Эх сурвалж: www.dnn.mn
Монгол Улсын сайд М.Энхсайхантай ярилцлаа.
-Таван толгойн хэлэлцээрийн гурав дахь үе шат эхэллээ. Ер нь хэлэлцээр хэр амжилттай явж байгаа вэ. Шийдэлд хүрч тохиролцохгүй байгаа ямар асуудлууд байна вэ?
-Амархан хэлэлцээр гэж байхгүй. Хэлэлцээ хийгч талууд бүгд л өөр өөрийн эрх ашигтай, тэр олон эрх ашгийн тэнцвэрийг олно гэдэг хэзээ ч амар байхгүй. Анх хэлэлцээ эхэлж байх үетэй харьцуулбал маш олон асуудлаар ойлголцож тохиролцож чадсан. Засгийн газрын түвшинд Хөрөнгө оруулалтын болон Концессийн гэрээ байгуулагдах ёстой юм. Нийтдээ 350 орчим асуудлаар ярилцсанаас одоо гарын таван хуруунд багтах хэмжээний цөөхөн асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа. Айргийн тав гэдэг шиг хамгийн хэцүү асуудлууд нь үлдсэн.
Том төсөл, том мөнгө, том хөрөнгө оруулалт, 30 жилийн хамтын ажиллагааны тухай яригдаж буй тул судалгаатай хандах гэж талууд хичээж байгаа. Хөрөнгө оруулагч тал маань цаг хэрэгтэй байна гэдэг хүсэлт тавиад байна. Ялангуяа “Чалко”-той холбоотой өр төлбөр, гэрээний үүргийг хөрөнгө оруулагч тал өөр дээрээ авах асуудал эрх зүйн хувьд бэрхшээлтэй байж мэдэхээр байгаа.
-Яг ямар бэрхшээл юм бэ. Үүнээс болоод хэлэлцээр завсарласан гэж сонссон…
-Эрдэнэс таван толгой компаниар дамжуулж “Чалко”-гоос 350 сая ам.долларыг тухайн үед аваад “эх орны хишиг” болгон тараасан. Нүүрсний үнэ өндөр байхад боломжийн санагдаж ийм юм хийсэн байх л даа. Одоо бол нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Зах зээл дээр нүүрсний үнэ асар их унасан. Тиймээс “Чалко”-гийн өрийг төлж барагдуулж чадаагүй.
Одоо 150 сая орчим ам.долларын өр үлдээд байгаа. “Эрдэнэс таван толгой”-д 150 сая ам.долларын өрийг төлөхийн тулд 150 сая ам.долларын олборлолтын зардал гаргах шаардлагатай байгаа. За яахав өрийн учрыг олж болно гэж бодсон ч асуудлын гол нь “Чалко”-той байгуулсан гэрээгээр өрөө төлж дуусах хүртэл “Чалко”-д зүүн Цанхиас олборлосон нүүрсээ 100 хувь нийлүүлэх, өрөө төлж дуусаад дахин таван жил олборлосон нүүрснийхээ 80 хувийг нийлүүлэх гэрээ хийсэн юм байна.
Ээдрээтэй, бэрхшээлтэй асуудал бий. Шийдэл олох гэж хичээж байна. Чалкотой байгуулсан гэрээний үр дагаврыг сайтар нягтлахын тулд цаг хугацаа хэрэгтэй байгаа юм. Алдаа гаргавал манай Засгийн газар, Консорциум наад зах нь 50 сая ам.долларын торгууль төлөх, цаашилбал Хан ресурсын жишээгээр Олон улсын арбитрт дуудагдах магадлалтай байгаа.
-Таван толгойн хэлэлцээрийн дэд уулзалтуудын хүрээнд гарч байгаа хүндрэлүүд нь юу байгаа юм бол?
-Тусгайлан нэрлээд байх хүндрэл байхгүй. Асуудлаа нэг мөр ойлгох тал дээр бүтээлчээр ажиллаж байгаа гэж хэлмээр байна. Дэд ажлын хэсэг нь зөвхөн манай мэргэжлийн хүмүүсээс бүрдэж байгаа. Үндсэндээ хэлэлцээний бүхий л асуудлыг тэр хэмжээнд шийдвэрлэж чадаж байгаад би хувьдаа сэтгэл өндөр байна.
-Хэлэлцээрийн явцад манай талд олж авсан ололт нь байна. Яг юу юуг шийдчихээд байгаа тухай дэлгэрэнгүй хэлж өгөөч?
-Хэлэлцээр зөвхөн эцсийн үр дүнгээр л хэмжигдэнэ. Мега төсөл амжилт олно эсвэл шил мэт хагарч унана гэдгийг би олонтаа хэлж байгаа. Өөр сонголт байхгүй. Тийм учраас тэвчээртэй хэлэлцээрийн үр дүнг л хүлээх хэрэгтэй.
-Өнөөдөр “Эрдэнэс тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг баривчилсан нь хэлэлцээрт яаж нөлөөлөх юм бол. Таван толгой урагшлахгүй гэсэн үг үү?
-Ядаж байхад яр гэдэг дээ. Хууль хяналтынхан ажлаа хийж байна гэх л байх. Гадуур байцааж шалгах ажлаа хийж болдоггүй юм уу гэж хэлж, бичиж үзсэн, ноль. Энэ нь хэлэлцээрийн үр дүнд гэхээсээ илүү яриа хэлэлцээрийн уур амьсгалд таагүй нөлөө үзүүлэх байх. Манайхан ч үнэн худал баахан л цуурна. Уур амьсгалд муу нөлөөлнө гэдэг нь ойлгомжтой.
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэл ийн 267 километр төмөр замын асуудлаас болж Засгийн газар, УИХ-ын дунд ангал үүсчихээд байна гэдэг болгоомжлол бий. Энэ чиглэлд яг одоо юу яригдаж байгаа юм бэ. Үүнээс болоод ажил таг зогсох вий гэдэг хандлага байна…
-Төрийн институци хооронд том зөрчил үүссэн юм байхгүй. Мэр сэр улстөрчдийн ойлголтын зөрүүг дэвэргэх шаардлага байхгүй гэж бодож байна.
-Төмөр замыг тавьж, ашиглаад 30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх шаардлагыг манай зүгээс тавьж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй нэг хэсэг бий. Энэ тал дээр ямар шийдэлд хүрч байгаа вэ?
-Энэ бол шаардлага биш, уралдаант шалгаруулалтын болзол. Хөрөнгө оруулагчид манай Засгийн газрын 268 дугаар тогтоолд заасан нөхцөлүүдийг биелүүлье л гэж байгаа.
-Үндэсний компани нөлөөтэй хэвээр байж, гуравдагч зах зээлд нүүрсээ гаргана гэсэн том зорилго бий. Энэ зарчмаасаа гажихгүй биз дээ?
-Сая миний хэлдэг Засгийн газрын 268 дугаар тогтоолоор тогтоосон уралдаант шалгаруулалтын нэг болзол нь энэ. Түүнээс хазайх эрх надад байхгүй.
-Таван толгойг заавал УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай гэдэг зүйл ч яригдаж байна. Та өөрөө ямар бодолтой байгаа вэ?
-Засгийн газарт Таван толгой төслөөр Хөрөнгө оруулалтын гэрээ хийх, Концессийн гэрээ хийх эрх зүйн орчин хүрэлцээтэй байгаа. УИХ төрийн дээд байгууллага болохын хувьд ямар ч асуудлыг татан авч хэлэлцэж болно. Энэ бол тэдний шийдэх асуудал. Мега төсөл ямар ч шатанд нурж унаж болдог. Тийм эрсдэлтэй асуудлыг УИХ өөр дээрээ татах хэрэг байна уу даа гэсэн байр суурийг би ил тод хэлж байгаа.
-Тэгвэл Таван толгойн мега төслийг хэрэгжүүлэх ажилд өнөөдөр юу саад болоод байгаа юм бэ. Эсвэл ямар ч саадгүй бүх юм цагтаа амжихаар байгаа юм уу?
-Саад болж байгаа зүйл нь хаана хаанаа итгэлцэл муу байгаа явдал гэж хэлье. Монголчууд бие биедээ итгэдэггүй, өөртөө ч итгэдэггүй. Тийм ч учраас Хөрөнгө оруулагчид монголчуудад итгэдэггүй. Дээр нь хариуцлагагүй. Дараа нь намайг юу гэж хэлэх бол гэсэн оготор бодол хаа сайгүй тэнэж явах юм. Манай дүр зургийг ярьж өгвөл хэцүү л юм болох байх шүү. Мега төсөлд бид өөрсдөө л том садаа байх.
-Цаанаа улс төрийн зорилготой шахалтаас үүдэж Таван толгойн асуудал гацаж магадгүй гэсэн болгоомжлол байна л даа?
-Далдуур энэ төслийг зогсоох гэсэн элдэв үг хэл, үйл ажиллагаа байна аа байна. Надад бол тодорхой харагдаж байгаа. Дарь дээр давс нэмэх хэрэггүй гэж бодоод энэ талаар ярихыг хүсэхгүй байна. Хоосон улс төржилт Монголын эрх ашиг биш ээ.
-Роялтын татвар, дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санхүүжилтийн асуудлыг яаж шийдэхээр ярьж байгаа вэ?
-Таван толгой төсөлд урьдчилсан тооцоогоор дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана. Үүнээс тэрбум гаруй нь зөвхөн төмөр замын бүтээн байгуулалтад зориулагдана. Төсөл Монголын хууль тогтоомжоор тогтоосон бүхий л татварыг төлнө. Гол татвар нь ашигг малтмал ашигласны нөөцийн татвар буюу роялти. Нүүрсэн дээр энэ татвар таван хувь. Зах зээлийн үнэ өндөр болбол энэ татвар найман хувь хүрч болдог. Энэ төрлийн татвар Мозамбикт гурван хувь, Хятадад дөрвөн хувь, Индонезид гурван хувь, Орост тонн тутамд 57 рубль, Казахстанд 0 хувьтай тэнцдэг.
-Ер нь Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэдийд хийнэ гэсэн төлөвлөгөө байгаа вэ. Засгийн газрын зүгээс тавдугаар сард багтаах чиглэл өгсөн байх. Гэхдээ үүнээс өмнө амжих төлөв бий юу?
-Би хувьдаа удаах сонирхол байхгүй. Хэлэлцээр амжилттай болбол төслийн барилга байгуулалтын ажлаа энэ хавар эхэлнэ гэдэг зорилготой баймаар байгаа юм. Шийдэл зөвхөн бидний монголчуудаас хамаарахгүй нь харамсалтай.
-Хэрэв Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг энэ сард багтаагаад хийчихвэл манайд орж ирэх эхний үр ашиг юу байх вэ?
-Барилга байгуулалтын ажил өрнөж эхэлнэ. Олон хүмүүс ажлын байртай, цалинтай, орлоготой болно. Олон үндэсний компани ханган нийлүүлэлтэд оролцож эхэлнэ. Эдийн засагт чухал ач холбогдолтой төсөл гэдэг нь эргэлзээгүй байгаа.
Я.Мөнгөнцэцэг
“Өдрийн сонин”