Comment.mn

Төрийн байгууллагуудыг шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин жип хэрэглэхийг хориглолоо

tomchudinmashinЕрөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од нарт төрийн өмчит 757 байгууллагад  автомашины ашиглалтын талаар судалгаа хийхийг үүрэг болгосон. Энэхүү даалгаврын дагуу эдгээр байгууллагуудад шалгалт, судалгаа хийхэд 5058 автомашин ашиглаж байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврын жип машин гэсэн судалгааг гаргажээ. Мөн судалгаанд хамрагдсан байгууллагууд нэг автомашинд жилд дунджаар 3889 литр шатахуун зарцуулж байгаа нь хот доторх үйлчилгээнд 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун хэрэглэдэг суудлын автомашин ашиглахыг хориглосон Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолыг зөрчиж байгааг Төрийн өмчийн хорооны дарга дурдсан байна.

Мөн 2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж байгаа нийт автомашины  гаражийн зардалд 3.6 тэрбум төгрөг, шатахууны зардалд 16.3 тэрбум төгрөг, сэлбэг хэрэгслэлийн зардалд 5 тэрбум, төгрөг жолоочийн цалинд 25 тэрбум төгрөг гээд  нийт 50 тэрбум төгрөгийн зардал гаргасан байгааг Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од Ерөнхий сайдад мэдээллээ.

Энэ бүхнийг дүгнээд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг хориглолоо. Тэрээр зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жип машин ашиглуулж, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлага тавьж ажиллах чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хорооны даргад үүрэг өгөв.  Мөн  Үндэсний аудитийн газраас гаргасан зөвшөөрөлгүй ашиглаж байгаа гэх 222 автомашины судалгааг гарган, “Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг бэлтгэн 3 дугаар сарын 17-ны  Засгийн газрын хуралдаанд оруулахыг  даалгажээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.