Тэр бүү хэл Н.Энхбаярын эхнэр О.Цолмон хүртэл “Манай нөхрийг алахаар шийдсэн байсан юм билээ. Харин НҮБ-ын ерөнхийлөгч Бан Ги Мүн Ц.Элбэгдорж руу утасдаж болиулсан” гэж ярьж байсан удаатай.
Тэгвэл Н.Энхбаярыг шоронд хорих ажлыг гардан гүйцэтгэсэн хүн нь би биш Ц.Нямдорж гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө хэлэв. Энэ талаар Ерөнхийлөгч “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо маш тодорхой ярьсан нь олон хүний анхаарлыг татаж байна.
Тэрбээр “2001 онд Н.Энхбаяртай холбоотой 16 хавтаст хэрэг тухайн үеийн мөрдөн байцаах газраас АТГ-д ирсэн байдаг. Тэр үед Ц.Нямдорж Хууль зүйн сайд байсан. Тэр хэргүүд нь мөрдөгдөөд авлигалын хэрэг гэдгийг нь илрүүлээд АТГ- руу шилжүүлсэн. Ц.Нямдорж сайд байхад нь хэргийг нь илрүүлээд, боогоод дуусгасан юм. Түүнээс биш Ц.Элбэгдорж гарч ирээд хэрэг нээгээд шоронд хийчихсэн зүйл байхгүй. Харин ч Н.Энхбаярыг хэргийг шүүхээр хэлэлцээд зарим нь хүчингүй болгосон байдаг. Энэ хүнтэй холбоотой асуудлыг над дээр ярьж орж ирдэг хүн ер нь байхгүй. Нэг л хүн хааяа энэ хүний талаар ярьж орж ирдэг. Тэр нь Ц.Нямдорж. Ц.Нямдорж “Сүхбаатарын талбайн өмнөх өндөр хөх байшинд Н.Энхбаяр оролцсон 40 гаруй сая долларын асуудал байдаг. Үүн дээр гомдолтой хүмүүс байна. МАХН гэж заваан нам байна. Үүнийг дээд шүүхээс хасуул” гэх зэргээр ярьж орж ирдэг. Энэ хүмүүс өөрсдийнхөө боддог зүйлийг надаас шаардаж орж ирдэг юм. Түүнээс биш Н.Энхбаяртай холбоотой хэргийн хойноос хөөцөлдөөд байдаг юм байхгүй. Миний хувьд энэ хүнд хандсан нэг л зүйл байдаг. Тэр нь уучлал” гэв.
Ерөнхийлөгчийн хэлж буйгаар Н.Энхбаярыг шоронд хийсэн хүн нь Ц.Нямдорж болж таарч байна. Уг нь улс төрийн хүрээнийхэн Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж хоёрын хэн, хэнийх нь хөл гар энэ хэрэгт оролцсон гэдэг. Гэтэл Ерөнхийлөгч ганц Ц.Нямдорж руу хэргээ чихсэн нь ямар учиртай вэ. Уг асуултад Ц.Нямдорж юу гэж хариулах бол…
Эх сурвалж: www.24tsag.mn