Comment.mn

Хоёр суманд шүлхий гарсан тул тухайн бүс нутгаар зорчихгүй байхыг анхаарууллаа

Хоёр суманд шүлхий гарсан тул тухайн бүс нутгаар зорчихгүй байхыг анхаарууллаа

Ховд аймгийн Булган, Үенч суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Энэ талаар тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ц.Алтанхишигээс тодрууллаа.– Малын гоц халдварт шүлхий өвчин ямар сумдад гарав. Шүлхий өвчний анхны шинж тэмдэг хэзээ илэрсэн бэ.Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
– Ховд аймгийн Булган, Үенч суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан. Өвчний улмаас хоёр сумын нутгийг хамран өвчилсөн малын тоо 700 хүрээд байна. Анх өнгөрсөн сарын 26-нд шүлхийгээр мал өвчиллөө гэх дуудлагыг хүлээн авч, аймгийн онцгой комисс яаралтай хуралдсан. Холбогдох албаныхан болон эмч мэргэжилтнүүд газар дээр нь очиж ажиллалаа. Шинжилгээгээр мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин болох нь батлагдсан. -Хорио цээрийн дэглэм тогтоосон уу. Урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Аймгийн зүгээс өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Мөн хээрийн штаб байгуулж, ажлын хэсэг томиллоо. Сумдын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байна. Хэдий хэр хугацаанд хорио цээрийн дэглэм үргэлжлэхийг хэлж мэдэхгүй. Иргэдэдээ хандаж хэлэхэд, мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан бүс нутгаар зорчихгүй байхыг анхааруулж байна гэв. Тухайн бүс нутагт байгаа шүлхийгээр өвчлөөгүй малд урьдчилан сэргийлэх вакцин хийх үү, үгүй юу гэдгийг өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж шийдвэрлэх аж.

С.ХОРЛОО

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.