Дээр нь хөх тэнгэрээс өөр замгүй Үндсэн хуулийн Цэц ийнхүү шийдвэр гаргасанд Х.Тэмүүжингийн хамтрагчид ихээхэн бухимдалтай байгаа. Тэр бүү хэл, тэд Цэцийн шийдвэрийг ил далдаар шүүн буруутгаж байгаа нь нууц биш. Ийнхүү Цэцийн дээр оршихийг “санаархаж” байгаа хүн бол ШЕЗ- ийн дарга Н.Лүндэндорж. Тэрбээр Үндсэн хуулийн Цэцээс гаргасан энэ дүгнэлтийн талаар илт буруутгасан агуулгатай мэдэгдэл хийж, хэвлэлд ярилцлага өгч байгаа нь Цэцийнхний дургүйг хүргэсэн бололтой. ШЕЗ- ийн дарга Н.Лүндэндоржид хаягласан сануулгыг Үндсэн хуулийн Цэцийн дарга, академич Ж.Амарсанаа хүргүүлээд байна. Өөрөөр хэлбэл, Цэцийнхэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийг Үндсэн хуулийг дээдлэхийг санууллаа. Цэцийн дарга Ж.Амарсанаа Н.Лүндэндоржид явуулсан албан бичигтээ “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 2015 оны нэгдүгээр сарын 30-нд 01 тоот тогтоол гаргаж, Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосон билээ. Энэхүү тогтоолыг үндсэн эхээр нь танайд явуулсан болно. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Та болон танай ажилтнууд телевиз, радио, хэвлэлд удаа дараа ярилцлага өгөх, цахим сүлжээгээр тараах, хэвлэлийн бага хурал хийх түүгээр үл барам шүүгчдээр хэлэлцүүлэг хийх зэргээр Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр буруу гарсан мэт, түүнийг биелүүлэхэд бэрхшээл их байгааг тоочсон мэдээлэл цацсаар байгааг бид анхааралтай ажигласаар байна. Танд Үндсэн хуулийн эрх ашгийн үүднээс урьчилан сануулж байгааг үүгээр уламжилж байна” гэжээ. Үнэндээ Үндсэн хуулийн Цэцийнхэн бүтэн гурван ч сарын хугацаанд ШЕЗ-ийнхнийг харсны эцэст буюу тэвчээр алдахдаа сануулга хүргүүлж байгаа нь энэ.
Өнгөрсөн хугацаанд Цэцээс гаргасан шийдвэрийн талаар ШЕЗ-ийнхөн хэдэн удаа хэвлэлийн хурал хийж, хэдэн ч телевиз, сонинд буруутгасан агуулгатай ярилцлага өгснийг хуруу даран тоолбол багагүй тоо гарна. Ганцхан жишээ тахатад, ШЕЗ- ийн дарга Н.Лүндэндорж Цэцийн шийдвэрийн талаар “Монголын шүүхийн одоогийн шинээр зохион байгуулсан Шүүх байгуулах тухай хуулийг Цэц бараг бүхэлд нь хүчингүй болгочихлоо. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг зөв буруу гэдэг талаар юм хэлэх ёсгүй. Харин ямар ноцтой үр дагавар үүсгэж байгааг хэлэх ёстой. Бид одоогоос 7-8 сарын өмнө давж заалдах шатны есөн шүүхийг аймгуудад байгуулаад, шүүгчдээ нүүлгээд орон сууцыг нь заруулаад, очсон газар нь орон сууц авахуулаад, дэмжлэг үзүүлээд нүүлгэн шилжүүлсэн. Одоо буцаад нүү, авсан байр сууцаа зар, ирсэн газраа шинэ байр сууц худалдаж ав гэх эрх байхгүй. Энэ их зардлыг хямралтай үед Монголын төр даах уу үгүй юу гэдэг асуудал үнэхээр хүнд. Энэ бол ШЕЗ- ийн гишүүдийн толгойг өвтгөсөн сөрөг үр дагавартай ажил.
Тэгээд ч 2015 оны төсөвт нэг ч төгрөг тусаагүй. Иймээс үүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн бололцоо одоогийн шүүхийн төсөвт байхгүй. Үүнийг Үндсэн хуулийн Цэц их нухацтай авч үзэх ёстой асуудал” хэмээсэн. Хэн ч сонссон энэ нь “Цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй” гэсэнтэй агаар нэг тайлбар. Аливаа улс оршин тогтнохын үндэс нь хууль гэж хэлж болно. Тэр дундаа бүх хуулийг “эцэг” гэгддэг Үндсэн хууль бол бидний баримталж явах гол чиг баримжаа. Нэг ёсондоо, Монгол Улсын гурван сая иргэнийг эмх замбараа, эв зүйтэй амьдруулахын тулд Үндсэн хуулийг бий болгосон ч гэж хэлж болно. Тэр дундаа Үндсэн хуулийн хэлбэртгүй дагаж байгаа эсэхийг хянадаг Цэцийн шийдвэрт хэн дуртай нь тайлбар хийж, буруутгах эрхгүй гэдгийг ийнхүү харууллаа.
Эх сурвалж: www.unen.mn