Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Үүнтэй холбогдуулан битүүлэх ёс, бэлгэдэл, ёс заншлын талаар “Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам, зурхайч Ж.Гончигсүрэнтэй ярилцлаа.
-Бид Цагаан сарыг үндэсний уламжлалт баяр гэдэг ч ёс заншил, уламжлалынх нь талаар төдийлөн нарийн мэддэггүй. Тиймээс үүнээс ярилцлагаа эхэлье гэж бодлоо?
-Монголын уламжлалт баяруудын нэг нь Цагаан сар юм. Цагаан сар хаврын эхэн сарын шинийн нэгэнд болдог. Мөн монголчуудын хувьд хахир өвлийг давсны, нас нэмсний баяр юм. Энэхүү баяраар ах дүү, төрөл төрөгсөд, өвгөд хөгшдөө хүндэтгэж, тэдэнтэйгээ жилдээ ганцхан удаа учран золгодог. Хамгийн чухал зүйл нь монгол хүн ёс заншлаараа бахархах өдөр болдог нь онцлог юм. Ер нь монголчууд уламжлалт зан заншлыг дээр үеэс тэмдэглэж ирсэн. Тэр дундаа Цагаан сараар жилийнхээ бүх зүйлийг хураангуйлаад ах дүү нартаа тайлагнаж байна гэж ойлгох хэрэгтэй. Мөн энэ баяраар ахмад настнаа яаж хүндэлдэг, идээ будаагаар хэрхэн дайлдаг, хэн хаана нь яаж суух, хувцаслалтаас эхлээд монголчуудын хувьд их чухал баяр болдог. Тиймээс Цагаан сарыг төрсөн өдөр юмуу, бэлэг өгдөг баяр хэмээн ойлгож болохгүй.
-Энэ баяраар бэлэг өгдөг ёс нь сүүлдээ хүмүүст дараа болж байна. Ер нь ингэж бэлэг өгдөг ёстой юм уу?
-Бэлэг гэдэг нь буруу нэршил юм. Үүнийг сэтгэлийн өглөг гэж нэрлэх хэрэгтэй. Тэгэхээр сэтгэлийн өглөг гэдэг нь Цагаан сараар байгаа зүйлээрээ л хүмүүсийг дайлахыг хэлээд байгаа хэрэг юм. Түүнээс биш хүмүүст ажил удсан зүйл биш юм шүү дээ. Мөн сүүлийн үед хүн бүр ууц тавьдаг болжээ. Цагаан сараар хүн бүр ууц тавих ёс байхгүй. “Онд мэнд сайн орлоо” гээд байгаагаараа нэгнээ дайлахын нэр юм. Цагаан сараар баян, хоосон, мэдлэгтэй, мэдлэггүй ерөөс хамаагүй. Ер нь бие, хэл, сэтгэлээ сайхан байлгах хэрэгтэй. Цовоо сэргэлэн, баясгалантай Цагаан сараа угтах хэрэгтэй. Ерөөс энэ баяраар архи дарс уудаггүй, хов жив ярьдаггүй, аль болох сайн зүйлийн талаар бодож сайхан зүйлийг нэгэндээ ерөөдөг.
-Дээхнэ үеийн хүмүүс өөрсдийн гараар хийсэн хавсайгаа сэтгэлийн өглөг болгож ирсэн зочдодоо өгдөг байсан. Тэр уламжлал одоо алдагдчих гээд байна уу даа?
-Сэтгэлээс өгсөн зүйлийг сэтгэлийн өглөг гээд байгаа юм шүү дээ. Хүн сэтгэлээрээ нэг оймс өгсөн ч түүнийг нь чамлалгүй баярлан авах хэрэгтэй. Хэрэв тэр өглөг танд хэрэггүй бол хэрэгтэй хүнд нь өгчихөж болно. Таны хэлсэнчлэн хүмүүс нэг нэгэндээ хавсай өгдөг л байсан. Хэвийн боовоор сүүлийн үед идээ засдаг болсноос өмнө нь хавсайгаар идээгээ засдаг байв. Энэ хоёр хэлбэрийн хувьд өөр ч утга нэг юм. Үүнтэй адил сэтгэлийн өглөг ч гэсэн их багадаа бус байдгийг хүмүүс ухаарах нь зүйтэй.
-Сүүлийн үед монголчууд шинийн нэгний нарыг харна гэж хошуурдаг болжээ. Угтаа ийм уламжлал монгол ёсонд бий юү?
-Сүүлийн хэдэн жил л монголчууд шинийн нэгний нарыг харна гэдэг болсон. Гэхдээ шинийн нэгний нарыг онцлох зүйл уламжлалт ёсонд үгүй. Өдөр бүр нар манддагаараа мандаж байгаа шүү дээ. Тиймээс шинийн нэгний нар харах ёслолд би ач холбогдол өгдөггүй. Ерөнхийдөө монгол хүн шинийн нэгэнд нар мандах үед ойролцоох овоон дээрээ гараад идээ будаагаа өргөөд мөрөө гаргадаг уламжлалтай. Хөдөөний хүмүүс гэр орноо битүүндээ сайхан цэвэрлээд идээ будаагаа засчихаад дараа нь гэрийн эзэн ахалж мориндоо морддог ёстой. Хүмүүс10 зүг рүү явж байна. Угтаа Цагаан сараар зүг мөрөө гаргаж байгаа нь сэтгэлээ засч байгаа хэрэг юм.
-Цагаан сараар суух суудлаа хүртэл бодож цэгнэх хэрэгтэй гэдэг. Хүмүүс гэрийнхээ аль зүгт, ямар дараалалтай суух нь зөв юм бол?
-Гэрийн эзэн баруун хойд зүгт суух хэрэгтэй. Харин эмэгтэйчүүд гэрийн зүүн талаараа суудаг ёстой. Мөн албан тушаалаар нь хүндэтгэн хүмүүсийг дээш залан суулгаж болдог. Өөрөөр хэлбэл, ах дүүсийн баяр учраас насны эрэмбээр хүндэтгэн суулгана гэж ойлгож болно. Энэ бол монголчуудын бичигдээгүй хууль юм.
-Шинэ сар эхэлсний15 хоног дотор гэрээсээ гарч болдоггүй өдөр гэж бий юү?
-Шинийн нэгэнд мөрөө гаргаад явчихсан юм чинь өдөр бүр л гарч болно. Тиймээс шинийн хоёр, гурванд гэрээс гарч болохгүй гэсэн ёс байхгүй. Харин хол газар явах гэж байгаа бол цээр гаргаад явж болно.
-Битүүлэх ёсны талаар мэдээлэл өгнө үү?
-Цагаан сарын урд өдрийг битүүн гэж нэрлээд байгаа юм. Энэ өдөр айл өрх гэр орноо бүрэн гүйцэд цэвэрлэсэн, идээ будаагаа бүгдийг нь бэлтгэж базаасан байдаг. Түүнээс биш битүүлнэ гэхээр тийм хоол иднэ, идэж болохгүй гэсэн зүйл байдаггүй. Юу байна түүгээрээ л зочилж, дайлах хэрэгтэй. Ер нь л элбэг дэлбэг байвал сайхан шүү дээ. Битүүнд хийдүүд Лхам хурдаг. Учир нь, энэ өдөр Лхам бурхан3000 ертөнцөөр айл бүгдэд зочилдог гэсэн уламжлалтай юм. Тиймээс битүүний орой айлууд Лхам бурхны унаанд зориулан ундаа гэж үүдэндээ мөс цас тавьдаг уламжлал бий. Дээхнэ үед битүүлгийн идээ гээд айлууд хоорондоо солилцдог байсан. Одоо ч гэсэн энэ заншил үргэлжилж л байгаа.
-Зарим хүн битүүнд идээ будаагаа нар жаргахаас өмнө засах ёстой гэдэг. Битүүлэх ёсонд тийм зүйл бий юү?
-Ер нь нар жаргахаас өмнө амжаад л хийх ёстой. Гэхдээ нар жаргахаас өмнө заавал идээ будаагаа засах ёстой гэсэн ёс байхгүй.
-Цагаан сараар цээрлэх зүйл байдаг уу?
-Монголчууд сар шинэдээ өртэй орохыг цээрлэдэг. Мөн хүнд муу санасан зүйл байвал түүнийгээ цайруулдаг. Шинэ жил гараад түүнийгээ цайрууллаа гэж сэтгэлдээ бодох хэрэгтэй. Хамгийн гол нь биеэр хийж байгаа зүйл, хэлж байгаа үг, сэтгэлээ цагаан байлгах хэрэгтэй. Ер нь хүн сайн сайхан зүйл бодоод л байх юм бол айл, ах дүүсээрээ ажил бүтнэ. Ингээд бүх хүн сайхан зүйлийн талаар бодож тунгаавал Монгол Улс тэр аяараа сайн сайхан болно шүү дээ. Тэгээд аль болох буян хураах хэрэгтэй юм.
-Буян хийнэ гэж юуг онцолж хэлээд байгаа юм бэ?
-Арван хар нүглийг тэвчвээс арван цагаан буян болдог. Амь таслахыг тэвчин амьтны амь аврах, эс өгснийг авахыг тэвчин өглөг өгөх, буруу хурьцал үйлдэхийг тэвчин ёс зүйг сахих, худал ярихыг тэвчин үнэн зөвийг өгүүлэх, дэмий ярихыг тэвчин утга төгс, хэрэгтэй зүйл ярих, хомхой сэтгэлийг тэвчин мэдлийг шүтэх, хорлох сэтгэлийг тэвчин туслах сэтгэлийг үүсгэх, буруу үзлийг тэвчин гурван эрдэнэ, үйлийн үрд итгэмжлэх сэтгэл үүсгэхийг арван цагаан буян хэмээдэг. Мөн номд даган баясах гэдэг. Тэр нь хийснээсээ илүү буян хураадаг. Үүнийг л хэлээд байгаа юм.
-Шинийн арван тавны дотор айлууд бурхан тахилдаа зул өргөдөг. Энэ нь цаанаа учиртай юу?
-Бурханд зул өргөхөөс гадна усан тахил гэж хөлд нь сэрүүцүүлэх ундаа тавьдаг. Мөн анхилуун үнэртэй хүж, цэцэг өргөдөг ёсон бий. Ер нь гэрэл өргөдөг ёс байгаа юм. Зул өргөсний ач тус нь мунхгийг сарниулах буюу оюун ухаан сайжруулахыг бэлгэддэг. Тэгээд хийсэн буянаа ганцхан өөрийн тусад бус эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд хэмээн залбирдаг.
-Ямар хүнд хадаг барих ёстой юм бэ. Таван өнгийн хадаг бий. Аль тохиолдолд ямар өнгийн хадгийг сонгож хэрэглэдэг вэ?
-Эдийн дээд хадаг гэж ховор үнэтэй эд байсан байна. Ер нь хадгийг багш, ахмад настан гээд хүндтэй хүндээ өргөдөг байсан. Хадаг бол бас сэтгэлийн өглөг юм. Таван өнгийн хадгийг заавал тийм хүнд өгнө гэсэн тогтсон зүйл байхгүй. Ер нь шар хадгийг лам хүнд өгдөг гэдэг. Тийм болохоор алийг нь ч өгсөн болохгүй юм байхгүй. Харин улаан өнгийн хадгийг хатуу үйлд хэрэглэдэг.
-“Түвдэнпэлжээлин” хийд шинээр мэндэлсэн хүүхдэд нэр өгөхийн тухайд олон сайхан зөвлөмж, бичиг гаргасан. Тэгэхээр хүний нэр тухайн хүнийг илтгэдэг учир анхнаасаа зөв оноон өгөх нь зүйтэй байх?
-Хүүхдэд нэр өгнө гэдэг хамгийн учиртай ажил юм. Энэ талаар бурхны номд тодорхой заасан байдаг. Хүүхэд ямар жилд, ямар өдөр төрснөөс болоод тэр хүүхдийн цаашдын ирээдүй зурлагаар гарч байгаа юм. Энэ хүүхэд хэд орчим наслах юм, насны цөв ямар байх юм, ямар эрдэмтэй хүүхэд болох юм, юунд сонирхолтой хүүхэд болох гээд бүхий л зүйл нь тодорхой байдаг. Энэ бүгдээс шалтгаалаад нас богинотой хүүхэд байх юм бол урт наслуулахын тухайд Цэнд, Аюуш, Уртнасан зэрэг нэр өгдөг. Мөн 27 од гэж бий. Хүүхэд ямар одонд төрснөөс шалтгаалж нэрийг нь бодолцож өгдөг. Тэгэхээр нэр өгнө гэдэг нь цаанаа их нарийн учиртай юм. Мөн хүүхдийн угаалга үйлдэх ёс гэж бий. Гэхдээ цэвэрхэн усаар угаагаад, спиртээр арчихаар хүүхэд цэвэрхэн болчихлоо гэж ойлгож болохгүй.
Б.Сэлэнгэ
Монголын үнэн