Comment.mn

О.Магнай: Ерөнхийлөгч үндэсний зөвшилцөлд бүгдийг уриалах түүхэн цаг үе ирээд байна


-Эдийн засгийн  хүндрэлтэй энэ үед улсаараа тоглочих болов уу гэсэн айдас надад байна-
 Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнай ажлаа хүлээлгэж өгснөөсөө хойш  сураг тасарсан гэхэд болно. “Түүнийг  нөхөдийнхөө хамт нам байгуулах гэнэ”. “Хавар боллоо, О.Магнай дахин  гудамжинд гарч жагсах уу” гэх мэт мэдээлэл зарим олон нийтийн хэвлэл  мэдээллийн хэрэгсэлд гарсан  байхыг олж харсан юм.  Цагаан хоолой барьж, жагсаал тэмцэл өрнүүлж олон нийтэд танигдсан  тэмцэгч залуу хаана, юу хийж явна вэ. Гавьяат жүжигчин  С.Жавхлан хэсэг нөхөдийн  хамт  төрийн удирдлагуудыг халз мэтгэлцээнд  дуудахад  очсон сураг гарч байв. Түүний талаарх мэдээлэл,  нийгмийн өнөөгийн нөхцөл байдлын талаар О.Магнайтай уулзаж  хөөрөлдлөө.
-ШӨХТГ-ын даргын албан тушаалаа өгснөөс хойш сураг тасарчихлаа. Хаагуур юу хийж явна?
-Би  юм хийж бүтээх эд залуу насандаа явна. Гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлийн ажил хийж байна. Мөн нийгмийн шинэчлэлийн талын хүний хувьд Чингэлтэй  Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй өнгөрсөн 2 сарын хугацаанд 10 гаруй уулзалт хийсэн. Өөрөөр хэлбэл нийгмийн уур амьсгалыг хангалттай мэдэрч байгаа.
 -Дуучин С.Жавхлан  төрийн удирдлагуудыг мэтгэлцээнд дуудах үед таныг тэнд очсон гэж сонслоо. Тэнд чухам юу болсон юм бэ?
-Иргэний хөдөлгөөнийхөн “Мэтгэлцээн болно, ирж үг хэлээч” гэж хүссэн. Яг үнэн дээ юу болох гэж байгааг нь нарийн мэдээгүй Монголын олон нийтийн радио телевизийн байран дээр яваад очсон. Намайг оруулаагүй, үүднээс нь буцсан шүү дээ. Ийм л зүйл болсон.
-Энэ явдлаас болж Олон нийтийн телевиз гэсэн тодотголтой байгууллага иргэдийнхээ үзэл бодлыг илэрхийлэхэд дэмжлэг үзүүлэхгүй байна. Төр засгийнхны гар хөл болж байна гэсэн шүүмжлэл гарсан. Олон нийтийн радио телевиз байнга л ийм хэл аманд өртдөг газар?
-Санаж байвал би өнгөрөн жил УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар хуулийн төсөл санаачлуулж УИХ-д өргөн бариулсан. Энэ нь юу вэ гэхээр Олон нийтийн радио телевизэд иргэд сар болгон 1100 төгрөг төлдөг. Түүнийг болиулах хуулийн төсөл өргөн барьсан. Хэзээ тэр хуулийн төслийг хэлэлцэхийг нь мэдэхгүй байна. Өнөөдөр  техник технилоги хөгжсөн байна. Аль телевизийг нь  нийт иргэдийн хэдэн нь, гэр бүлийн гишүүдийн хэдэн хувь нь үзэж байна гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ямар нэгэн эргэлзээгүйгээр судлаад гаргаад ирэх боломжтой болжээ. Олон нийтээс  сар  бүр хурааж  авч буй тэр мөнгийг их хэмжээний мөнгө гэж боддог. Үүнийг ганц телевизэд өгөх бус иргэдийн үздэг эрэлттэй телевиз, сонинд  шударга зарчмаар хувааж өгөх юм бол  энэ нь эргээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл  ямар нэгэн бүлэглэлийн хараат байдлаас гарах эерэг үр нөлөөтэй юм болов уу гэж  хардаг юм. Ер нь Үндэсний телевиз аль ч цаг үед эрх баригчдын нохойд барьдаг мод  байсан. Өнөөдөр ч хэвээрээ л байна. Үүнийг  олон нийт бүгдээрээ мэдэж байгаа.
-Үндэсний телевизид очсон үйлдэл чинь  иргэний хөдөлгөнүүдийг дэмжиж байгаа  чинь харуулж байна. Мөн өөрчлөлт хийхээс бас буцахгүй байх шиг?
-Ер нь би нийгэмд өөрчлөлт хийхийг сүүлийн арван жил ярьж, явж буй хүмүүсийн нэг. Та нар ч мэдэх байх. Үнэхээр өөрчлөлт гэдэг зүйл хэрэгтэй байна. Хамгийн сүүлийн судалгааргаар нийгэмд эрс өөрчлөлтийг 70 хувь нь хүсчээ. Энэ нь юуг харуулж байна гэхээр манай нийгэм тогтворгүй тал руугаа явж байна гэсэн үг.  Тогтворгүй байдал руу оруулаад байгаа энэ байдалд иргэд гэхээсээ илүү төрөөс хамаарсан нөхцөл байдалтай  болсон. Тэгэхээр төр нь өнгөрсөн 25 жилийн хугацаандаа дүгнэлт хийгээд  цаашдаа яах ёстой вэ гэдэг гарцыг олох ёстой. 25 жилийн турш явсан замаараа цааш явж болохгүй гэдгээ ойлгох цаг болсон.
-Энэ өөрчлөлтийг яаж, ямар хэлбэрээр хийх ёстой вэ. Олон хүн энэ тухай хэлж байна. Нэг л биш байна гээд л ярих юм. Гэвч гарцыг нь олж, харж чадахгүй байна уу?
-Өөрчлөлт хийх олон арга байна.  Монголд өнөөдөр  миний харж байгаагаар  ширээний ард бүгдээрээ сууж,  байгаад ярилцаад  тэр өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Бид 1921 онд хэн нэгнийнхээ амийг  хөнөөгөөгүй хувьсгал хийж чадсан. 1990 онд  цус гаргалгүй  хувьсгал хийсэн. Хүний  амиар биш  хоорондоо ярилцаад соёлтой хувьсгал хийж ирсэн  ард түмэн. Тийм туршлага, чадвар бий. Тэгэхээр өөрчлөлтийг  тайван  замаар хийх учиртай.  Ингэхийн тулд аль нэг нам фаркци гэж талцалгүй бүгдээрээ бие биедээ буулт хийгээд тайван ярилцах хэрэгтэй.  Дэлхийд хамгийн ядуу улсуудын тоонд Монгол зүй ёсоор орчихлоо. Үүнийг бүгдээрээ хүлээн зөвшөөрөх ёстой. Өнгөрсөн 25 жилийг манай танаа гэж ялгаад байх хэрэггүй . Аль аль талдаа бид хариуцлага ярих цаг болчихсон байна. Үүнийгээ ярилцаад шийдэлд хүрэх замаа, гарцаа олох нь чухал. Бид хамтдаа асуудлаа шийдээд явбал Монгол Улсад хэрэгтэй юм . Зарим нэг нөхөдүүд телевиз, радиогаар зэвсэгт тэмцэл гээд ярьж байна. Ийм зүйл ярьж,тоглож болохгүй л дээ. Монгол бол жижиг улс. Жижиг улсаар яаж тоглож болдгийг  хамгийн ойр байгаа Украины жишээ бидэнд хангалттай харуулж байна. Зэвсэгт тэмцэл рүү улсаа яавч оруулж болохгүй. Зэвсэгт тэмцэл гэж ярихын ч хэрэг байхгүй. Аливаа зүйлийг ярьж, хэлсэн ч хэмжээ хязгаар үндсэний эрх ашиг гэж байх ёстой.
-Яагаад  ширээний ард суух хэрэгтэй болчихов?
-Ширээний ард сууна гэдэг нь үндэсний зөвшилцөлд хүрнэ  гэсэн үг. Түрүүн би хэлсэн. Засгийн эрхийг барьж байгаа нам , сөрөг хүчин. Дээрээс нь гудамжинд  өөр дуу хоолойтой нөхдүүд байна. Энэ тэнд  маш олон  бүлэглэл үүсч байгаа дуулдаж  байна. Тэр бүгдийн төлөөлөл ширээний ард суух юм. Тэд ер нь юу хүсээд байгаа юм бэ. Гарц юу байна гээд ярилцах ёстой. Энд  төрөөс их буулт хийх хэрэгтэй. Төр  буулт хэр хийхээс  хамаарч  цаашдын зам харагдана л даа.
-Иргэдтэй  уулзаад  явж байхад нийгмийн уур амьсгалыг мэдэрсэн гэж та түрүүн хэлсэн. Энэ тухайд …?
  -Өнөөдөр ирээдүйдээ итгэх, Монголын хөгжилд итгэх итгэл ард иргэдийн дунд байхгүй болчихжээ.  Улс орны хөгжлийн  хамгийн суурь үндэс нь  иргэн  нь ирээдүйдээ итгэлтэй байх ёстой.  Гэтэл өнөөдөр тийм итгэх итгэлтэй хүн бараг алга. Ирээдүйдээ итгэх итгэлтэй хүн байхгүй болно гэдэг бид ухарч буйн шинж.  Байшин барьж болно, зам тавьж болно. Энэ бол хөгжил биш. 2009-2010 онд нүүрсний үнэ өссөн. Түүний ачаар  Улаанбаатар хотын төвд хэдэн  шилэн байшинтай боллоо. Хөгжил гэдэг чинь  хувь хүний  соёл, чадамж, зөв үйлдлээс эхлэх ёстой.  Гэтэл жирийн монгол хүн гудамжнаас олсон зүйлээ  өөрийнхөө юм гэж үздэг моралийн хэмжээнд оччихлоо. Тэгэхээр бүх юм  хөгжих биш ухарч байгаагийн дохио.
-Жирийн иргэн битгий хэл,  төр түшилцэж буй зарим хүнээс өөрийн гэсэн үнэт зүйл,  эх орноо гэсэн сэтгэл үнэртэхгүй байна. Манлайлагч, тэргүүлэгч нар яагаад төрөхгүй байна вэ?  
-Монголд тийм хүмүүс байгаа.
-Байгаа юм бол тэд яагаад  ажиллахгүй, хийж чадахгүй байгаа юм бэ. Улс орны хөгжил ийм байдалд орох байсан уу?
-Хийж чадах чадахгүй дээ гол нь биш. Өнгөрсөн  хорин  хэдэн жил бий болгосон тогтолцоо чинь тийм хүнийг гарч ирэх боломжийг өөрөө хаачихсан юм. Үндсэн гэгдэх намуудын конвейр. Конвейр гэж мэднэ шүү дээ. Дээр нь  юм тавчихаар урсаад явчихдаг. Түүн дээр гарчих юм бол төр рүү  очих боломж  л хүн болгонд харагдаж байна. Энд чадвар чансаа гэхээсээ илүү тэр конвер дээр суучъя гэсэн хүн олон болчихлоо.1990-ээд оны үед бизнес хийгээд баяжъя гэсэн хүн олон байсан. Өнөөдөр бол төр рүү орчихъё, нам руу оръё гэсэн хүн олон болчихлоо.
-Та ч гэсэн тэр конверийг ашиглахын тулд бусад нөхөдийнхөө хамт нам байгуулах гээд яваад байгаа юм биш үү. Та  ямар нэртэй нам байгуулах гэж байгаа юм бэ?
-Хэвлэлээс энэ тухай олж харсан юм байна. Би нам байгуулахгүй. Тийм зүйл  огт байхгүй. Монголд өнөөдөр юу хэрэггүй, нам хэрэггүй. Хангалттай олон нам байна. Харин Монголд  улс эх орноо гэсэн жаахан сэтгэл хэрэгтэй байна. Улс төрийн намуудыг бүгдийг нь тараагаад шинээр бүртгэх нь бий болчихсон зүйлээс гарах гарц байж болох юм гэж би харж байна.  Тереза эхийн тухай хүн бүр л мэднэ. Энэ хүн нэгэнтээ “Би дайны эсрэг тэмцэхгүй ээ. Энхтайваны  төлөө бол тэмцэнэ” гэж хэлж байсан удаатай. Тэр үгийг би сайн ойлгоогүй явсан юм. Өнөөдөр нөхцөл байдал ойлгуулж байна. Нэг зүйлийн төлөө эсвэл эсрэг явна  гэдэг хоёр  өөр ойлголт юм гэдгийг. 1990 онд Ардчилсан хүчин байгууллагдахдаа эхлээд гайхамшигтай хувьсгал хийсэн. Түүнийг бол хүлээн зөвшөөрнө. Дараа  нь МАХН (одоогийн МАН) гэсэн бүтэцийн эсрэг  бүгдээрээы нэгдье гээд  нэг намын эсрэг дэндүү олон бүлэглэл цугларчихсан. Тэдэн дунд үзэл санаа зарчим өөр хүмүүс бий. Тэгээд  нэг нам гэсэн нэрийн дор цугларчихаар нам гэдэг тэр үнэт зүйл байхгүй болчихсон. Хэрэв намуудыг тараагаад шинээр бүртгэлээ гэхэд миний харж байгаагаар АН-аас 4-5 нам гарч болох юм. МАН-аас 2-3 нам гарах байх. Энэ нь  арай зөвүүд нь нэг талдаа гараад буруу нь нөгөө талдаа гарч ялгарна гэсэн үг . Ингэвэл иргэдэд сонголт хийх  боломж болох юм болов уу гэж харж байгаа юм. Үүнийг хийхийн тулд өнөө л миний яриад байгаа үндэсний зөвшилцөл  асуудлыг шийдэх ёстой.
-Тэгвэл бидэнд ямар зам байна. Боломж байна уу?
 -Ерөөсөө л хоёр зам байна. Гудамжинд олуулаа цуглаад төр рүү шахалт үзүүлээд төр түүнийг нь хүлээж аваад хэрэгжүүлдэг нэг арга байна. Аль эсвэл төр нь өөрөө ухамсарлаад бүгдээрээ ярилцъя гэж хэлэлцээд тэндээсээ шийдвэр, шийдлээ гаргаад цаашаа явдаг.1990 онд яасан бэ гэвэл төр нь буулт хийсэн, иргэд ч олуулаа цуглаад аль аль  нь нэг цаг үед тохиосон учраас  цаашаа зөв явсан. Өнөөдөр  төрийн эрх барьж буй нам, сөрөг хүчин аль аль нь  хүчтэйгээ үзэх гээд  хоорондоо тэмцэл явуулаад байна. Ингэх юм бол  яваандаа Украины эмэгнэл бидэнд ойрхон болно. Украин 2013-2014 онд нэг иймэрхүү л байсан. Би маш сайн санаж байна.
-“Саус гоби сэндс” компанийг удирдаж байсан Жастин  Капла нарт уучлал үзүүллээ. Гэтэл тэд суллагдаад явсан, компани нь 35 тэрбум төгрөгийг Монголд төлөхгүй гээд давж заалдчихлаа. Олон л хүн байр сууриа илэрхийлж байна?
-Жижиг улсын зовлон их. Тэр тусмаа манайх шиг хоёр том хөрштэй.  Гурав дахь хөршийн бодлого гээд стартегидаа тусгачихсан, ийм орны хувьд их хэцүү. Жастин Капла гэдэг хүнийг  суллаад явуулахад хэн дуртай байх вэ. Ерөнхийлөгчид ч гэсэн ямар дарамт ирсэнийг би төсөөлж л байна. Адилхан монгол хүн  хоригдож байхад гадаадын иргэнийг  явуулахад дуртай Ерөнхийлөгч ч гэж хаа байхав. Энэ бол их гүрэн иргэнээ яаж хамгаалдагийн л  нэг жишээ. АНУ нь хичнээн муу харилцаатай улс  байсан ч  иргэнээ шоронд үлдээдэггүй соёлтой улс. Тэгэхээр юу гэж Жастин Каплаг АНУ Монголын шоронд байлгах вэ дээ. Бид өнөөдөр АНУ биш, Монгол байхгүй юу. Эхлээд бид  жаахан хүчтэй болох ёстой. Хүнээр бол гурван настай хүүхэд гэсэн үг.. Иймэрхүү зүйл дахин бий болгохгүйн тулд яах ёстой вэ. Бид хүчирхэг л болох ёстой. Жижиг улс ч хүчирхэг болдог олон жишээ байна. Катар улс их жижигхэн. Тэгэхэд Ойрхи Дорнодод бодлого тодорхойлж байна. Саудын Арабтай энэ зэрэгцээд байж байна. Өөрсдөө, өөрсдийгөө  зөв таниад, зөв хөгжиж чадвал хүчирхэг болоод ирнэ. Тэр цагт бодлого тодхойлоход оролцож болдог. Өнөөдөр бид Катар биш. Бид бусдаас дэндүү хамааралтай байна.
-Хавар боллоо. Та  гудамжинд гараад жагсах уу?
-Надтай уулзсан хүн бүр ингэж асууж байна.
-Таныг төрийн ажлаа өгсөн болохоор ямар нэгэн тэмцэл өрнүүлж жагсах байх гэсэн хүлээлт байх шиг байна?
-Жагсвал жагсаж болно. Түүн шиг амархан зүйл байхгүй. Гэвч жагслаа гээд асуудал шийдэгдэхгүй. Эдийн засгийн  хүндрэлтэй энэ үед улсаараа тоглочих болов уу гэсэн айдас надад байна. Гэхдээ заавал жагсаад  гудамжинд үймээн тарихаасаа өмнө ширээний ард ярилцаад шийдчихвэл зүгээр.
-Ширээний ард нэгдэж суугаад таны ярьж буйгаар ярилцах чадвар ёс зүйтэй хүн хэр  олон байна вэ.  Төр барьж байсан нам,сөрөг хүчин, иргэний хөдөлгөөнийнхөн  ширээний ард асуудлыг шийдье гээд уулзаж байсан санагдах юм. Тэгээд шийдэгдсэн зүйл байгаа юм уу?
-Тэр бол  арай өөр асуудал. Одоо  нийгмийн үндэсний зөвшилцөл  хамтраад асуудлыг нэг санаагаар ярилцаж шийдэлд хүрнэ гэсэн үг. 2016 оны  УИХ-ын сонгуулийн дараа  юм яаж өөрчлөгдөхийг  бид мэдэхгүй.  Ер нь нүүрс, зэсийн үнэ өсөхгүй бол  Монголд  юу ч өөрчлөгдөхгүй байна. Ийм л хэмжээнд бид хүрчихлээ.  Хүн болгон л нүүрс зэсийн үнэ ярьж байна. Энэ үнэ хэдийгээр  өөрчлөгдөхгүй байсан ч Монголд ямар нэг зүйл өөрчлөгддөг байх ёстой.
Энд Ерөнхийлөгчийн оролцоо хэрэгтэй . Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгч бүх ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Иймэрхүү цаг үед Ерөнхийлөгч өөрийнхөө үндсэн эрхийн хүрээнд уриалга гаргах эрхтэй. Улс төрийн бүх нам хүчнүүд болон ард түмэнд хандах ёстой. Хэрэв тэр үндэсний зөвшилцөлийг хийж чадахгүй юм бол нийгмийн бухимдал даамжирах болно. Ерөнхийлөгчөөс өөр  үндэсний зөвшилцөлийг  зохион байгуулах хүн Монголд  байхгүй.
 -2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?
 
-Зүгээр шүүмжлээд сууна гэдэг миний хувийн зан чанартай тохирдоггүй зүйл. Тэгэхээр боломж байвал үйлдэл мэдээж хийнэ.
Г.Дэлгэрцэцэг
“Өдрийн сонин”

Эх сурвалж: www.dnn.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.