Comment.mn

М.Алтанхуяг: Гэрийн нөхцөлд цөс угаах нь зөв биш

Бид эрүүл мэнддээ анхаарал хандуулах болсон ч хааяа хугацаа алдсан хойно нь өвчтэй гэдгээ мэдэх тохиолдол цөөнгүй гардаг. Сүүлийн жилүүдэд цөсний хүүдийн үрэвсэлээр өвчлөх хүмүүсийн тоо өндөр байгаа ажээ. Тиймээс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хэрхэн эрүүл байлгах зэрэг асуудлыг хөндөн “Топаз” Эмнэлгийн мэс заслын эмч М.Алтанхуягтай ярилцсанаа хүргэе.

 

-Цөсний үрэвслээр иргэд өвчлөх болжээ. Энэ өвчний гол шалтгаан юунаас болж байна?

-Ер нь цөс, цөсний хүүдийн үрэвсэл, цөсний чулуут үрэвсэл, янз бүрийн цөсний хүүдийн ургацаг үүсэх гол шалтгаан нь ахуйн дэглэмтэй холбоотой. Монголчууд эртнээс эрүүл ахуйн болон хүнсний дэглэмийн нарийн дэгтэй байсан. Өвөл, зуны улиралд ямар хоол идэх үү, юу хэрэглэх үү зэрэг тэр бүү хэл мацаг барих өдөртэй байсан. Ходоод гэдсээ бүрэн цэвэрлэх, цөсний үйл ажиллагаа, хоол боловсруулах замын үйл ажиллагааг дэмжих зүйлийг өөрийнхөө өдөр тутмын дэглэмээрээ зохицуулж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд хотжилт, өндөр хөгжилтэй зэрэгцээд хүнсний аюулгүй байдал алдагдчихлаа. Энэ нь ажил, амьдрал, хоолны дэглэм алдагдсантай холбоотой. Жишээлбэл, өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсан даа гэдэгтэй адил өглөөний хоолоо сайн идэх хэрэгтэй. Гэтэл манайхан эсрэгээрээ ажилдаа яараад “хоосон” гараад гүйчихдэг. Тэгээд өдөр, орой баахан идчихнэ. Хөдөлгөөний дэглэм алдагдсантай холбоотой хоол боловсруулах замын үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. Үүнтэй холбоотойгоор цөсний зогсонги-шил, цөс өтгөрөлттэй холбоотой үрэвсэлд өвчнүүд үүснэ.

-Цөсний хүүдийн чулуу хэрхэн үүсдэг вэ?

-Цөсний хүүдийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотой тэр доторх цөсний агууламж зогсонги-шил үүссэнээс үүдэн эрдэсүүдийн бөөгнөрөлөөс болж чулуу үүсч байгаа юм. Цөсний чулуут үрэвсэл нь манайд ерөнхий мэс заслын тохиолдож  нэлээд дээгүүр орох байр суурьтай өвчин болоод байна. Ихэвчлэн хүмүүс цөсний хүүдий авахуулах мэс заслыг хийлгэх гэж хандах болсон. Чулуун мөн л хоолны дэглэм алдагдсантай холбоотой үүсдэг. Үүсчихсэн байсан чулуу нь сувгаа очиж бөглөөд хурц хэлбэрээр өвдөж яаралтай мэс засалд орох нь элбэгшсэн.

-Тэгэхээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй. Хүндэрсэн хойно нь мэргэжлийн эмчид ханддаг болжээ?

-Манайхан урьдчилж оношлогоо хийлгэнэ гэж бараг л байхгүй. Харин сүүлийн үед эрүүл мэнддээ анхаарах болсон л дээ. Гэхдээ ихэнхи тохиолдолд хүндэрсэн хойно нь хандаж байж л мэдэж байна.

-Нүүр царай хүний дотор эрхтний толь гэдэг. Цөс үрэвссэнийг шинжих арга?

-Ерөнхийдөө өдвөлтийн шинж тэмдэг өгч эхэлдэг. Тухайлбал, баруун хавирганыхаа нумаар унжирч таталцаж өвдөх, баруун талын гар, дал, мөрөөр хүндэрч өвддөг. Мөн баруун гараа даахаа больж, баруун талын далны доогуур хатгуулдаг. Хоол ундны шингэц муудах, хоол идэх үед цангаах, ходоод, аюулхай орчмоор цангаах, дотор муухай оргих, арьс хуурайших, загатнах, эмэгтэйчүүдэд түлхүү ажиглагддаг хүзүү, нүүр сэвхдэх зэрэг шинж тэмдэг, зовиурууд илэрдэг.

-Энэ эрхтний гүйцэтгэх үүрэг нь?

-Цөс нь өөрөө хүний элэгнээс ялгараад цөсний ерөнхий цоргоор дамжиж 12 хуруу гэдэс рүү гарч байдаг. Гол үүрэг нь юу вэ гэхээр хүн хоол хүнсэндээ тос өөхний төрлийн зүйл идээд эхлэхээр тосыг задлахын тулд цөсний ялгаралт эрчимжиж 12 хуруу гэдэс рүү орно. Ерөнхий дөө хоол хүнсэн дэх тосны хэсгийг задалдаг. Тэгэхэд цөсний хүүдий дотроо цөс маань тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг. Хүн их хэмжээтэй тос өөхтэй хоол хүнс идэхэд жишээлбэл зуны цагт хорхог, өвлийн цагт бууз, ууцны махаа идэх зэрэг үед цөсний хүүдий агшилт өгч нөгөө агуулагдаж байсан цөсөө их хэмжээгээр шахаж гаргаж тосыг задлах үүрэг гүйцэтгэнэ.  Элэгнээс цөс байнгын ялгараад 12 хуруу гэдэс рүү байнгын нэг урсацаар их, бага хэмжээгээр гарч байдаг. Тэгэхээр хүүдий маань өөрөө агших энэ чадвараа алдаад ирэхээр цөс зогсонги, чулуу үүсч, хүүдийний үрэвсэл явагдаж эхэлнэ. Цөс нь өөрөө ихэнхидээ тос, өөхний төрлийн зүйлийг задлах үүрэгтэй. Дотроо нарийн ярьвал, ус болон эрдсээс агуулагдсан дотроо тийм тийм эрдэс байна гэсэн зүйл бий.

-Сүүлийн үед хүмүүс харьцангуй өөх, тосыг хэрэглээнээс хасах болсон. Гэсэн хэдий ч гурван цагаан хорыг хэрэглэсээр л байна. Энэ хэрэглээг яаж багасгах уу?

-Өөх, тосыг шууд хоол унднаасаа хасах нь хамгийн буруу асуудал. Жишээлбэл, манайхан цагаан хоолонд орж байна аа гэдэг. Цөс өвтгөөд байдаг гээд хүнсэнд хэрэглэж байгаа махныхаа өөхийг хүртэл аваад хаячихдаг. Зарим нь мах идэхээ болиод ирэхээрээ 2-6 сарын дотор цөсний хүүдийн чулуутай болчихсон байдаг. Энэ нь юуг хэлж байна гэхээр, нөгөө тос ялгарч орж ирсэн цөсний ялгаралт болон хүүдийн агших үйл ажиллагааг явагдах ёстой. Гэтэл тэр тос орж ирэх, тосыг задлах үйл ажиллагаа нь байхгүй болоод ирэхээрээ цөсний үйл ажиллагаа, цөс агших бүх проццес алдагдана. Үүнтэй холбогдуулан цөс чулуужих, ургацаг үүсэх, хурц үрэвсэл үүсэх зэрэг нь давхар явагддаг юм.

Цөс зогсонгишилт үүссэнээс холбогдуулан хоёрдогчоор элэгний архаг үрэвсэл, нойр булчирхайн архаг үрэвсэл сэдрэх талтай. Нэгэн нэгэн рүүгээ дамжих маягаар өвдөлтүүдийг өгч байдаг. Тэгэхээр манайхны яриад байдаг таргалахаас сэргийлэх, зуун хувь өөх тосноос татгалзая, судсанд холистерийн ихсээд цусны даралт ихсэх зэргийг ярьдаг боловч эсрэг утгаараа хоол боловсруулах талаасаа бас сөрөг нөлөө үзүүлдэг. Ерөөсөө л хоол, ундны нарийн дэглэм барьж, зохицуулах хэрэгтэй.

Гурван цагаан хор гээд байгаа сахар, давс хоёрыг ерөнхийдөө хорьж байх ёстой. Өөхний хэрэглээг монголчууд зундаа ерөөсөө хэрэглэдэггүй байсан. Дандаа цагаан идээгээр хооллож ирсэн. Харин өвлийн улиралд эрс, тэс уур амьсгалтай болохоор хүн өөхийг энерги болгон биедээ шингээж задлах маягаар өвлийн хүйтнийг давдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд өвөл, зун, хавар, намаргүй байнгын өөх, тостой хоол иддэг болсноос үүнийг хорих гэдэг зүйл яригдаад байгаа юм. Уг нь бүүр ор тас хорих биш тодорхой зохицуулалтай хүнсэндээ хэрэглэж байх хэрэгтэй гэсэн үг.

-Зөв хоололтын хамгийн ойлгомжтой дэглэм?

-Хүнд эрүүл, зөв хоололтын дэглэм байх ёстой. Хүн өдрийнхөө хэрэгцээний өөрт шаардагдах, зарцуулагдах энергиэ хүнсээрээ нөхсөн байгаа тохиолдолд орой хооллох шаардлага байхгүй. Хамгийн зөв хоололт өглөө хоолны үндсэн 40 хувийг өдөр 60 хувийг идчихээд орой маш хөнгөн маягаар хооллож байвал хүний бие эрүүл байна. Ингэснээр бодисын солилцооны эрчим бол сайн байдаг. Зөвхөн өөх тостой холбож ингэж ярьж байгаа юм.

-Цөсний хүүдий авах хагалгаа нь нээлттэй болон дурангийн хагалгаагаар хийгддэг. Энэ хоёр хагалгааны ялгаа?

-Ер нь бол цөсний хүүдий авах мэс засал нь  уламжлалт гэдэг нь нээлттэй авах аргыг хэлнэ. Энэ нь техник технологи хөгжөөгүй үед цөс чулуутах өвчний үед хүүдийг авах үндсэн арга байсан.

Гэтэл одоо дурангийн мэс засал хөгжиж эхэлсэнтэй холбоотой хамгийн анх Францад дурангийн мэс заслыг хийсэн. Харин Монголд 1994 онд анх удаа хийсэн л дээ. Одоо ерөнхий мэс засал анагаах ухааны хөгжлөө дагаад дурангийн хагалгаа руу шилжсэн. Дурангийн мэс заслын давуу тал нь маш их. Тухайн өвчинд хэвлий дээр нь шарх, сорви үүсдэггүй. Мөн өвдөх зовиур байхгүй. Эдийн засагт хэмнэлттэй. Тэгсэн хэрнээ өөрт бага зовиуртай өвчнөөсөө богино хугацаанд салж байгаа хэлбэр.

Нээлттэй мэс засал нь баруун хавирганы нум дагуу, хэвлийн голын шугамаар 15-20 см зүсэлт хийгдэж хэвлийн хөндийг нээж цөсний хүүдий авах хагалгааг хийдэг. Харин дурангийн хагалгаа нь 0.5 мм-ийн 4 нүх үүсгээд багажны тусламжтай цөсний хүүдийг авна. Энэ нь хамгийн их дэвшилтэд технологи юм. Дэлхий даяараа дурангын мэс засалд шилжээд байгаа.

-Топаз эмнэлгийн хувьд?

-Манай эмнэлгийн хувьд ерөнхийдөө мэс засал хийлгэж байгаа хүмүүсийн 35 хувь нь дурангаар хийлгэж байгаа. Өвчтнүүдийн өөрсдийнх нь хүсэлтээр “би нээлттэй хагалгаа хийлгэе” гэсэн тохиодолд нээлттэй мэс засал хийгддэг. Дурангаар бол манай эмнэлэгт цөсний хүүдий авах мэс заслаас гадна эрэгтэйчүүдийн төмсөгний судас өргөсөх, эвэрхий нөхөх, эмэгтэйчүүдийн бүх төрлийн хавдар, умайн болон дайврын, өндгөвчний үйл ажиллагаа алдагдсан киста буюу бүх төрлийн уйланхайг авах зэрэг дурангийн мэс засал хийгдэж байгаа. Мөн жирэмслэлт явагдахгүй байгаа тохиодолд хийгдэх мэс ажилбар түүнчлэн ерөнхий болон урологийн мэс заслуудыг хийгддэг.

-Монголчууд амнаас ам дамжсан яриагаар өөрсдийгөө эмчлэх гээд байдаг талтай улс?

-Манайхан эмийн санчид их ханддаг. Өөрийнхөө зовиурыг хэлэнгүүт эмчийн санч дур мэдэн эм өгчихдөг энэ хамгийн их аюултай. Ерөөсөө л шинжилгээ өгөөд нарийн мэргэжлийн эмчид хандах ёстой.

-Энэ өвчлөлийн насжилт хэр байна?

-Их залуужсан байгаа. Хамгийн залуу нь гэхэд 6-тай, 14 настай хүүхдүүд сүүлийн үед цөсний хүүдийн чулуутай. Чулуун чулуудаа бүр удчихсан олон тооны чулуутай болчихсон ирээд хагалгаанд орж байна.

– Гэрийн нөхцөлд цөсийг угаах аргыг ихэнхи хүмүүс хэрэглэх болсон. Энэ нь зөв үү?

-Гэрийн нөхцөлд цөсийг угаана гэдэг нь их эрсдэлтэй. Манайхан өөрсдөө дур мэдэн эм, тариа хэрэглэдэгтэй адилхан байхгүй юу. Тухайлбал, тухайн хүн өөрөө цөс өтгөрөлттэй эсхүл цөсний хүүдий хүзүү хэсгээрээ нугаралттай байна уу, үгүй юу? гэдгээ мэдэхгүй байж цөс угаах нь зөв алхам биш. Магадгүй чулуу үүссэн байвал угаасантай холбоотой цөсний хүүдийнийхээ сувгийг очоод таглачихдаг. Энэ тохиолдолд маш хүчтэй өвдөлт өгч цөсний хүүдий чинэрч яаралтай мэс засалд орох шалтгаануудын нэг нь болж өгдөг. Тэгэхээр заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд эход харуулаад цөсний хүүдийн чулуу байхгүй, цөс өтгөн байна уу, хоол ундны дэглэм алдагдалтай байна уу гэдгээ мэдэх хэрэгтэй. Тэрнийхээ дараа эмчийн хяналтан дор цөсөө угааж байвал маш сайн. Өөрсдөө дур мэдэж угаах нь буруу.

-Мэс засалд орохгүйгээр цөсний чулуугаа хайлуулах арга байдаг гэх. Энэ талаар?

-Цөс хөөх үйлдэлтэй эм хэрэглэхээр чулуу хайлуулаад бутраад гаргачихдаг гэдэг ойлголт байдаг. Энэ нь маш буруу ойлголт. Дэлхий дахинд хэрвээ цөсний чулууг хайлуулуулаад, бутлаад гаргачихдаг байсан бол цөсний хүүдийг авах мэс засал хийгдэхгүй. Тухайлбал, доргоны тос уувал цөсний чулуу хайлдаг гээд байдаг. Гэтэл нөгөө тос маань цөсний хүүдийг чулуутай байвал өвдөлт өгөх түлхүүр нь болж хурц хэлбэрт шилжүүлж өгч байна л гэсэн үг.

-Манай сайтын уншигчдад зориулан цөсөө эрүүл байлгах зөвлөмжийг хүргэвэл?

-Өөрт ямар нэгэн зовиур мэдрэгдвэл нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Тэрнээс амаа ам дамжсан яриагаар эм, тан хэрэглэгдэг хандлагаа болих хэрэгтэй. Амьдралынхаа хэв маягт тохируулан хоололтоо тохируулж энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх гол түлхүүр нь болно.  Хүн унтаж амраад өглөө эрт босоод хүндээр биеэ засч байх ёстой гэдэг. Ингэснээр бүх хураасан зүйлээ гадагшлуулж ходоод гэдэс, цөсний хүүдийний үйл ажиллагаа хоол боловсруулахад бэлэн болчихсон байж байдаг. Гэтэл бид нар тэрийг нь ажиллуулах шалтгаангүй өлөн явж байгаад өдөр, орой гэнэт их иддэг. Энэ нь цөс зогсонги-шилт өгч байгаад гэнэт агшилт өгдөг. Ингээд цөсний ритм буюу хоол боловсруулах зам нь алдагдуулах гол шалтгаан болдог. Тэгэхээр өглөө заавал зөгийн балтай ус, хөнгөн зууш идэж сурах хэрэгтэй. Жоохон юм идэхэд л цөсний хүүдийд агуулагдаж байсан өтгөрсөн цөсөө ялгаруулдаг. Ингэхээр нэг ёсондоо цөс угаалт явагдаж цөс өвчлөхөөс бүрэн сэргийлж чадна гэдгийг хэлье.

 

Ярилцсан: Х.Даваанаа

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.