Жилийн жилд “Морин хуур” хэмээх наадам олны хүлээлт дунд сайхан болж өндөрлөдөг байв. Энэ жилийн хувьд ч урьдын адил хүлээлт үүсгэсэн ч олон талаараа үзэгч олонд таалагдаагүй бололтой. “Морин хуур” наадамд ирсэн бүтээлүүдийг цахим ертөнцөөр нийтэд дэлгэж, олон санал авсан дуунуудыг анхан шатнаас дараагийн шатанд шалгаруулав. Уг нь шударга шүүлтээр явуулж байгаа царай нь энэ. Үнэн хэрэгтээ тусгай баг гаргаад л лайк даруулаад байхад хэдэн ч дуугаа “Морин хуур” наадамд уралдуулж болох тийм л орон зайг бүрдүүлж өгсөнөөрөө хамгийн анхны тааламжгүй уур амьсгалыг бий болгосон хэрэг. Тийм ч боллоо. Энэ жил 28 дахь удаагаа олны хүртээл болж байгаа “Морин хуур” наадмыг ийнхүү лайк саналаар шалгаруулсан цагаас хойш хэл ам тасарсангүй.
Гэтэл “Морин хуур” наадмыг Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Чулуунхүү хүртсэнээр бүр ч эвгүйтэв. Түүний аялгуугаар бүтсэн “Ижий гөрөөс” гэх шүлгийг Соёлын гавьяат зүтгэлтэн Ай.Төмөр-Очир бичсэн бөгөөд залуу дуучин Н.Дашдэмбэрэл дуулж, олны хүртээл болгосон юм.
Уг нь “Ижий гөрөөс” хэмээх энэ дуунд нийт сонсогч олон ам сайтай л байх шиг байв. Харин “Морин хуур” наадам үзэхээр очсон хүмүүсийн гуравны хоёр нь энэ дуунд тал өгөөгүй бололтой. Яагаад гэхээр үзэгчдийн ихэнх нь хөгжим сонирхогчид болон мэргэжлийн төвшингийнхөн байсан болоод тэр байх. Тиймээс мэргэжлийн хүрээнийнхэн “анхнаасаа л энэ жилийн “Морин хуур”-ын эзэн тодорчихоод байсан юм. Ингээд мэргэжлийн төвшинд шүүж явуулдаг наадамд нэг муу уран сайханч түрүүллээ шүү дээ” хэмээх хүмүүс маш олон байв.
Н.Чулуунхүүгийн хувьд ард олондооо танигдсан олон уран бүтээл төрүүлсэн хүн. Чамгүй ч урын сантай дээр нэгэн цагийн олон хит дууг бичиж, дуулж ард олонд хүргэсэн уран бүтээлч гэдгийг надаар хэлүүлэх юун. Гэтэл урансайханч хэмээн хэлүүлж байхыг бодоход “Морин хуур” наадмын босго өндөр байсан бололтой юм.
Энэ жил ийнхүү “Морин хуур” наадмын сонин хачин дэлгэхдээ “Лайк хуурт уран сайханч түрүүлжээ” хэмээн өвөр зуураа ярилцдаг болжээ.
Ч.Дорж
www.unen.mn