Ийнхүү нийтлэлч Баабарын нийтлэлд “ховч хар” хэмээн бичигдсэн эрхмийг хэн болох тухай асуулт өрнөж байгаа тухай дурдсан. Тэгвэл Гадаад хэргийн сайдаар томилогдоод удаагүй байгаа Л.Пүрэвсүрэнг гэх хүн олон байна. Учир нь Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оны өмнөхөн яамныхаа 40 гаруй ажилтныг нэг өдрийн дотор тушаал гарган ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл цацагдаж байсан юм. Гэсэн хэдий ч энэхүү мэдээллийг тухайн үед Л.Пүрэвсүрэн үгүйсгэсэн байдаг. Эх сурвалжийн мэдээлснээр ийм үйл явдал болсон нь үнэн аж. Түүгээч зогсохгүй халаа сэлгээтэй холбоотой асуудлаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооноос ажлын хэсэг томилон нягтлан шалгахаар болсон байдаг юм. Ерөнхийдөө Баабарын “тодорхойлолт”-той тохирч байгаа нь ч Л.Пүрэвсүрэн сайд. Энэ талаар цахим ертөнцөд ч жиргээчид үзэл бодлоо илэрхийлж, “Л.Пүрэвсүрэн сайдыг ийм хүн гэж санаагүй”, Гадаад хэргийн яамны олон хүн хэлж байна, эхлээд үнэмшсэнгүй”,”ховч хар гэдэг нь мөн гэнэ” гэх зэргээр жиргэцгээсэн.
Харин нийтлэлч Баабар өмнөх сайд Л.Болдтой дотно нөхөрлөдөгтөө түүнийг өмөөрч дээрх үгсийг бичээгүй гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Л.Пүрэвсүрэн хувийн асуудлаас болж маргалдсан аж. Тиймдээ ч ийнхүү “ховч хар” хэмээн бичсэн байх гэсэн мэдээлэл байгаа юм.
Түүнчлэн энэ асуудалд Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатарын нэр ч байгаа юм. Б.Болдбаатар АН-ын “Зүүн хойд Ази” фракцийнх. Өөрөөр хэлбэл, өмнөх сайд Л.Болд, Баабар нарын фракцийнх гэсэн үг. Харин түүнийг Л.Пүрэвсүрэн явуулахыг хүссэнд Баабар эгдүүцэж, нийтлэлдээ “ховч хар” хэмээн түүхийг нь бичсэн гэх хардлага ч байна. Б.Болдбаатарын тухайд өмнө нь Харилцаа холбооны зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан нэгэн. Түүнчлэн 1996-1997 онд МСДН-ын ХЭГ-т нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Иймээс фракци хоорондын зөрчилтэй АН-ынхан энэ удаа ч бас хоорондоо асуудал үүсгэсэн байхыг үгүйсгэх аргагүй юм.
П.ТУУЛ
Эх сурвалж: www.info.mn