Биднийг энд Хүннү гүрний үеийн төрт ёсны түүхийн ховор дурсгалыг хадгалж буй Ноён уулаа ухах, сөнөөх тухай хууль баталж байхад өвөрмонголчууд Жи-нин замын эртний хотын бууринд 2003 оноос үргэлжлэн археологийн судалгаа хийж, 65 эртний булшийг илрүүлснээс Юань гүрний булш 59, Сяньби булш зургаа байсан тухай мэдээллийг дэлхий нийтэд цацаад эхэллээ.
Өвөр Монголын Улаанцав хотод байдаг Жи-нин замын эртний буурь аль эрт Алтан улсын үед байгуулагдаж, дараа нь Юань улсад ашиглагдан, тухайн үеийн монголын тал нутаг болон Хэбэй, Шаньши зэрэг газрын арилжаа худалдааны зах зээл байснаа хожим нь дайны хөлд автжээ. 2002-2005 онд, археологичид тус бууринд судалгаа хийж, их хэмжээний алт, Юань гүрний үеийн шаазан хэрэгсэл илрүүлжээ. 2011 оноос археологичид хоёр дахь удаагаа тус бууринд судалгаа хийсэн байна.
Юутай ч өмнөдүүд түүхийн ховор олдвор олсон гэдгээ дэлхий нийтэд цацаж байгаагийн цаана аялал жуулчлалын томоохон ашиг сонирхол нуугдаж байгаа биз ээ. Тусгайлсан төрийн бодлогын дагуу энэхүү мэдээллийг цацаж байгаа нь ч санамсаргүй хэрэг огт биш.
Гэтэл бид төрт ёсны маш ховор олдворыг хадгалж байдаг Ноён уулаа сүйтгэх тухай хууль батлачихсан байгаа нь харамсалтай. Манай улсын Ноён уулын хувьд түүхийн үнэт олдворыг нь аль эрт нээн илрүүлчихсэн зүйл шүү дээ. Гэтэл өвөрмонголчууд үнэн худал нь бүү мэд зүйлийг бий болгоод дэлхий нийтэд Юань гүрний үеийн 59 булш, Сяньби үеийн зургаан булш байгаа хэмээн дэлхий нийтэд зарлаж байна. Аялал жуулчлалын томоохон бүс болгоод хөгжүүлэх стратеги төлөвлөгөө байхыг ч үгүйсгэхгүй.
Уг нь бид Ноён уулнаа хадгалагдаж буй Хүннү гүрний үеийн булш бунхангаа ийнхүү дэлхий нийтэд дэлгэж, аялал жуулчлалын томоохон бүс болгож болох л байсан. Хэрэв тэгсэн бол 10 жил ухаад олох 200 сая ам.долларыг газар нутгаа болон түүхийн үнэт дурсгалаа хөндөлгүй олчох боломж байсан биз ээ. Цааш цаашид ч дэлхийг хэрсэн аялагчдын ирэх хамгийн дуртай газрын нэг болж, аажмаар Монгол Улсын эдийн засагт чамгүй тэлэлт өгөх байсан ч байж болох.
Н.Дөл