МХЕГ болон ХХААХГ-ын 2015 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу төв, орон нутгийн МХГ-ын улсын байцаагч, аж ахуйн нэгж, байгууллагын зарим төлөөллийг оролцуулсан “Худалдаа үйлчилгээнд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөлтөд хяналт тавих нь” сэдэвт сургалтыг 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Энэ сургалт нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар батлагдсан “Мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журам”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөх аргачлал”-ын талаар анхан шатны мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд чиглэлээ.
Сургалтанд 21 аймаг, нийслэлийн МХГ-ын хүнсний чанар, стандартын хяналтын 136 улсын байцаагч, Хөвсгөл аймгийн 24 сумын мал эмнэлэг, үржлийн хяналтын 72 улсын байцаагч, хүнсний худалдаа эрхлэгч 184 аж ахуйн нэгжид онлайн хэлбэрээр, хүнсний худалдаа эрхлэгч 98 аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, “Хүнсний бөөний худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-ын төлөөлөлд танхимын хэлбэрээр зохион байгуулж, нийт 490 хүнийг хамрууллаа.
Хүнсний тухай хуулийн 10.1.1-д хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах; мөн хуулийн 12.1-д Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна гэж хуульчилсан.
Шинээр батлагдсан хуулиудад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь дотоодын хяналт болон зохистой дадлуудыг хэрэгжүүлэх бөгөөд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах нөхцөл байдал илэрсэн тохиолдолд түүнийг буцаан болон татан авах, тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хаанаас авсан, хаашаа өгсөн талаар бүртгэх замаар хүнсний бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн мөшгөх тогтолцоо, аюулын дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналтыг нэвтрүүлж, хүнсний сүлжээн дэх өөрт хамаарах үе шатанд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах ба шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлснээс хэрэглэгчид учирсан хохирлыг бүрэн хариуцах юм.
Хүнсний аюулгүй байдлын эрсдлийг бууруулснаар хоол хүнснээс шалтгаалсан хордлого, халдварт өртөх хүн амын тоо буурах төдийгүй хүнс үйлдвэрлэх, бэлтгэх, боловсруулах, савлах, шошголох, хадгалах, тээвэрлэх, худалдах, тэдгээрээр үйлчлэх, импортлох, экспортлох бүх үе шатанд тавих хяналт боловсронгуй болж, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн нийгмийн хариуцлага дээшилснээр Монгол Улсын “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д тусгасан хүнсний аюулгүй байдлын баталгаа хангагдах эрх зүйн орчин бүрдэнэ.
МХЕГ-аас зохион байгуулсан сургалт нь худалдааны газруудад Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон дотоод хяналтын чиглэлээр ААНБ, иргэдийн зайлшгүй эзэмших анхан шатны мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд ач холбогдолтой юм.
Худалдааны газарт дотоодын хяналтыг хэрэгжүүлснээр хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээс хэрэглэгчдийг хамгаалж чадна гэж үзэж байна.