ханаа буулгаж, үүд хаалгаа нээсэнгүй. Монополь эрхтэй Мобикомд Монголын хууль, улсын байцаагчийн дүгнэлт үйлчилдэггүй юм байна хэмээн өнөөдөр түрээслэгч нар толгойгоо сэгсэрч сууна. Тэр ч бүү хэл “Иргэдийн амь нас, эрүүл мэндэд халгаатай үйлдэл хийж, галын аюулгүйн гарцыг хаасан байна гэдгийг тогтоосон Онцгой байдлын байцаагч нарын дүгнэлт өөрчлөгдсөн” гэдэг мэдээлэл тэдэнд иржээ. Үүнээс үүдэн Мобикомын түгжчихээд байгаа хоёр метр хүрэхгүй өргөнтэй хоёр хаалганы асуудал сүүлдээ бүүр төрийн байгууллагууд оролцсон томоохон хэрүүл, албан тушаалын хэрэг болж мэдэх нь. Учир нь Улсын байцаагчийн дүгнэлтийг дуртай хүн нь өөрчлүүлж чадахгүй. Харин мөнгөтэй, эрх мэдэлтэй Мобикомын захирлууд энэ хоёр хаалгаа нээхгүйн тулд Онцгой байдлын дүгнэлтийг өөрчлүүлсэн гэж түрээслэгчид ярьж сууна. Анх 1996 оноос үйл ажиллагаагаа эхлэхдээ Мобиком нь эхний таван жил ямар ч татвар төлөлгүйгээр, дараачийн таван жил 50% татварын хөнгөлөлт эдлэж чадсан. Тэр үед суурь хураамж, барьцаа, ярианы төлбөр, дугаар харах, мессэж бичих гээд бүх үйлчилгээ нь өндөр төлбөртэй байсан. Монголын төрд эрхэлж, Монголын ард түмний мөнгөөр хөл дээрээ босч, эрх баригчдаар өөртөө ашигтай шийдвэр гаргуулж чаддаг Мобикомынхон одоо бүүр сүүлдээ галын байцаагчийн дүгнэлтийг хүртэл өөртөө ашигтайгаар өөрчлүүлдэг болсон бололтой. Дэлхийд технологийн хөгжил, бизнесийн соёл, хүмүүнлэгийн үйл ажиллагаагаараа тэргүүлдэг Японы хөрөнгө оруулалттай тус компани ашиг орлогын төлөөх амбицандаа хөтлөгдөж, шударга өрсөлдөөнөөс айж хэрэглэгчдийн эрх ашгийг уландаа гишгэн хэтэрхий ядуу дорой сэтгэхүйтэйгээ л харуулж байна гэж хэн ч бодохоор нөхцөл байдал үүсээд байна. Олон нийтэд “Берлиний Хана” гэж нэрлэгдээд байгаа энэ хаалгууд удахгүй нээгдэж механик аргаар бус бизнесийн шударга өрсөлдөөн ноёрхох болно гэдэгт гар утасны худалдаачид бид итгэж байна.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ …
Эх сурвалж: www.dorgio.mn