Comment.mn

Тамирчин охины жинг нь хасах гэж байгаад аминд нь хүрлээ

 Тамирчин охины жинг нь хасах гэж байгаад үхэлд хүргэсэн ноцтой хэрэг гарлаа.  Уг хэрэг Дундговь аймагт гарсан бөгөөд тус аймгийн жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байсан 13 настай охин ийн харамсалтайгаар амиа алджээ. 

Нас барсан охин болох Г-г сумын төвд нагац эгчийндээ амьдарч байсан гэдгийг эх сурвалж хэлж байна.

Өдгөө зургаадугаар ангийн сурагч түүнд асран хамгаалагч болж байсан хүн нь ганцхан нагац эгч нь байжээ.

Талийгаач Г нь өнгөрсөн жилээс жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд маш шаргуу, хөдөлмөрч, дайчин хүүхэд байсан гэдгийг дасгалжуулагч хийгээд цуг бэлтгэл сургуулалт хийдэг нөхөд нь онцолсон байна.

13-хан настай том зорилт тавьсан талийгаач охины хувьд жүдогоор хичээллэж эхэлсэнээсээ хойш хэд, хэдэн тэмцээнээс медаль хүртэж ч байжээ.  Улмаар энэ удаад жүдо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох зорилготойгоор бэлтгэлдээ гараад байжээ.

Тус тэмцээнд оролцохоор Дундговь аймгийн 11 сумаас нийт 300 гаруй хүүхэд багачууд ирсэн байсан талаар албаны эх сурвалж онцоллоо. Харин харамсалтайгаар амиа алдсан охин  Эрдэнэдалай сумаас иржээ. Талийгаач охин 28 кг-ын жинд барилдахаар төлөвлөсөн бөгөөд тэмцээнд орох мэдүүлгээ ч тэгж өгчээ. Харин тухайн өдрийн 14.00 цагийн орчимд жинг нь үзэхэд 29.5 кг буюу 1.5 кг-аар илүү гарсан учир бэлтгэл сургуулалт, жин хасах бэлтгэлийг эрчимжүүлсэн нь энэ аж. Дасгалжуулагч багшийнх  нь хувьд жинг нь хасуулах зорилгоор нэлээд удаан гүйлгэж хөлөргөөд дараа нь матраасанд ороосон нь түүний аминд хүрэх гол шалтгаан болсон бололтой.

Эх сурвалжийн нотолж байгаагаар охины багш эхний мэдүүлгээрээ л худал хэлсэн байна. Тодруулбал, тэрбээр “Охиныг бэлтгэлээ хийж байхад дэргэд нь байгаагүй. Гадуур ажилтай яваад ирэхэд ийм хэрэг гарсан байсан” гэж мэдүүлсэн ч камерын бичлэгт охины дэргэд сууж байгаа нь нотлогдон үлджээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар охиныг матраасанд ороосноос хойш 10 гаруй минутын дараа гаргаж авахад аль хэдийн клиник үхэлд орчихсон байсан бөгөөд яаралтай тусламж дуудан, эмнэлэгт аваачсан ч  ийн амиа алджээ.
Одоогоор тус аймгийн цагдаагийн хэлтэс уг хэргийг шалгаж байгаа бөгөөд үхлийн шалтгааныг тодруулахаар шүүх шинжилгээний эмнэлэгт талийгаачийн цогцсыг хүргээд байгаа аж.

Мөн дасгалжуулагч багш М-ээс болон холбогдох хүмүүсээс мэдүүлэг аваад эхэлжээ.

Ер нь спортын багш дасгалжуулагчид тамирчдынхаа жинг эрчимтэй хасах зорилгоор янз бүрийн уламжлалт гэж болохуйц аргуудыг ашигладаг бөгөөд энэ нь тухайн тамирчиндаа ихээхэн хор хөнөөлтэй, бүр амь насанд нь хүрэх аюултайг энэ удаагийн хэрэг харуулж байна. Тиймээс мэргэжлийн дасгалжуулагч, багш сурган хүмүүжүүлэгч, тамирчид болгоомжтой байх илүүдэхгүй юм.

Эх сурвалж: www.24tsag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.