Comment.mn

Ганц бие бүсгүйчүүдэд зөвлөх нь

Тэдний хувьд хамгийн аймшигтай зүүд бол хотоор дүүрэн гар гараасаа хөтлөлцөн алхах хосууд!Тэгвэл бүсгүй минь танд  “Ганц бие байна гэдэг өмнө чинь илүү олон боломж нээлттэй байна гэсэн үг” гэдгийг юун түрүүнд зөвлөе. Ингээд Single байгаа дээрээ хойшлуулах боломжгүй ажлуудын жагсаалтыг гаргалаа. Нэг хэсэг нь хуримын өдөр хүртэл амжуулах, нөгөө нь үрийн зулай үнэрлэхээсээ өмнө амжиж хийх ажлууд шүү гэдгийг сануулая.

Хонгорхон, хөөрхөн бүсгүй минь нөхөргүй байгаа дээрээ  доорх ажлыг амжуул

Цуйванг 30 янзаар хийх, сорочкан цамцыг нь ганц ч нугалаагүй индүүдэх,  зангиаг нь  чадамгай зангидаж  сурах хэрэгтэй гэж  сургаал айлдах гэснээ больчихлоо. Ахуйн энэ зөвлөгөө чамд ямар ч үр ашиг байхгүй. Орчин үеийн бүсгүйд тохиромжтой зөвлөгөө гэвэл ядам хуруунд хуримын бөгж зүүж, амлалт өчгөө өгсний дараа алдсан боломжийнхоо араас харуусч суухгүйн тулд эрх чөлөөгөө бүрэн утгаар нь хэрхэн ашиглах тухай.

Үсээ “банди” шиг богинохон тайруулж, бүр хусуулсан ч таны эрх

Заяаны хань зам дээр гарч ирэхээс өмнө гадаад төрхөндөө болох, болохгүй өөрчлөлтүүдийг амжиж хий. Миний бие юм чинь юу хүссэнээ  хэзээ ч хийнэ гэж бодож байж магадгүй. Гэтэл амьдрал дээр огт өөр. Beauty туршилт болгоноо нөхөртэйгээ харилцан зөвшилцсөний эцэст хийсэн нь дээр байдаг. Эрчүүд угийн консерватив нөхдүүд. Тэд эхнэрийнхээ имижийн огцом өөрчлөлтөнд болгоомжтой ханддаг. Чолкоо ч тайруулахад дургүйцдэг. Юун тэр богинохон тайруулах. Тэрийг чинь тэд жинхнээсээ үзэн яддаг юм шүү дээ.

Хэсэг хугацаанд гадаад оронд амьдар, хэл суралц

Ер нь бол оюутны шугамаар амьдарсан нь дээр. Дээд боловсролын диплом хүн бүр өвөртөлсөн өнөө үед өөрийнхөө үнэ цэнийг өсгөх нь чухал. Жишээ нь, мэргэжил дээшлүүлэх курс байж болно. Төрсөн нутагт өнчирч үлдэх нөхөр, хүүхэд байхгүй үед гадагшаа явсан нь дээр. Сэтгэл амар, зугаатай өдрүүд гоё биш гэж үү.

Завтай байгаа дээрээ хоббигоо хөгжүүл

Юм оёж, сүлжиж сур. Сонирхол байвал мотоцикл уна. Чамтай суух гэж байгаа хүн бямба гарагийг сонирхол нэгтэй хүмүүстэйгээ өнгөрүүлж хоббиндоо цаг зарцуулдагийг чинь мэдэж аваг. Зүгээр нэг сонирхол төдий зүйл биш, харин хүч хөдөлмөр шаарддаг ажил, хувийн орон зай, өөртөө зарцуулах цаг чамд байх ёстой гэдгийг тэр ухаараг. Буруу хувирдаг үйл үг эсвэл шинэ үйлдлийн систем гээд өөр юу ч анхаарах сөхөөгүй байх үед чинь  тэр хувцсыг чинь угааж, шалаа цэвэрлэж тусалж болно шүү дээ.

Сайн эрэгтэй найзтай бол

Зөвхөн ярилцах, туслах, дэмжих, гадуур гарах үед хань болох, нөхөрлөл гэж юуны тулд байдгийг мэдрүүлэхээр эр хүйсний найзтай болж ав. Хайр, сексийн тухай ямар ч яриагүй тийм нөхөрлөл. Та хоёрын найз нөхдийн харилцааг  нөхөр чинь ойлгож, хүлээн зөвшөөрвөл сайн хэрэг. Гэхдээ гэм зэмгүй нөхөрлөдөг гэдгээ яагаад ч батлаад ойлгохооргүй хартай нөхдүүд бас байдаг. Шувуухай шиг эрх чөлөөтэй байхдаа хүссэн хүнтэйгээ харилц. Нөхөр чинь чиний  хэзээнээсээ дурласан хоббиг хүлээн зөвшөөрсөн шигээ хуучны  найзыг чинь хүлээн зөвшөөрч юуны магад. Муу эмэгтэй найзаас сайн эрэгтэй найз байдгыг сана.

Өөрийн гэсэн өмчтэй бол

Хэдэн квадрат метрийг хөдөлмөрлөж олох, зээлээр авах, сугалаанд хожих боломж байна,  тэрнийхээ төлөө зүтгэ. Орон сууц бол тайван амгалан амьдралын гол тулгуур. Ямар нэгэн юм боллоо гэхэд (нөхрүүд яаж ч мэдэх улс) орох оронгүй үлдэнэ гэж санаа зовохгүй байх шиг том баталгаа хаана байна. Үнэт цаас, машин, газар гээд гэрлэлтээс өмнө олж авсан, үнэд хүрэх хөрөнгө мөн л ирээдүйн сайхан амьдралын баталгаа болдог. Цуглуулсан бүхэн чинь гэр бүлдээ эзлэх байр суурийг чинь өсгөөд өгнө.

Шоуны сартай болсон ч яахав дээ

Шоу, цэнгээн, үүр хүртэл хөлөө чилтэл танзлах, гэнэтийн шөнийн болзоо бол нөхөр хүүхэдгүй, хэн нэгний өмнө үүрэг хариуцлага үүрээгүй бүсгүйн давуу тал.

Харин хүүхэдгүй байгаа дээрээ үүнийг амжуул

Нөхөр гэдэг хүн амьдралд чинь хэр баргийн өөрчлөлт оруулахгүйгээр орж ирнэ. Диван дээр сууж байгаад л хурхирна. Хүүхдийн хувьд бол огт өөр асуудал. Уйлна, өлсөнө, хагас цаг болгон шээнэ, өдрийн 24 цаг хайр халамжийг чинь нэхнэ. Хэд хэдэн  ажил төлөвлөөд байсан бол тодорхойгүй хугацаагаар хойшлуулах болно. Эсвэл амьдралын зорилтын жагсаалтаа бүрмөсөн арчина. Харин хүүхэд өлгийдөж авахаасаа өмнө хялбархан амжуулж болно. “Их шуурга”-ны өмнө нам гүм байгаад яахав, урагшаа бүсгүйчүүд ээ!

Найзуудтайгаа амралтанд яв

Бүтэн долоо хоногийн турш биеэ илүүлж, тослуулж, үрүүлж, сэтгэлээ сайхан яриагаар сэргэээж, царайлаг массажист залуутай сээтгэнэж, үдэш нь  цуцталаа бүжиглэ. Эмэгтэй хүний энэ диваажинд ганц бие бүсгүйчүүд л очих боломжтой.

Хөмсөг, зовхио шивүүл

Гадагшаа гарахдаа, тэр бүү хэл нөхрийнхөө дэргэд будаггүй байхаас үнхэлцгээ хагартал айдаг бүсгүйчүүдэд зориулсан заалт. Нялх хүүхэдтэй байх үед өглөө болгон толины өмнө зогсох цаг олдох ч үгүй. Зав л гарвал унтах тухай бодол толгойд эргэлддэг гээд бод доо. Тийм болохоор хөмсөг, зовхио шивүүлчих.  Жинхэнэ аминд орно. 2-3 жил будаг нь хэвээрээ байдаг болохоор эртхэн амжуулсан нь дээр (жирэмсний үед хийлгээд дэмий).

Илүүдэл жингээ хас

Хоолны дэглэм, биеийн хүчний дасгал, мацаг барих өдрүүдээ залхуугаасаа болж хойшлуулдаг үе жирэмсний тестэн дээр хоёр зураас гарахад л өнгөрнө. Харин одоо илүүдэл хэдэн килограммаа хасах цаг оройтоогүй байна.

Ууланд аял

Гэхдээ явганаар шүү. Дараа нь гэртээ хүүхдээ харж суухдаа харамсахааргүй аялал гэвэл энэ л байна. Жирэмслэх тухай дөнгөж төлөвлөж байгаа бол зэрлэг байгалтай, дэд бүтэц сайн хөгжөөгүй, онцлог уур амьсгалтай орноор аялаад ав. Тэгээд  тэр онцгой аяллаа насан туршдаа дурсаж, бүр эмээ болчихоод ач нартаа ярьж сууна гээд төсөөл дөө.

Мэргэжлийн зураг авалтанд ор

Төрсний дараа, хүүхдээ хөхүүлсний дараа бие чинь эргээд яг өмнөх шигээ болно, эсвэл ямар ч язралт үлдэхгүй гэсэн баталгаа үнэндээ байхгүй. Залуухан, гоолиг дүрээ яагаад хальсанд мөнхрүүлж болохгүй гэж? Хамгийн үнэтэй, хамгийн сайн зурагчин хөлсөлж, биеийнхээ зарим хэсгийг ил гаргаж зургаа татуулж болно. Зарим  хэсэг, эсвэл бүхлээр нь ил гаргах эсэх нь мэдээж чиний шийдэх хэрэг.

Нурууныхаа зургийг авахуулж, эмчлүүл

Компьютер, маустай өдрийн турш хагацаж чаддаггүй бүсгүйчүүдийн хамгийн эмзэг хэсэг. Мониторныхоо урд бөхийж суухад одоо асуудал байхгүй л дээ. Харин жирэмсний сүүлийн гурван сар нуруугаа яаж зовоож байснаа мэдэрнэ. Хүүхдээ төрүүлээд, байнга тэврэх болохоор нуруу чинь байнга өвдөнө. Тэгж өвдөхгүйн тулд жирэмсэн болохоосоо өмнө эмч дээр очиж нуруу туруугаа сайн үзүүл. Усанд сэлж, йогаар байнга хичээллэвэл хүндийн өргөлтөндөө бэлтгэгдэж чадна.

Үнэмлэх авч жолоо барьж сур

Эмнэлэг, дэлгүүр, хотын нөгөө өнцөгт амьдардаг найз бүсгүй дээрээ очмоор байдаг? Харин хүүхдийн тэрэгтэй хэр хол явах вэ? Ямар хүүхдээ тэврээд нийтийн унаанд суултай нь биш. Таксины жолоочид ч амиа даатгаад дэмий. Одоогоор машингүй байлаа ч энэ заалтыг хэрэгжүүлчих хэрэгтэй. Машинтай болчихоод, хүүхдээ тэврээд жолоонд сууна гэж байхгүй шүү дээ.

Нэг удаагийн цалингаа шинэ туфлид зарцуул

Өөр хэзээ ингэж өөрийгөө эрхлүүлэх вэ? Хүүхэдтэй болчихоод мөнгөө бодлогогүй үрж чадахгүй л болов уу. Хамаг цуглуулсан мөнгө чинь нэг л мэдэхэд хүүхдийн тэжээл, живхэнд явсан байна. Харин энэ үед өнөө туфли чинь эрх чөлөөтэй үеийг чинь санагдуулна.

эх сурвалж: www.emegteichuud.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.