Улаанбаатар хотод хоёр жилийн дотор 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барьж, байгуулахаар төлөвлөсөн байна. Тодруулбал, энэ онд 30, ирэх онд 42 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барьж, байгуулахаар төлөвлөжээ.
НЗДТГ-ын зүгээс эхний ээлжинд баригдах 30 цогцолборын газрыг бүрэн чөлөөлсөн байна. Харин ирэх онд баригдах бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдах газрыг чөлөөлөхөд бэлэн байгаагаа НЗДТГ-ын зүгээс илэрхийлсэн байна.
Тус гэрээний онцлог нь 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга, байгууламжийг барихаас гадна иж бүрэн тавилга, тоног, төхөөрөмж, цогцолборын дотоод инженерийн холболт, гадна талбайн тохижилт, шаардлагатай газарт бие даасан эх үүсвэр болох гүний худаг, бохирын усны цооног зэргийг суурилуулах юм.
Түүнчлэн концесс эзэмшигч нь энэхүү гэрээний концессын зүйлийг ашиглалтад хүлээлгэн өгснөөс хойш цогцолборын урсгал засвар, цэвэрлэгээ, хоолны үйлчилгээ, дотоод тавилга, сандал ширээний шинэчлэлт зэрэг хэвийн үйл ажиллагааг хангах үйлчилгээг зохих төлбөртэйгөөр 20 жилийн хугацаанд үзүүлэхээр гэрээнд тусгалаа.
Энэхүү 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын концессын гэрээний нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 142.7 сая ам.доллар болж байгаа юм.