Сүхбаатар аймгийн Асгат сумын 2-р баг Шивээт гэдэг /сумаас урагшаа 60 км-т/ газар М /41 настай эрэгтэй/ дан цамцтай халамцуу 2015.02.20-ны өдрийн 23:00 цагийн орчим алга болсон. Эл мэдээг энэ сарын 21-ний өдрийн 12:40 цагт хүлээн авч, тус сумын хэсгийн төлөөлөгч ахмад Д-ээр ахлуулсан 6 хүн, 1 автомашинтай эрэн хайж байгаа аж.
Улаанбаатар хотоос Шарын гол сум руу шинийн хоёрны орой явсан машинтай хүмүүс замаасаа төөрч, Шийрийн бригад орчим уулын аманд цасан хунгарт суужээ. Энэ сарын 21-ний өдөр 13:50 цагт мэдээ хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 22 дугаар ангиас 6 албан хаагч, 1 автомашинтай очсон аж. УНЦ 82-07 улсын дугаартай портер загварын автомашинтай жолооч Л, эхнэр хүүхдийн хамт цасан хунгарт суусан байсныг татаж гаргажээ.
Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон 4-р баг Цулхар хорооны гудамжийн хашаа гэр лүү Цулхарын голоос усны халиа урсаж ороод байна гэсэн дуудлагыг 2015.02.21-ний өдрийн 10:55 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 50 дугаар ангийн 15 алба хаагч,1 автомашинтай очиж, ус халиж гарсан, газрын мөсийг нь хөрөөдөж далан босгож шуудуу татаж урсгасан байна.
Булган аймгийн Булган сумын 6-р багийн нутаг дэвсгэр /сумын төвөөс 12 км-т/ Онгоцны буудлын ойролцоо, Булган-Хөвсгөл чиглэлийн төв зам дээр ОРХ 18-61 улсын дугаартай Маяти загварын автомашин онхолджээ. Энэ мэдээг 2015.02.21-ний өдрийн 19:00 цагт хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 4 алба хаагч, 1 автомашинтай очиход уг автомашины жолооч Б ганцаараа явж байгаад осолдсон байна. Ил бэртэлгүй ч “шок”-ын байдалтай байсныг тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт хүлээлгэн өгчээ.
Сүхбаатар аймгийн Онгон сум 2 дугаар багийн Олон худаг гэдэг /сумаас хойш 40км-т/ газар М хонио хотлуулаад гэр лүүгээ орох хооронд алга болсон. Хоттой хонь гэр хоёрын хооронд 500 м, уг иргэн нүд муутай гэсэн мэдээллийг энэ сарын 21-ний өдрийн 21:15 цагт хүлээн авчээ. Тус сумын Тамгын газрын даргаар ахлуулсан 6 хүн, 1 автомашинтай эрэн хайж байх явцад өөрөө 22:10 цагт гэртээ ирсэн тул эрлийг зогсоосон байна.
Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн нутаг “Гэзгий Гуу” гэдэг /сумын төвөөс урагшаа 20 км-т/ газар Г /27 настай, эрэгтэй/ энэ сарын 21-ний өдрийн 11:00 цагийн үед хониндоо гараад одоо болтол алга гэсэн мэдээг мөн өдрийн 21:30 цагт хүлээн авсан аж. Тус сумын орлогч И-ээр ахлуулсан 4 хүн, 1 автомашинтай эрэн хайх явцад өөрөө уржигдар шөнийн 01:40 цагт гэртээ ирсэн тул эрлийг зогсоожээ.
Булган аймгийн Бугат сум руу явж байгаад замын хажуугийн цасан хунгарт суучихлаа гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 21-ний өдрийн 19:30 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах 105-ын бүлгийн 6 алба хаагч, 1 автомашинтай очиж цасан хунгараас татаж гаргасан.
Дорнод аймгаас Дашбалбар сумын нутаг дахь Шинь шинийн компаны чиглэлд автобус пургонтой нийт 20 гаруй хүн явж байгаад /аймгийн төвөөс хойш 20 орчим км -т/ цасанд суугаад байна гэсэн дуудлага 2015.02.21-ний өдрийн 17:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтэсээс Шинь шинь компанийн У гэдэг өвөрмонгол даргад нь мэдэгдэж том автомашин авч автобусыг татаж авч ирэх үүрэг өгсөний дагуу Шинь шинь компанийн пургон машин автобусыг цасанд суусан газар нь орхиж хүмүүсийг аймгийн төвд 21:15 цагт авч ирсэн тухай тус компанийн орчуулагч О мэдэгдсэн байна.
Сүхбаатар аймгаас урагш 60 кмт “Жарийн овоо” гэдэг газар 10-аад машин суусан, 60-70-д хүн байна гэж иргэн У мэдэгджээ. Энэ мэдээг 21-ний өдрийн 23:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс 6 албан хаагч, 1 автомашинтай очиж эхний ээлжинд 3 машин 9 хүнийг цаснаас гаргаж, аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Дундговь аймгийн Адаацаг сумаас зүүн тийш 40 км-т нутаглах А-гийнхаас 18:00 цагийн орчим Д /14 настай, эрэгтэй/ гэр лүүгээ гараад одоо болтол ирээгүй байна гэсэн дуудлагыг 2015.02.21-ний өдрийн 22:34 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс 6 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгаас 5 хүн, 1 автомашинтай нийт 11 хүн, 2 автомашинтай эрэн хайж буй юм байна.
Эх сурвалж : zaluu.com