Иргэн та машинаа ачуулж үзсэн л байх. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд түр болон удаан зогссон автомашиныг ачих шийдвэрийг Нийслэл хотын даргын захирамжаар мөрдөгдөж эхлээд удаж байгаа билээ. Мөн сүүлийн үед “дугуй түгжих” болсон. Үүнд олон иргэд дургүйцлээ илэрхийлдэг ч тэгсхийгээд өнгөрдөг жамтай.
Тэгвэл сүүлийн хоёр өдөр дараалан тэмцэл эхэллээ гэхэд болно. Тодруулбал, дугуй түгжих үйлчилгээ нь хууль журмын дагуух үйлчилгээ биш гэдгийг ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан мэдэгдсэн юм. Тус төвийн хяналт шалгалтаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 769 тоот захирамжийг үндэслэн тээврийг хэрэгслийг зөөж, шилжүүлэх, төлбөр хураамж авах үйл ажиллагааг 2013 оны наймдугаар сарын 29-ний өдрөөс хэрэгжүүлж, 70-80 мянган төгрөгийн хураамж авч байсан үйлдэл нь хууль бус байжээ.
Учир нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар Цагдаагийн ерөнхий газрын даргын бүрэн эрхэд хамаарах асуудал байхад Нийслэлийн Засаг дарга ийнхүү захирамж гаргасан зөрчил илэрсэн байна. Уг зөрчил үйлдэгдсэнээр Замын хөдөлгөөний удирдлагын төв нь 2013-2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийг 70-80 мянган төгрөгөөр зөөж шилжүүлэн 647 сая 710 мянган төгрөгийн үйлчилгээний хураамжийг хууль бусаар хураан авч нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн аж.
Харин дээрх зөрчлийг арилгахаар 2014 оны арваннэгдүгээр сарын 21-нээс эхлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 728 тоот тушаал гарч зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх зардлыг 55 мянган төгрөг байхаар тогтоосон байна. Тиймээс хууль бус захирамж хэрэгжиж байх хугацаанд торгуулсан иргэд дээрх мөнгийг шүүхээр нэхэмжлэн гаргуулах бүрэн үндэслэлтэй хэмээн ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан мэдэгдлээ. Мөн уг шалгалтын үеэр Цагдаагийн ерөнхий газар нь аж ахуйн нэгжүүдэд замын хөдөлгөөний хяналтын улсын байцаагчийн шийдвэргүйгээр бусдын тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх эрх олгосон, хууль бусаар үйлчилгээний хураамж хураалгасан зэрэг үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 13.1, 13.2, 13.2.7-д заалтуудыг тус тус зөрчжээ. Түүнчлэн НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны зургаадугаар сарын 26-нд гаргасан тогтоол буюу нийслэлийн хэмжээнд хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” батлан мөрдүүлсэн нь хууль бус үйлдэл гэв. Тодруулбал, “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” гаргах эрх НИТХ-ын тэргүүлэгчдэд хуулиар олгогдоогүй байна. Тиймээс НИТХ-ын тэргүүлэгчид хууль бус тогтоомж, журам батлан гаргах замаар тээврийн хэрэгслийн дугуй түгжих үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгож, төлбөр хураасан зөрчлийг нь арилгуулах улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна. Мөн зөрчил гаргасан этгээдийн дээд шатны байгууллагад зөрчлийг арилгахыг үүрэг болгох саналыг хүргүүлэн зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авах талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлэх, зөрчил гарга ан албан тушаалтнуудад Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ноогдуулна хэмээсэн.
Харин Нийслэлээс өөрсдийгөө өмөөрсөн хариу тайлбарыг өглөө. НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо мэдэгдэлдээ ШӨХТГ НИТХ ямар шийдвэр гаргах эрхтэй үгүйг ярих эрх бүхий байгууллага биш НИТХ-аас 2014 онд батлан гаргасан 98-р тогтоол хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээ хэтрүүлэн хууль бус шийдвэр гаргасан, Өрсөлдөөний тухай хуулийг энэ журамд зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хүргүүлсэн. Судалж үзэхэд ийм асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлж байна. Тухайн нутгийн өөрөө удирдах байгууллага нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх хэм хэмжээний актыг батлан гаргах бүрэн эрх нь байдаг. Иргэдийн хурлаар баталж буй актууд бусад хууль тогтоомжид нийцэж хуулийн нэг адил үйлчлэх хуультай. Үүгээрээ ч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, бусдын эдлэх эрхэд ноцтой хохирол учруулахаар хэсэгт зориулсан акт. Нийслэлийн хэмжээний хууль тогтоомжийг мөрдүүлэх, сахилга дэг журмыг хангуулах үүргийг ИТХ-д байдаг. Олонхийн эрх ашгийн хүрээнд шийдсэн асуудал” гэлээ.
Түүнчлэн ШӨХТГ НИТХ-ээс ийм асуудлыг шийдэх эрхтэй үгүйг ярих эрх бүхий байгууллага биш. “Нийслэлд зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам” бол хууль эрхзүйн үндэслэлтэй захирамж, мөн хүчингүй болгох эрх нь дээд шатны байгууллага болон Захиргааны хэргийг шүүхэд байдаг гэж Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль эрхзүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл хэлсэн юм.
Ийнхүү ШӨХТГ-аас “дугуй түгжих” үйл ажиллагаа хууль бус учраас зогсооно гэсэн байр суурьтай байна. Гэвч НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо энэ үйл ажиллагааг зогсоохгүй хэмээн гүрийхээр шийдэв. Уг мэдэгдлийг сонссон ШӨХТГ-ын дарга твиттер хуудсаараа “Хохирсон иргэдээ шүүхээр чирэгдүүлж байснаас нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, ИТХ-ын Тэргүүлэгчид өөрсдөө хууль бусаар авсан мөнгийг нь буцаагаад өгчих хэрэгтэй” гэсэн.
Хоёр байгууллагын тэмцэл цааг хэрхэх бол. Ямартай ч хэнийх нь зөв болох нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа тодорхой болох биз ээ.
Х.Даваа
Эх сурвалж: www.dorgio.mn