Comment.mn

“Саусгоби Сэндс” манай улсад 35 тэрбумыг төлөхгүй байх үндэслэлээ ингэж тайлбарлав


“Саусгоби Сэндс” компанийн гүйцэтгэх захирал асан Жастин Капла болон Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком нар Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уучлал хүссэнээр тэд суллагдаж өдгөө Ж.Капла эх нутагтаа очоод байгаа билээ.

Тэдэнд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхны шатны хоёрдугаар шүүхээс 35 тэрбум төгрөгийн татвартатвар төлөхөөс зайлсхийж, Монгол Улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан гэж 5.6-5.10 жилийн хорих ял оноосон байсан юм.

Харин тэд хорих ангид сар ч хоригдоогүй Жастин Капла нар Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдаж, эх орондоо буцсан. Гэтэл “Саусгоби Сэндс” компанийн зүгээс Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд манай улсад учруулсан хохирлыг төлж барагдуулахгүй гэж гомдол гаргаад байгаа юм.

“Саусгоби Сэндс” компанийн зүгээс учруулсан хохирлоо төлж барагдуулахгүйгээ дараах байдлаар тайлбарлаж гомдолдоо дурьдсан байна.

Ач холбогдлоо алдсан баримтад тулгуурлаж ялласан.

Нэгдүгээрт, тус компанийн зүгээс шүүхийг нотлох баримтын ач холбогдлоо алдсан баримтад тулгуурлаж, ял оноосон гэж үзэж байгаа аж. Тодруулбал, зарим шинжээч нарын гаргасан  дүгнэлт мэдүүлгүүд шинжлэгдээгүй, асуултад хариулж чадахгүй, үндэслэл болгосон нотлох баримтын эх сурвалжаа олж, зааж чадаагүй, нотлох баримтуудаа дүгнэлтдээ хавсаргаагүй, баримтуудыг бүрэн нягталж, шалгаж үзээгүй, тодорхой бус, эргэлзээтэй олон асуудал үүссэн байхад шүүх дүгнэлт гаргасан гэжээ. Мөн шинжээч Б нь дүгнэлт гаргахдаа “Саусгоби Сэндс” компанийг 6.1 их наяд төгрөг угаасан гэж гаргасан байна. Тиймээс тус компанийн зүгээс энэ мөнгө нь нэг компанид битгий хэл Монгол Улсад байхгүй их мөнгө. Ингэж худал дүгнэлт гаргасан нь шинжээчид баримтуудыг үзээгүй, судлаагүй нь харагдаж байна гэжээ.

Зарим нотлох баримтуудыг орхигдуулсан.

Хоёрдугаарт, шинжээчийн дүгнэлтээр “Саусгоби Сэндс” компанийг 35.2 тэрбум төгрөгийн татварыг нуусан гэж дүгнээгүй. Тэд тус компани нь 2007-2011 онд нийт 166 гаруй тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогод 35.2 тэрбум төгрөгийн нөхөн татвар төлөхөөр байна гэж дүгнэсэн гэжээ. Өөрөөр хэлбэл, татван ногдох орлого, татвар нуусан, зардлын тоо хэмжээг зориудаар нэмсэн, татвар ногдох орлогыг зориуд бууруулсан гэсэн дүгнэлт гараагүй гэж “Саусгоби Сэндс” компани шүүхэд гаргасан гомдолдоо дурьдсан байна. Мөрдөн байцаалтын явцад тус компанийг 34 тэрбум төгрөгийг бусдад үнэгүй шилжүүлсэн гэсэн дүгнэлт гаргажээ. Харин үүнийгээ “Саусгоби Сэндс” компани дараах байдлаар тайлбарласан байна.

34 тэрбум бараа бүтээгдэхүүний 1.5 тэрбум нь хилийн цэрэг, Шивээ хүрэн хүрэнгийн  хилийн боомтод ажиллагсдын орон сууц, Гурван тэс сумын сургуулийн сурагчдын дотуур байр, цэцэрлэгийн барилга, прокурорын байгууллагад тавилга, цагдаагийн байгууллагын байрыг төв дулаантай холбосон болон барилгын засварын зардал, иргэдэд гэр, өвс тэжээл, нүүрс худалдан авахад нь зориулж хандив болгож өгсөн мөнгөн тусламж. Мөн 16.7 тэрбум төгрөг нь гал гарсаны улмаас шатсан экскаваторын үнэ, актлагдсан дугуйны үнэ болох 12.9 тэрбум төгрөгийг орхигдуулсан байна гэжээ.

Анхан шатны шүүхийг илэрхий үндэслэлгүй дүгнэлт гаргасан.

Гуравдугаарт, Анхан шатны шүүх хуралдаанд шинжээчдийн гаргасан 35.2 тэрбум төгрөгийн талаар тайлбарлажээ. Тодруулбал, 24.2 тэрбум нь доллар, 4.9 тэрбум төгрөг нь АМНАТ-ыг худалдан авагч компани хариуцах тухай гэрээнд тусган нэхэмжилсэн гэдэг нь үгүйсгэгдсэн, 3.5 тэрбум төгрөг нь орон нутгийн байгууллага, иггэдэд өгсөн мөнгөн тусламж, шатсан экскаватор, актлагдсан дугуй зэргийн  үнэ гэдэг нь тогтоогдсон. 1.8 тэрбум нь санхүүгийн тайлан балансад хайгуулын ажлын зардал, 170.8 сая төгрөг нь аж ахуй нэгжийн болон НӨАТ–ын тайланд тусгагдан төлөгдсөн байсныг шалгаагүй. Мөн 206.4 сая төгрөг нь 201 оны зургадугаар сард НӨАТ төлөгдсөн баримт байсныг үгүйсгээгүй. 255.4 сая төгрөг нь суутгагч суутгаад авсныг шалгаагүй. 30 сая төгрөг нь МУ-ын нутаг дэвсгэрээс гадна АНУ-ын нутагт авсан үйлчилгээ гэдэг нь тогтоогдсон гэжээ. Гэтэл анхан шатны шүүх шинжээчдийн бичсэн тоонд л анхаарлаа хандуулж, шинжлэн судлагдсан баримтуудыг үнэлээгүй байна гэж гомдол гаргасан байна. Мөн шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж тус компанийн зүгээс үзэж байгаа аж.

Иймд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргаж, МУ-д учруулсан хохирлоо эргэн төлөхгүй гэжээ. Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд /хуучнаар Нийслэлийн шүүх/ гомдлыг хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнэд хуваарилаад байгаа юм. Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ тус компанийн гаргасан  гомдолтой танилцаж, 30 хоногийн дотор хурлын товыг гаргах учиртай. Хэрвээ 30 хоногтоо танилцаж амжихгүй бол дахин 30 хоногоор сунгаж болох аж.

Эх сурвалж: www.bolod.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.