УМБГ-ын дарга хурандаа Ц.Батсүх, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, дэд дарга Н.Ариунболд, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Н.Аадарсүх, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн нарыг ажлаас нь түтгэлзүүлэн цагдаа, АТГ, ТЕГ шалгаж нийгмийг айдаст автуулсан. Шалгах болсон үндэслэл нь дараах 2 бичлэг.
Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан дээрх нэр бүхий хүмүүсийг дутагдал гаргасан хэмээн ажлаас нь чөлөөлж, цолыг нь хураасан байдаг. Улмаар тэднийг АТГ-т эрүүргийн хуулийн 263.2 буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр, Тагнуулын ерөнхий газарт Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйл буюу Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэсэн үндэслэлээр шалгаж байсан юм. Тэдний хэргийг АТГ болон ТЕГ хэрэгсэхгүй болгожээ.
Цагдаагийн газрын дарга нарын баримттай энэ үйлдэл нь илт хэн нэгний нэр төрийг гутааж, нийгмийг айдаст автуулсан бөгөөд багагүй дуулиан дэгдээсэн. Харин энэ хэргийг прокурорын мөрдөн шалгахгүйгээр АТГ, ТЕГ шалгасны улмаас замхрах шатандаа орж байна. Замхрах үндэслэлийг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин тавьсан гэж хэлж болно. Тодруулбал Х.Тэмүүжиний хийсэн эрс шинэчлэлийн хүрээнд шүүх, прокурор, шүүхийн шийдвэр, цагдаа, тагнуулын ажилтан тодорхой хэмжээгээр алдаа гаргасан эсэхийг шалгадаг, тохируулдаг прокурорын мөрдөн 2014 оны 1-р сарын 1-ны өдөр татан буугдсан. Улмаар прокурорын мөрдөнгийн шалгах хэргийг АТГ, ТЕГ, цагдаа хуваан авч шалгах болсон. Энэ нь хэрэг үнэн зөвөөр шийдэгдэхэд сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа юм. Цагдаа хүн буруу ажилласан бол түүнийг хурган дарга нь шалгах болж байгаа юм. Үнэн хэрэгтээ цагдаа нар үүрэг авч, даалгавараар ажилладаг улс. Тэдэнд дарга нь үүрэг өгдөг гэхээр логикоор нь хөөгөөд үзэхээр бүх цагдаа уснаас хуурай гарах нь тодорхой болж байна. Прокурорын мөрдөн татан буугдснаар ЭБШХ, хүний эрх зөрчигдөж байна гэх гомдол их ирэх болсон. Тэр бүхэн шийдэгдэхгүй замхарч байгаа нь татан буугдсан газрын ажлыг бусад нь хийдэг болсонтой холбоотойг хэлэх хүн цөөнгүй бий.
Үүгээр ч зогсохгүй дутагдал гаргасан хэмээн ажлаас түтгэлзээд байсан Ц.Батсүх эргэн албандаа очиж “журмын нөхдөө” эргүүлэн татах, өшөөгөө авах ажил эхлүүлээд байгаа гэдгийг нэг биш хүн хэлдэг.
Цагдаагийн газрын дарга нар хүний нэр хүнд, амьдралаар тоглож болдог хариуцлага хүлээдэггүй гэсэн дүр зургийг нийгэмд харууллаа. Харин энэ дүр зураг зуршил болгох эсэхийг салбарын сайд нь хариуцах биз.
А.Баярмаа
Эх сурвалж: www.dorgio.mn