Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Саус говь сэндс” компанийн гүйцэтгэх захирал Жастин Каплаг өршөөх нь хүнд шийдвэр байлаа, эх орноо бодоод аргагүй ийм шийдвэр гаргалаа гээд “матрын нулимс ” унагах нь холгүй аашилж, мэдэгдэл энэ тэр хийгээд байлаа.
Монголын иргэд болохоор татварын асуудлаар ял эдлээд, хэдэн мянгаараа эрүүгийн хэрэг үүсгэгдээд байж л байна. Гэтэл гадаадын иргэн яллагдсан шүүхийн шийдвэр нь албажиж гарсан эсэх нь ч мэдэгдээгүй байхад уучиллаа. Нөгөө шударга, эрх тэгш байх зарчим Монгол хүнд л хамаагүй болж байх шиг байна даа, энэ төрийн үед.
Огт гэм зэмгүй хүнийг хилсдүүлж манай хууль хяналтынхан хориогүй нь мэдээж. Татвараас зугтаасныг нь илрүүлээд хорьсон шүү дээ. Ганцхан Каплаг суллавал гадаадын хөрөнгө оруулалт цутгаад, АНУ Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламж өгөөд гийгүүлнэ гэж үгүй. Тэгээд ч АНУ-ын тал Каплаг хорилоо гээд буцалтгүй тусламж олгох шийдвэрээ цуцлах гээгүй гэж мэдэгдсэн байсан.
Энэ хүнийг өршөөж болох ч татварыг төлүүсний дараа яагаад суллаж болоогүй юм бэ. “Саус говь сэндс” компани 35 тэрбум төгрөгийн татвар төлөх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдана гэдгээ мэдэгдээд гурав ч хоноогүй байхад суллана гэдэг дэндүү их яарсныг илтгэж байна. 35 тэрбум төгрөгийн татвараа төлөөд хохиролоо барагдуулах эцсийн шийдвэр гарсны дараа Төрийн тэргүүн ивээл хайраа хүртээвэл түмэн олон дургүйцэн хүлээж авахгүй. Улсыг хохиролгүй болгож, татвараас нуугдвал торгууль төлдөг юм гэсэн сэтгэлзүйг нийгэмд төрүүлэх байлаа. Одоо Каплагаа суллуулаад авчихсан компани 35 тэрбум төгрөгийг төлөхгүй гээд зарга хийсээр хэдэн оныг үдэж, замхрах юм бүү мэд.
Хуульч Б.Энхбаяр ерөнхийлөгчийг хууль бус шийдвэр гаргасан хэмээн Үндсэн хуулийн Цэцэд хандах гэж байна.Тэрээр “Гол үндэслэл нь Ерөнхийлөгч ч бай, жирийн иргэн хэн ч бай заавал дагаж мөрддөг дээд хэмжүүр, хана хэрэм бол Монгол Улсын Үндсэн хууль. Энэ бол чухамдаа Монголын ард түмний дээд эрх ашиг. Үүнээс давсан, гажсан хэний ч эрх ашиг хууль бус. Үндсэн хууль ёсоор “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш” байдаг. Энэ зарчим аль нэг орны иргэнд давуу, эсхүл алагчилж үйлчлэх зарчмыг хэнбугай ч гаргах эрхгүй. Нөгөө талдаа шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд төрийн ямар ч албан тушаалтан, иргэн хөндлөнгөөс оролцож нөлөөлөхийг хатуу хориглосон байдаг. Тэр ч утгаараа Ерөнхийлөгчийн уучлал үзүүлэх бүрэн эрх нэгэнт шүүхийн эцсийн шийдвэр гарч, гэм буруутай нь тогтоогдсон ЯЛТАН-д л хамаарч үйлчилдэг. Ерөнхийлөгч ялтанд уучлал үзүүлэх асуудлыг 2002 оны “Ялтанд уучлал үзүүлэх журам”-аар зохицуулдаг. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ж.Капла нартай холбоотой эрүүгийн хэрэг шүүхийн шатанд бүхэлдээ эцэслэн шийдвэрлэгдээгүй байх үед буюу иргэний хариуцагч давж заалдаад маргаан нь явж байх үед гол буруутай этгээдүүдийг уучилсан нь дээрх зарчмыг үндсээр нь зөрчсөн үйлдэл боллоо. Уучлах гэж ямар их яарсан юм бэ” хэмээн онцолж байна. Төрийн тэргүүн юуны учир агдав. Түүнд шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээх тэнхэл үгүй байсангүй гэж үү.
Ерөнхийлөгчийн уучлалаар өршөөгдсөн Жастин Капла суллагдаад төрсөн нутаг руу яаран явсан. Очсон даруйдаа ярилцлага өгчээ. Энэ эрхэм үнэхээр ноцтой асуудал хөнджээ.
Тэрээр” Би яг одоогоор “Саус говь сэндс” компанийн тодорхой хувийг эзэмшдэг. Монголын Ерөнхийлөгч биднийг өршөөж Монголоос явах боломжтой болонгуут би хувьцаагаа компани дахь хамтрагчдаа шилжүүлэхийг хүссэн. Гэвч хамтрагч маань миний хувийг хадгалж үлдэхийг хичээх учраас дэмий хэмээн болиулсан.
Энэхүү хэрэг явдал шүүхийн байгууллагад шинэчлэл болсон гэж бодож байна. Мөн иймэрхүү хэрэг дахин давтагдахгүй хэмээн үзэж байна. Монголын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл намайг шоронд оруулсан прокурорыг “Тэр эмэгтэй ямар нэгэн нөлөөнд автсан байх. Прокурор хэний нөлөөнд автсанаа хэлэх ёстой эсвэл хариуцлага тооцох болно” хэмээн хэлснийг сайн санаж байна. Намайг суллагдахад Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл болон Монголын зарим улс төрчид ч дэмжлэг үзүүлсэн” гэжээ.
Одоо байтлаа хуулийн байгууллагын мөрдөх, шүүн таслах үйл ажиллагаанд Ерөнхийлөгч дэндүү гүн хутгалдаж буруу зөв шүүснийг өөрийн үзэмжээр үнэлээд гадаадын нэг нөхөрт ийм амлалт өгдөг боллоо гэж үү.
Эх сурвалж: www.times.mn