Comment.mn

Өршөөлийн хууль мэндлэх сураг татварын орлогод нөлөөлөв

 

Үндэсний статистикийн хорооноос 2015 оны хоёрдугаар сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн тоон мэдээллүүдийг өчигдөр мэдээллээ. Уг мэдээллээр Монгол Улсын төсвийн алдагдал хоёрдугаар сард 185.3 тэрбум төгрөгт хүрч, огцом нэмэгдсэн байна. Нэгдүгээр сарын эцэст төсвийн алдагдал ердөө 12 тэрбум төгрөг байсан юм. Өөрөөр хэлбэл, нэг сарын дотор төсвийн алдагдал 173 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хоёрдугаар сард төсвийн орлого 754 тэрбум төгрөг, зарлага 930 тэрбум төгрөгт хүрсэн байна. Жилийн өмнөхтэй харьцуулбал, төсвийн алдагдал 93 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Ийнхүү алдагдал нэмэгдэхэд төсвийн зарлагын өсөлт орлогынхоос 11 пунктээр илүү байгаа нь нөлөөлсөн гэдгийг статистикчид дуулгалаа.

 

Өнгөц харахад ийнхүү зарлага хэт тэлсэнтэй холбоотойгоор алдагдал нэмэгдсэн байж болох ч үүний цаана “нуугдсан” бас нэг шалтгаан байж болох юм. Тухайлбал, Засгийн газраас татварын өршөөлийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлж, удахгүй батална хэмээн хүлээлт үүсгэсэнтэй холбож болох. Татварын өршөөлийн хуультай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн дунд хүлээлт үүссэнээр татварын орлого буурсан байх магадлалтай юм. Мэдээж төсвийн орлогын дийлэнх хувийг аж ахуйн нэгжүүдийн татвараас төвлөрүүлж буй хөрөнгө бүрдүүлдэг. Энэ утгаараа аж ахуйн нэгжүүдийн татварын орлого буурахад төсвийн орлого ч дагаад буурдаг жишиг бий.

 

Статистик мэдээллийг харвал татварын орлого өмнөх оны мөн үеийнхээс 2.9 хувиар нэмэгдсэн дүр зураг харагдаж байна. Гэхдээ энэ дотроо НӨАТ-ын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 37.9 тэрбум төгрөг буюу 21.1 хувь, орлогын албан татвар 16.4 тэрбум төгрөг буюу 10 хувь, гадаад үйл ажиллагааны орлого 7.0 тэрбум төгрөг буюу 16.5 хувиар тус тус буурчээ.

 

Засгийн газраас 2015 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр УИХ-д Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай болон Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан. УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоол буюу Эдийн засгийн идэвхжлийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд эдийн засгийн ил, тод байдлыг хангах хуулийн төслийг батлах асуудлыг тусгасан. Энэ дагуу Засгийн газраас Эдийн засгийн ил, тод байдлыг хангах тухай хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд уг хуультай холбогдуулан Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг батлах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Гэхдээ уг асуудал УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй байна.

 

Манай улс 2007 онд Татварын өршөөлийн хууль баталж байсан. Ингээд 2008 онд энэ хуулийн дагуу 2000 гаруй аж ахуйн нэгж өршөөлд хамрагдаж, 3 тэрбум гаруй төгрөгийн далд хөрөнгө ил болж байжээ. Гэхдээ энэ хууль хэт цөөхөн аж ахуйн нэгж буюу 2000 гаруй л аж ахуйн нэгжид үйлчилж, бусад нь хуулийн гадна үлдсэн гэдгийг эдийн засагчид шүүмжилдэг. Тийм ч учраас энэ удаад хуулийн төслийг дахин нэг удаа гаргаж, бизнес эрхлэгчдэд шинэ боломж нээж өгөх хэрэгтэй гэдгийг эдийн засагч Б.Лхагважав сүүлийн хоёр жил гарангийн хугацаанд онцолсон. Үүний үр дүнд 2014 оны хоёрдугаар хагасаас эхлэн Татварын өршөөлийн хууль мэндлэх тухай “шум” татвар төлөгчдийн чихэнд хүрэх болсон билээ.

 

Улс орнууд эдийн засгийн хүндрэл, хямралын үед аж ахуйн нэгжүүддээ татварын өршөөл үзүүлэх замаар эдийн засгаа дэмжсэн түүх олон байдаг. Энэ жишгээр манай улс ч бас 2007 онд Өршөөлийн хуулийг баталсан нь 2008, 2009 оны эдийн засгийн хямралыг даван туулахад чухал хувь нэмэр үзүүлсэн гэх нь бий. Гэхдээ цааш цаашдаа эдийн засгийн хүндрэл гэх нэрээр үргэлж ийм өршөөл үзүүлж болохгүй гэдгийг ч албаныхан болон судлаачид онцолдог. Нэг ёсондоо өршөөл үзүүлэх нэрээр томоохон компаниудын нуусан хөрөнгийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг.

 

Нөгөөтэйгүүр өршөөлийн хууль батлагдана гэх хүлээлт ийм байдлаар татварын орлогод нөлөөлөөд байвал хүндрэлийг даван туулахад сайнаар биш муугаар нөлөөлөхийг ч үгүйсгэхгүй. Ямартай ч Засгийн газар нэгэнт Эдийн засгийн өршөөлийн хуулийг өргөн мэдүүлсэн хойно ирэх хаврын чуулганаар аль болох хурдан батлуулах, эсвэл эргүүлэн татах хэрэгтэй болж байна.

 

Л.Дэлгэр

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.