Comment.mn

XXI зууны Монгол: Тоглоомын улсаас тоглоомон улс


НОЁН УУЛЫН НОЁНЫ ЭРЭЛ

2015 оны цагаан сарын шинэдээр дамжуулан хэсэг эх орончид жагсаал цуглаан хийн тэмцсээр Ноён уулын орчимд байгаа алтны уурхайд ажиллах Канадын (Оросынх биш болохыг анхаарна уу!) уул уурхайн Сентерра гоулд (Хятадын компани биш болохыг анхаарна уу!)-ын эсрэг тэмцэж, үндсэндээ ялалт байгууллаа. Барууны(Орос, Хятадын биш болохыг анхаарна уу!) хөрөнгө оруулалттай, уул уурхайн компаниудыг татах замаар эдийн засгаа сэргээх төсөл хүчгүйдэн унаж байх шиг байна.Хүннүгийн үеийн булш бунхан(ХХ зууны эхээр юмыг нь ухаж аваад явсан)-тай ойр байдаг учир уг уурхай түүхийн дурсгалтай харшилдах бөгөөд тийм сайхан булшийг хойч үедээ өвлүүлэх учиртай аж.

Үнэхээр л “Барууны хөрөнгө оруулагчид Монголын түүхэн дурсгалыг сүйдлэх гээд байгааг хэсэг ард анзаарч тэмцэлдсэн ба хэрэг явдал зөв зүйтэй болохыг ухаарсан төр нь шийдвэрээ өөрчлөх гэж байгаа хэрэг үү” гэсэн асуулт эхлээд гарна. Түүнчлэн энэ улс оронд ард нийтийн санаа бодол үнэхээр ийм хүчтэй байдаг уу, ерөөсөө Монголд улс төрийн шийдвэр яаж гардаг юм бэ гэж сонирхоход хүрнэ.

Улмаар, монголчууд үнэхээр булш бунханд амиа тавьдаг, түүндээ хүрэхийг эгнэгт цээрлэдэгулс юм уу? Хүүр, ясанд тийм л хайртай юм бол,200 жилийн тэртээд,номын хүч увдисыг бясалган, очир завилгаагаар мөнх нойрссон гэгээнтний шарилыг хэнэггүйхэн ухаж авчраад,пиндээ хадгалж, зарахыг яагаад оролддог юм бэ? Монголчууд шарил, чандарт тийм л чанд сэргэг ханддаг юм бол мөнөөх явдлыг зүгээр л сонин болгож баахан шуугиад, зарим нь бурхан болоочтой сельфи хийж зургаа сүлжээнд оруулаад өнгөрч байгаагийн учир юу бол, гэхчлэнгийн эргэлзээ ар араасаа гарч байна.

Түүнчлэн Монголын төрийн голлох шийдвэрийг яг хэн гаргадаг юм бэ? Дөрвөн жил тутамд төрийн эрх барих байгууллагын сонгууль явуулсны дараа бүрдүүлдэг төр засаг уу, эсвэл түр зуурын зохион байгуулалтад орсон иргэний байгууллагууд эрх барьдаг орон уу?

Жинхэнэ утгаараа Монголд засгийн эрхийг яг хэн барьж байна вэ. Эрх баригч нам, төр засгийн эрхмэдэлтнүүд үндэсний шинжтэй шийдвэр гаргах боломжгүй атлааавлига хээл хахуулийн хэрэг асуудалд үргэлж ороолдох боломж нээлттэй байдаг нь тохиолдол уу?

Ноён уул болон бусад улс төр эдийн засгийн ноён шийдвэрүүд гарсан процедурыг ажиглахад монгол засаглалын онцгой шинжүүд тодрон гардаг. Шинжүүд нь Монголын хөгжлийн одоогийн шатны төлөв болон тусгаар тогтнолынх нь ирээдүйг тодорхойлон шинжих бололцоог олгож байна.

Ноён уулаас эхлээд Монголын эдийн засаг, улс төрийн асуудлыг шийдэх гарцыг заадаг ноён нь Монголын ард түмэн үү, төр нь үү, эсэргүүцлийн хөдөлгөөн үү, эсвэл энэ бүхнийг цаанаас нь удирддаг өөр хүчин байна уу?

ДАЙСАН ОЛДВОЛ НӨХӨР ОЛДОНО

Монголчууд дотоод эрх ашгийнхаа нийтлэг дээр тулгуурлан нэгдэж, хөгжлийн гарцаа хамтдаа тодорхойлж явсан түүх байгаагүй гээд хэлчихэд худлаа хэлсэн болохгүй. Тархай бутархай овог аймгууд арай хүчирхэг атлаа дээрэлхүү нэгийгээ дарж авахын тулд хааяа хааяа хоорондоо нэгдэнэ. Монгол хүн Монголынхоо дээр гарахаар дээрэлхүү гэж жигтэйхэн. Энэ нь бие биеийнхээ араншинг сайн мэддэгээс болсон хэрэг.

Ер нь дарсан дээрээ л дарж байхгүй бол өөр дайсантай нийлээд хоолой хэрчихэд бэлэн учраас эрхэндээ оруулсан нэгэндээ харийн дайснаас илүү хэрцгий хандана. Нөгөөдүүл нь ч эвийг нь олж байгаад “дайсан”-тай нь нийлж нөгөөхөө хөнтрөхдөө л нэг хөнтөрнө. Эвтэй байлаа гэхэд гурав хонохгүй муудалцана. Монголын “хууль гурав хоног” гэдэг цэцэн үг монголчуудад өөрсдөд нь бий. Нийлээд тогтоосон журам, хэлэлцэн тохирсон үг, байгуулсан найрамдал нь ядаж долоо хоног насалж өгдөггүй байснаас ийнхүү гашуудсан хэрэг буйзаа.

Үндэстний иймэрхүү төрх байдлыг “Монголын нууц товчоо”-нд “Хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн тэмцэж… орондоо унтах завгүй олзлолдон булаалдаж” хэмээн дүрсэлсэн байдаг. (Ер нь орондоо унтах зав гаргахгүй байснаасаа болоод нөхөн үржихүйн ажил нь хаягдаж, хэтэрхий цөөхүүлээ болсон ч юм билүү?)

Харин ер бусын авьяаслаг удирдагч, цэргийн жанжин Чингэс хаан бээр нэг овогтоо хорссон нөгөө овгийг өөртөө нэгтгэх замаар нэгдсэн Монгол Улс байгуулж чадсан байна. Ингээд нийлүүлсэн нөхдөө тараагаад алдчихгүйн тулд байнгын “нийтийн дайсан” олж өгөхөөс аргагүй болжээ. Тэрээр цуглуулсан хэдэн монголоо талын нэг тараахгүйг хичээн хавь ойрынхондоо дайн зарласаар дэлхийн хамгийн том империйн нэгийг байгуулчихжээ. Давхар ухаантай энэ удирдагч “юмыг яаж мэдэх вэ, хэрэг болж магадгүй” хэмээн нөөц дайсан бодож олсон нь Тангуд улс байв. Хамгийн аюултай дайснаа хамгийн түрүүн дарахын оронд нөөцөнд үлдээж,илүү эрсдэлтэй холын дайнд мордож байсны нууц нь тодорхой. Тэрээр “Өмнө зүгт Тангуд улс буй гэдгийг өглөө бүхэн сануулж бай” хэмээсэн алдарт үгийг үлдээсэн нь “Хийх ажил зөндөө байгаа, тарах болоогүй шүү” гэсэн мессэж байв.

ДАЙСАНГҮЙДЭН ТАРСАН МОНГОЛ УЛС

Их гүрний дараахан хүч суларсан монголчууд баруун зүүнээрээ талцан алалдав. Халхтайгаа муудалцах нь ойрдууд дотор эв нэгдэл бий болгох, Ойрадтай дайсагнах нь халхын хан нарын эв нэгдлийг барих арга болж байсан хэрэг. Дундаа дайсантай л болж баймаажин нэг дээвэр дор ордог, тэгэхгүй бол бие биедээ дайсагнадаг уламжлалтай нөхдийг яалтай ч билээ. Өнөөдөр ч гэсэн баруун монголчууд хөөрхөн фракцлаг царайлах, албан тушаалын дажинд нэг фронт байгуулахыг хичээх зэрэг нь бас л ястны хувьд хоорондоо эвтэй явах, монголчууд л болсон хойно төрөлх чанарт нь байдаг зовлонг гэтлэх оролдлого л шүү дээ.

Галдан бошигт амжилттай цэрэглэн довтолж Халхыг эзлэн ирлээ. Монголчууд харийн орныг эзлэхдээ маш зөөлөн ханддаг, шашин шүтлэг өв уламжлал, соёлыг хүндэлдэг боловч нэгийнхээ дээр гарахаар араатан болно. Тэрэгний дугуйтай чацуулан хядаж, тогоонд чанах зэргээр хүний ёсноос гадуур харгислана. Үндэстнийхээ энэ занг мэдэх Өндөр гэгээн тэргүүтэй Халхчууд Манжийн хаанаас аврал эрэв.

Монгол хүний нүдээр харвал өөрсөд шиг нь нүүдэлчин амьдралтай, монгол эмээ, монгол ээжтэй Энхамгалан хаан гэгч нөхөр Хятадыг эзэлж аваад Их Чин гэдэг улс байгуулчихсан байж таарав. Яг л монголчууд тээр жил Бээжинг эзлэн Юан улс байгуулсан лугаа адил хэрэг. Ингээд Хятадыг хүртэл эзэлж чадсан хүчирхэг Манж нарыг бараадав.

Манжийн эрхшээлд байсан 200 гаруй жил гадаад улс төрийн бодлого ба эдийн засаг (тэр нь цай, тамхи, даалимба мэтхэн)-ийн хувьд гаднаас хараат байхын ичгүүрийг амссан боловч хоорондоо алалдахын зовлонгоос зайтай үдсэн хоёр бүтэн зуун байв.

Дараа нь Манж сулран унаж, үүлэн чөлөөний нар тусахад Богд хаант Монгол Улсаа тунхаглав. Эхэн үедээ гадаадаас захирагч Манж Хятадын эсрэг үзэл санаан дээр монголчууд хар шаргүй нэгдэн нийлж байлаа. Иймэрхүү юман дээр нэгдсээр ч ирсэн юм чинь.

Гэвч Монголын тусгаар тогтнол монголчуудынхаа хувьд бодитой болоод ирэхийн цагт аюул боллоо. Нийлж аваад орос, хятадыг эзлэх хөг нь өнгөрсөн улсууд чинь хоорондоо алалдаж гарлаа. Сайн ноён хан, Чин ван Ханддорж гээд үндэсний хувьсгалын удирдагчид бүгд зуурдаар одов. Шашин ба төр хосолж шарын талынхан хүчээ авсан тул “Лам нарын гарт орсонд орвол Хятадыг дагасан нь дээр. Хол байгаа хятадууд ирж зовоотол өдий” хэмээн ярьдаг болсныг Хаант Оросын тагнуулууд тэмдэглэн мэдээлж байжээ.

Ингээд сөрөг талын “юу санасан есөн хүсэл биелж” Сю Шүжан цэрэг дагуулан ирж дотоодын алалдааныг намжаав. Ялагдсан хэсэг нь Барон Унгернийг урьж тэднийгээ хөөлгөв. Нөгөө ялагдсан хэсэг нь Улаан Оросыг урьж Хиагтыг чөлөөлөв. (Монголыг хэн ч байлдан эзэлж байгаагүй бөгөөд Манжийн цэрэг, Сю Шүжаны гамин, Зөвлөлтийн улаан арми бүгд урилгаар, Монголын талын хүсэлтээр ирсэн юм шүү)

Хувь тавилангийн эрхээр Зөвлөлтүүд Монголын толгойг мэдэж өнгөрөөсөн далаад жил бол монголчууд хувийн санаачилгаараа хоорондоо алалдаагүй бас нэгэн зуун байв.

ЭРГЭЖ ИРСЭН XIII ЗУУН

1990-ээд онд дэлхийн социалист систем нурж, Зөвлөлт холбоот улс тарж, монголчуудын чөдөр тушаа сулрав. Системийн албан ёсны дайсан байсан капиталист ертөнц хандивлагч болон хувирч улсын албан ёсны дайсан БНХАУ нь өмнөд хөрш болов.

Монголчуудын дотоодын эв нэгдлийг хангах гадаад хүчин зүйл үгүй болсон хэрэг. Ингээд л Чингэс хааны өмнөх үеийн тал нутгийн улс төрийн уур амьсгал, төрх төлөв эргэн ирлээ. Намаараа, нам дотроо бүлэг фракциараа хагаралдан “Орондоо унтах завгүй олзлолдон жагсаж”, “Хөнжилдөө унтах завгүй хө­нөөл­дөн намчирхах” болов.

Яг л найман зууны тэртээх шигээ ялагдсан нам, бууж өгсөн фракцидаа хэрцгий хандаж, тэрэгний дугуйтай чацуулан хядаж болохгүйгээс хойш бизнесийг нь “тэг”-тэй чацуулан унагааж, “далан тогоо”-нд чанах аргагүйгээс хойш мөрдөн, шоронд далантаа “чанах”-ыг хичээнэ.

Эрх баригч хүчинд улс орноо хөгжүүлэх ямар ч хүсэл, бас бололцоо байхгүй. Гарсан боломжийг ашиглан, хэзээ нэгэн цагт өндийж ирээд өөрийг нь далан тогоонд чанаж мэдэх сөргөлдөгчөө нам дарахыг хичээхээс өөр замгүй. Ийм хүч чадал гаргахүйц тар­га хүч авахын тулд хөрөнгө завших, луйвардах, авлигадах хэрэгтэй болно. Ийм учраас Монгол дахь улс төрийн нам, бүлэглэлүүд юун улсаа хөгжүүлэхийг бодохтой манатай.

Гадаадын дайснаас илүүтэй дэргэдийн дайсан аюултайг монголчууд мэднэ. Өөрийн бүлэглэлийг хэт хүчирхэг байлгах, ялангуяа толгойлогч нь нөлөөгөөрөө товойн гарахад дургүй. Ийм учраас өөрийн бүлэглэлд эмзэг, сул хэлхээс байлгах нь аюулгүйн баталгаа болно. Дотооддоо дайснаар зарлагдах үед хэмх өшиглөөд гарах нимгэн хана, эсвэлганц хөшихөд л үүр хэрмээ нураах сул тоосго заавал байлгах учиртай.Бас эгзэгтэй үед очоод нийлэх, дарамтлаад байгаа удирдагчийг нь хам­жаад нухахад бэлэн зэхээний дайсан басбайнга байвал мөн л аюулгүй байдлын баталгаа болно. Чухам ийм шалтгаанаар Солонгосын газар буй “улсын гурав дахь” Н.Энхбаярын аврал нь АН дахь удирдагч нартайгаа муудалцсан бүлгүүд, харин аюул нь түүнийг хариугаа авахаас айсан төрөлх МАН нь болж байгаа юм.

Монгол дахь улс төрийн бүлэглэлүүдийг хэзээд, хэнтэйгээ ч очоод нийлж мэдэх хэсгүүд бүрдүүлдэг. Тодорхой эрх мэдэлд хүрсэн бүлэглэл нь мөнөөх найдваргүй холбоосуудаа тараагаад алдчихгүйн тулд мөнгө хөрөнгөөр угжихаас өөр гарцгүй.Бусдад идүүлчихээд өөрөө хараад суултай биш учраас гараа бохирлохоос өөр замгүй, нэг ийм байдалтай.Бид муу муухай үндэстэн учраас ийм байгаа юм биш. Туулсан зам, төгсгөсөн аж амьдралын сургууль нь л ийм болгож. Одоо яах вэ?

1206 онд, 1911 онд олдсон нийтлэг эрх ашгаа хүндэтгэн төр улс болох боломж 1990 онд дахин заяажээ. Чингэсийг яриад яах вэ. Харин Богд хааны үед эрх ашгаараа нэгдэж чадалгүй 10 жил хоорондоо алалдсан монголчуудыг эцэст нь Зөвлөлтүүд ивээлдээ аваад цааш явсан.

Харин сүүлийн 25 жилд бид үндэсний нийтлэг сонирхлоороо нэгдэн улс болж чадах хичээл сургамж авав уу? Чадвар суув уу?

ТУСГААР ТОГТНОЛЫГ УНАГАЯ ГЭВЭЛ ЭДИЙН ЗАСГИЙГ НЬ УНАГА!

Хоёр том гүрний завсарт оршдог Монгол Улс 1990-ээд оноос гурав дахь хөршийн бодлого зарласан бөгөөд цаад утга нь Орос Хятадаас хамаарах хамаарлыг багасгах, тэднээс хавьгүй давуутай өөр хүчний эдийн засгаас зүүгдэх гэсэн хоёргүй нэг утгатай.Эдийн засгийн тусгаар тогтнол нь монголчуудын улс төрийн тусгаар тогтнолын баталгаа байх учиртай гэдэг өнцгөөс харвал энэ бодлогын учир утга улам тодорхой болно.

Монголын төрийн шийдвэрийг XVII-XIX зуунд Бээжингээс, ХХ зуунд Москвад гаргаж байсан юм. Улс төрийг нь хариуцахтай хамтатган эдийн засгийг нь дааж явсан байна. Тал нутгийн бараа таваарын хангамж, социализм байгуулах зардлыг хоёр тал ээлжлэн хариуцсаар ирсэн юм. Хятадын пүүсүүдийн өрийг ардын засгийн шийдвэрээр хүчингүй болгож байсан бол Зөвлөлтийн өрийг хоёр талын хэлэлцээрээр цэгцэлжээ.

Монголын гурав дахь хөршийн бодлого нь хоёр хөршөөсөө эдийн засгийн хувьд хараат бус байх томоохон оролдлого. Эдийн засгийн хувьд 100 хувь биеэ дааж гайхуулахаа байг гэхэд ядаж гурав дахь этгээдийн асрамжид байх санаархал.

Хачирхалтай нь энэ оролд­лого Монголын ард түмний өөрсдийнх нь эсэргүүцэлтэй тулгараад ахиж чадахаа байсан нь үнэн хачин. Улс төрийн талаар тусгаар байхыг ам нийлэн ярих боловч эдийн засгаараа тусгаар тогтнох алхам бүрийг гар нийлэн нураана.Монголчууд үнэхээр л Хятадын эсвэл Оросын хараат байхыг хүслээ гэж үү?

Эсвэл Монголын төрийн сул дорой, чадамжгүй туршлагагүй байдлыг далимдуулан түүний шийдвэрт саад хийж буй хөрш орнуудын оролдлого уу?

Бас Монгол дахьбайгаль хамгаалах сэдвийн дор өрнөдөг уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын эсрэг тэмцэл ч мөн Оросын бус, Хятадын бус хөрөнгө оруулагчдыг шахах хоёргүй нэг агуулгатай нь сонин. Орос Монголын хамтарсан Эрдэнэт, Орос-Монголын хамтарсан Монросцветмет, Хятад-Монголын хамтарсан “Болд төмөр ерөө”, Хятад-Монголын хамтарсан “Цайрт минерал” уурхайгаас байгалийг хамгаалсан, тэдний эзэмшил ордыг хойч үедээ өвлүүлэх гэсэн санаа оноотой нэг ч байгаль хамгаалах хөдөлгөөн хувь хүн байхгүй.

ТҮР ЗАСГИЙН ГАЗАР БУЮУ ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨН

Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолтой холбоотой зангилаа асуудлыг Монголын төр шийдэх боломжгүй явж ирсэн байна.Мал хувьчлах, хувийн өмчийг зөвшөөрөх зэрэг өдөр тутмын аж төрөлтэй холбоотой асуудлыг л Монголын төр шийдэж байснаас бус ядаж л эрчим хүчний хувьд бусдаас хараат болохуйц ганц алхам хийх хүч дутаж ирсэн.

Энэ талын төсөл, хөрөнгө оруулалтыг зогсоох болиулах асуудлыгиргэний санаачилга бо­лох хөдөлгөөнүүд гарч ирээд хийнэ. Иргэний хөдөлгөөн нь өнөөдөр Монголын албан бус хамгийн хүчирхэг төр болж ялангуяа улсын эдийн засгийн тусгаар тогтнолтой холбоотой шийдвэрийг гаргах хэмжээнд хүрсэн байна.

Монгол орны засгийн эрхийг үнэн хэрэгтээ барьдаг иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд нь өв уламж­ла­лаа дагаад нүүдлийн, түр цагийн байдалтай. Шийдвэр­лэх асуудал, хэлэлцэгдэх цаг хугацааг дагаад түр зуур зохион байгуулагдаад аяндаа тарна. Энэ нь монгол хүнтодорхой асуудлаар удаан нэгдэж чаддаггүйтэй холбоотой. Яг л өвөг дээдэс нь хэд хоног нийлж наадамдаад, эсвэл цөөн өдрөөр гар нийлж ав хоморго хийгээд тардагтай агаар нэг.

Энэхүү орчин үеийн “явуулын”, “нүүдлийн” төр нь хүчирхэг байдаг хоёр эх сурвалж байна. Юуны өмнө өөрийн аюулгүй байдлын үүднээс бүлэг хийгээд толгойлогчоо айлгах юмтай байхыг хүссэн улс төрчидтэднийг нам дотроосоо дэмжинэ. Сөрөг хүчнийхэн эрх баригчдаа сульдаахын тул уухайлна. (Дашрамд дурьдахад Монголын засаглалын оройд суугаа, ялангуяа эрх баригч намыг даргалж суугаа хүний байдлыг, юм л бол “сална”, “юмаа аваад харина”, “муусайн эрчүүдийг нохойн гуяар даллана” гэж айлгадаг эхнэртэй, гарем дүүрэн тийм авгайтай хар хүнээр төсөөлж болно)

Дээр нь монголчууд ялагдаж байгаа талд туслах араншинтай нь нөлөөлнө. Хоёр хүн зодолдоход дийлдэж байгааг дэмжих ба тэр нь давамгайлаад ирвэл нөгөө талд орчих жишээний. Иргэний хөдөлгөөнийхөн нь хүчирхэг төрийн өмнө ялагдаж байгаа ардууд болон харагдах тул нийтийн дэмжлэгийг хүлээнэ. Ялаад ирэхээр нь дургүй болдог ард түмнийхээ араншинг мэдэх тул асуудлаа шийдүүлж аваад алга болно.

МОНГОЛЫГ ДООРООС НЬ УДИРДАХУЙ

Монголын төрийг барьж буй бүлэглэлүүдийн амин чухал асуудал нь юу болох тухай өмнө ярьсан. Улсаа хөгжүүлдэг хүн болох гэж байж дотоодын дайсан, нам доторхи эсрэг бүлэглэлүүдийнхээ гарт үрэгдсэнээс амь бие, эд хөрөнгөө бэхжүүлэх хичнээн чухал болохыг дээр бид мэдсэн. Ийм тохиолдолд засгийн эрх үнэндээ гадаа гудамжинд гарч иргэний хөдөлгөөн буюу нүүдлийн, түр Засгийн газрын гарт орж ирсэн байна.

Сонирхолтой нүүдлийн түр засгийн газрууд нь их төлөв байгаль хамгаалах хэмээх нэрэнд цэвэр, ариун салбарыг онилдог. Гэтэл нэгдүгээрт: Монгол дахь барууны хөрөнгө оруулалт, хоёрт: Гадаад бодлогодоо тунхагласан гурав дахь хөршийн сонирхол, гуравдугаарт: Эдийн засгийн тусгаар тогтнол зөвхөн энэ салбарт л байдаг. Уул уурхайгаас өөр Монголд найдах юм үнэндээ байхгүй. Үүнийг монголчууд бүр 1911 онд, 1921 онд олж харж, төрийн баримт бичгүүдэд тусгасан байдаг.

Ийм болохоор байгаль хамгаалах санаачилгыг дор нь уул уурхайн эсрэг, энэ утгаараа барууны (буюу Орос Хятадын бус) хөрөнгө оруулалтын эсрэг, эцсийн дүндээ Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолын эсрэг үндэсний хөдөлгөөн болгон хувиргаж чадсан байна.

Эх орны эсрэг тэмцэнэ гэдэг тусгаар тогтнолыхоо эсрэг тэмцэхийн нэр. Тусгаар тогтнолын эсрэг тэмцэнэ гэдэг бол эдийн засгийнхаа эсрэг тэмцэхийн л нэр. Үүнийг монголчуудаар өөрснөөр нь хийлгэж чадаад байгааг харахад хавьгүй туршлагатай, ийм уламжлалтай өөр нэгэн хүчирхэг төрүүдийн л хийж чадах ажил гэмээр санагддаг юм.

Монголын төрийг XVII-XIX зуунд, мөн XX зуунд өөрсдийн тавьсан найдвартай хүнээр дамжуулан дээрээс нь жолоодох ажлыг Бээжин, Москвагаас ээлжлэн хийж байв. Харин XXI зууны орчин цагийн ертөнцөд, ардчилсан тогтоц, нийтлэг араншинд нь тааруулан Монголын төрийг доороос нь удирдаж, хүссэн шийдвэрээ гаргуулсаар ирсэн юм биш үү?

Яг нарийндаа, Хятадуудаас даалгавар аваад, Оросын талаас чиглэл сонсоод байгаа хүн монгол маягийн “түр засаг” дотор үгүй л болов уу? Харин сонирхогч талуудбидний үндэсний онцлог дээр л тоглосон байх магадтай. Монголчууд хардамтгай,учир нь дэргэдэх этгээд нь хэзээд урваж Жамух руу, Тоорил руу, нөгөө нам руу, иргэний хөдөлгөөн рүү дэгдээд одоход бэлэн. Ийм болохоор биднийг аливаа муу үг, урвалт шарвалтын тухай зохиолд итгүүлэх нь хялбар. Ямар ч монгол хүн “дарга нар тэгж урвасан байна”, “Тэр этгээд тэндээс мөнгө авсан” гэсэн үг сонсвол өчүүхэн ч эргэлздэггүй. Чухам энэ чанар дээр нь тоглолт явуулж, дотроос нь дайсан зааж өгч, хооронд нь алалцуулахад тун амархан. Яг л ийм сценариар өрнөсөн олон үйл явдлыг бид харж байна.

Үнэн хэрэгтээ Хараагийн Ноён ууланд байгаа Хүннүгийн булшийг манайхан хамгаалсан юм биш. Нарийн яривал булшийг ХХ зууны эхээр П.Козловын экспедици ухаад юмыг нь аваад явчихсан. Тийм л, булшны юманд л сэтгэл хоргодоод байдаг юм бол Санкт-Петер­бургийн Эрмитажаас бурхан болоочдын юмыг нэхмээр байлтай.

Харин энэ бол Монголд орж ирээд байгаа барууны (буюу Орос-Хятадын бус) хөрөнгө оруулагч канадуудыг хөөж байгаа процесс. Энд эх орноо гэсэн иргэд ба авлигач засгийн газар хоёр тулалдсан юм биш. Монгол дахь Орос-Хятадын сонирхол ба барууны хөрөнгө оруулагчдын сонирхол хоёр зөрчилдсөн юм. Үнэхээр ч саяхан ард түмний “төлөөлөл”-үүд нэгдэн Канадын Сентерра гоулд компанийн гадаа жагсаал хийж “Канадад л ямар ч байсан энэ ордыг өгч болохгүй. Орост(хятад гэж арай зүрхэлсэнгүй) бол болж байна” хэмээн улайм цайм мэдэгдсэн аж.

Түүнчлэн Монголын зүүн хязгаарт цацраг идэвхт бодис алдагдаж үхэр радиацид цохиулахаас хамгаалах хөдөлгөөн өрнөсөн юм биш. Монголд орж ирсэн Францын (буюу Орос-Хятадын бус) хөрөнгө оруулагчийг хөөх туух процесс болсон юм. Мөн тэнд эх орноо гэсэн сэтгэлтэй хэсэг монголчууд ба авлигад автсан төрийн албан хаагчид зөрчилдсөн юм биш. Монголын стратегийн түүхий эд болох ураныг Орос-Хятадаас өөр улсын гарт өгөх, өгөхгүйн асуудлаархи том гүрнүүдийн барилдаан болсон юм.

Бүүр тодорхой хэлбэл, монголчууд шударга ба шударга бусаараа, эрх баригчид ба ард түмнээрээ хуваагдаад тэмцэлдсэн юм биш. Оросын өмнөөс, Хятадын өмнөөс, барууны өмнөөс бие биеэ хэмлэлдэж, нэг нэгэнтэйгээ уралцаж байгаа юм, ямар вэ дээ!

АНЬЖ ЭХЭЛСЭН АЛТАН БОЛОМЖ

Бидний өмнө нэг мухардал, хоёр зам байна. Муугаас нь эхэлж мухардал юунд байгааг хэлье. Тэр бол энэ чигээрээ цаашаа явж болохгүй болсон байдал. Бидний бүтээсэн улс төр ба нураасан эдийн засаг хоёр хэтэрхий зөрөөтэй болсон. Эдийн засаг нь улс төрөө даахгүйдээ тулсан. Шулуухан хэлэхэд тусгаар тогтнолыг тэтгэх эдийн засаггүй болж байна гэсэн үг.

Зам гэхээрээ сайхан байдаг юм биш. Бидний тулж ирээд байгаа нэг зам бол аймаар муухай зам. Гэхдээ явсаар байгаад тулсан юмыг бодитой хараххэрэгтэй. Энэ бол эдийн засгийн тусгаар тогтнолоо бусдад даатган улс төрийн хувьд нөлөөний улс байдалдаа эргэн орох зам. Хүсэх юм биш, Зөвлөлтийн үеийн БНМАУ, Манжийн үеийн Гадаад монгол шүү дээ.

Монголын төрийг хүчгүй харагдуулах, шийдвэр гар­гах чадамжгүй байлгах, энэ чиг­лэлийн бүхий үйл явцыг дороос нь, ард түмний санаачилга хүсэл зориг байдлаар зохион байгуулах зэргийг агуулсан тусгай хөтөлбөр хэрэгжсэн хэрэг биш байгаа хэмээн хардмаар. Бас монголчууд хоорондоо алалдсаар залхаж, бие биеэсээ уйдаж, төрөө барьж дийлэхгүйгээ өөрснөө хүлээн зөвшөөрч, “нэгнийхээ гарт үрэгдсэнд орвол гадны хүнийг дагая” гэдэг уламжлалт шийдвэртээ эргэн хүрэхийг хүлээсэн явдал биш байгаа?

ЭЦСИЙН БУЮУ БОЛОМЖГҮЙ ШАХАМ БОЛОМЖ

Одоо үлдээд байгаа эцсийн ганц боломж нь эрх ашгийнхаа нийтлэгийг олж харан эрүүл ухаанаар төрөө жолоодох. Хэлэхэд амархан ч бүтэхэд хэцүү, учир нь энэ бол уучлах, бас дахин бие биеэ уучлах гэсэн үг. Мөн урвасан, урваж амжаагүй нөхдүүд хийгээдөмнө нь сүйд хийсэн этгээдээс өшөө авах санаагаа хойш тавих л гэсэн үг шүү дээ. Юун түрүүн “Би хонзогнохоо больдог юм гэхэд, тэр нөхөр хонзогнохоо болих уу”, “дэмий юманд итгээд сүүлд нь толгой цустах юм биш биз? …Гөлгөө яал аа” гэхчлэнгийн юм монгол хүн бүрийн санаанд бууна.Ингээд бодохоор амаргүй, маш амаргүй санаа. Улсаа тусгаар байлгамаар байдаг, бас гэнэдээд өөрөө өөрсдийнхнийхөө гарт үрэгдчихмээргүй байдаг. Мөн ч хяслаантай алхам байгаа биз.

Бид энэ сургамжийг ухамсарлан хүлээн авч чадах уу? Эсвэл ямар нэг зовлон гамшиг туулж, хохирлыг биеэрээ мэдэрсний эцэст мах цусандаа шингээж үлдэх үү, бурхан л мэдэх буйзаа.

Бидний сүүлчийн болом­жид хэр хугацаа үлдсэн нь тодорхойгүй.Их биш гэдэг нь л ойлгомжтой. Монголчуудын түүхэнд гарсан гурав дахь алтан боломж, бодит тусгаар тогтнолын зурвас ямар ч байсан төгсгөл рүү орж байх шиг байна.

Манжийн үеийн Монголыг ч, ХХ зууны Монголыг ч судлаачид “тоглоомын улс” хэмээн нэрлэж хэлдэг. Энэ цаг үе 1990 онд дууссан. Гэтэл бид тоглоом байхаас өөр оршин тогтнох дүрэм сураагүйн харгайгаар төрөө барьж тоглосоор ирнэ. Урдын БНМАУ бол тоглоомын улс, өнөөгийн Монгол бол тоглоомон улс. Уг нь ингээд байвал байсандаа ч яахав гэмээр. Гэвч бидний уртаашаа хоёр хөрш болох Орос ба Хятад иймэрхүү, дүрмээс гадуур, өөрөөрөө тоглож, өөрөөсөө бусгасан тоглоом дэргэдээ байхыг зөвшөөрөхгүй. Тоглоом ч гэсэн дүрэмтэй, галзуурахад ч дэс дараатай тул хөршүүд өөрсдийн дүрмийг тулгахаас өөр сонголтгүйдээ тулна.

Ернь бол бидний 25 жил мөрөөдсөн “гуравдагч хөрш” энээ тэрээ бол тэмбэржүржиг болсон шүү дээ, мэдсэн үү, үгүй юу? Хамгийн сүүлчийн “гуравдагч хөрш” Капла сая шоронгоос гарсан. Шоронд орлоо орлоо гэхэд заавал энд ирж манай шоронд орохыг хэн л хүсэх билээ. Хөрөнгө оруулагчдын зөвлөлгөө, уул уурхайн уулзалт энэ тэрийг бол одоо барууныхан болхидуухан хавх, бүдүүлэг урхи гэж харж байгаа.

Одоо бурханаас өөр найдах юм бараг л үлдсэнгүй…

Эх сурвалж: www.dnn.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.