Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр өргөн барив.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын ерөнхий прокуророор Магванноровын Энх-Амгаланг томилох саналыг зөвшилцөхөөр оруулсан байна.
М.Энх-Амгалан нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 1971-1981 онд Ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль, 6 дугаар сургуульд тус тус суралцаж, 1982-1987 онд Зөвлөлт Холбоот Улсын Мөрдөн байцаах дээд сургуульд хууль зүйн бакалавр, 2003 онд ОХУ-ын МКСВУЗ-д хууль зүйн магистрын зэргийг тус тус эзэмшсэн. Дээд боловсролтой. Эрх зүйч мэргэжилтэй.
Тэрээр 1987-1988 онд Хөвсгөл аймгийн Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1988-1991 онд Улаанбаатар төмөр замын Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1991-2008 онд Улсын Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга, 2008-2012 онд Цагдаагийн ерөнхий газарт дэд даргаар тус тус ажиллаж байв.
М.Энх-Амгалан нь нь Прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан Улсын ерөнхий прокурорын нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан тул ийнхүү УИХ-д өргөн мэдүүлээд байна.