Төрийн хариуцлагагүйгээс болж нөөцийн мах худалдаанд гарах боломжгүй болсон талаар албаны эх сурвалж мэдээллээ. Уг нь өдийд нөөцийн мах худалдаанд гарчихсан байх ёстой ч төр гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс нөөцийн мах худалдаанд гарах боломжгүй дарагдчихаад байгаа аж.
Эдийн засгийн хямралтай, иргэдийн нуруун дээрх ачаа асар хүнд болсон энэ үед нөөцийн мах худалдаанд гарахгүй байна гэдэг ямар хүнд тусах нь ойлгомжтой. Хоногийн хоолоо залгуулах гэж өдөр өдрийн хүнсний зүйлээ дэлгүүр худалдааны төвд бичиг баримтаа тавин байж авч байгаа иргэдэд үнэтэй махнаас сонголтоо хийхээс өөр зам үлдсэнгүй бололтой.
Угтаа гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахын тулд Монголбанкний санаачлагаар Засгийн газраас нөөцийн мах бэлтгүүлэх шийдвэр гаргасан. Үүний үр дүнд өнгөрсөн хоёр жилд махны үнэ харьцангуй тогтворжсон гэж учир мэдэх хүмүүс онцлоод байгаа.
Энэ жил зорилтот бүлэгт хүргэх нөөцийн мах бэлтгэх дөрвөн компани, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, ОБЕГ, МХЕГ-тай гэрээ хийсэн. Дөрвөн компани Улаанбаатарт 12 мянган тонн, Дарханд нэг мянган тонн мах бэлтгэчихсэн. Гэрээнд нөөцийн мах бэлтгэхэд шаардагдах зардлын нэг кг-ийг нь 1000 төгрөгөөр тооцож, Засгийн газраас олгохоор заачихсан байгаа аж. Гэтэл гэрээ байгуулсан компаниуд ажлаа хийгээд эхэлчихсэн байхад өнөөх үйл ажиллагааны зардал болох 1000 төгрөгийг оны заагдаар төсвийн тодотголоос хассан байна.
Хамгийн хачирхалтай нь компаниуд махаа бэлгэж байхад энэ тухай огт яриагүй, мэдээлээгүй өнгөрсөн аж. Улмаар өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас “Нөөцийн махны зардлын мөнгө төсвийн тодотголоор хасагдсан тул гэрээнд өөрчлөлт оруулая” гэсэн саналыг тавьжээ.
Үүгээр ч зогсоогүй эдгээр компаниудад төрийн зүгээс өнгөрсөн жилийнхээ тал мөнгийг өгөөгүй байгаа нь асуудал үүсгээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, урьд жилийнхээ санхүүжилтийг авч чадаагүй компаниуд ажиллахад хүнд болсон байна.
Махны үнэ өссөн хомсдол үүсч мэдэхээр байгаа энэ үед Хүнс, хөдөө аж ахуйн яам санаачлага гаргаж шийдвэрт хүрвэл нөөцийн мах бэлгэгч компаниуд махаа гаргах боломжтой болох талтай.
Нөгөөтэйгээр төр шийдвэртэй алхам хийхгүй байсаар байвал иргэд зах зээл дэх бөөний үнээс мянга гаруй төгрөгөөр хямд махаа авч чадахгүйд хүрэх юм.
Нөөцийх мах бэлтгэгч компаниудын хувьд өдгөө 40-80 тэрбум төгрөгийн мах хадгалж байгаа аж. Энэ мөнгөний 60 хувь нь тодорхой хэмжээний хүүтэй Монголбанкны зээл, үлдсэн 40 хувь нь арилжааны банкуудаас авсан өндөр хүүтэй зээл болохоор эдгээрээс болж нөөцийн мах худалдаанд гарч чадахгүй байсаар байна.
Ер нь төрийн зүгээс дотоодын аж ахуй нэгж, баялаг бүтээгчдээ хамгаалах бодлого барина гэж ам гарчихаад ингэж төмөр нүүрээ харуулах шаардлага байсан уу?
Үүний цаана эдгээр компаниуд оршин тогтноход хүнд болоод зогсохгүй ард иргэдийн нуруун дээрх ачаа улам л хүндэрсээр байна шүү дээ.
Цаашлаад дуусаагүй барилгыг царцаадагтаа адилхан махыг удаан хугацаагаар хадгалж, дарж болох болов уу гэдэг асуудал гарч ирнэ. Үүнийг хаа хаанаа бодолцохгүй бол тэнд олон тэрбумын мах дэмий дарагдаж, олон компаниуд, иргэд үүнээс болж хохирч үлдэх нь.
Адаглаад нөөцөлсөн махаа хадгалахаас эхлээд асуудал их байхад төр ямар ч арга хэмжээ авахгүй байгаад шүүмжлэлтэй байна хэмээн менежер дөрвөн компанийн зүгээс онцолж байгаа юм.
Эх сурвалж: www.24tsag.mn