Өнөөдөр манай нэгэн ажилтан ажилдаа ирмэгцээ хөтчөө нээн үзжээ. Гэтэл сайтын хуудасны баруун дээд буланд юнивишний баннер байрласан байхыг харж гэнэ. Ингээд тус байгууллагын үйлчилгээг авдаг хэрэглэгчийн хувьд байгуулсан гэрээгээ эргэн харвал “Үйлчилгээний нөхцөлд реклам, сурталчилгаагаа автоматаар байрлуулах заалт” тусгаагүй байж.
Ингээд тус байгууллагын лавлах утсанд холбогдон тодруултал “Оператор эмэгтэй, манайд тийм үйлчилгээ нэмэгдсэн талаар мэдээлэл байхгүй байна. Лавлаад эргэн хариу хэлье” гэв.
Тэдний хэлснээр хэн ч мэдээгүй байхад юнивишний реклам өөрөө автоматаар ниссээр хэрэглэгчдийнхээ хөтөч дээр, тэр тусмаа сайт дээр байрлаж таарсан байх нь ээ дээ.
Та бүхэн үүнд гайхаж байж магад. Нэг реклам ирээд наалдаа л биз. Юун сүртэй юм бэ? гэж.
Гэтэл угтаа энэ нь таны, бидний аккаунтын нууцлал болоод бүх мэдээлэл алдагдах, задрах боломжтой болж байгаа юм. Жишээ татан тайлбарлавал, Бат таныг ажлаа хийгээд сууж байтал хаалгыг тань тогшилгүйгээр өрөөнд тань орж ирээд юу нь ч үл мэдэгдэх нэгэн зүйл тавьчихаад гараад явчихаж. Та мэдээж гайхаад энэ юу вэ? гэж асуутал “Мэдэхгүй, би юм тавьсан юм уу” гээд мөрөө хавьчаад гарах жишээний. Тэгтэл тэр нь таны бүх нууцыг бичдэг камер байвал яах вэ. Анхаарахгүй байж болно гэж үү.
Ёстой нөгөө “Дэмбэрэлдэх стайл” дэлгэрсний жишээ гэлтэй. “Яасан манайх реклам байрлуулсан байна уу. Манайх угаасаа л тавьдаг ш дээ” гэх мэт.
Угтаа бол цахим сайтууд ямар нэгэн компанийн сурталчилгааг төлбөртэй байршуулдаг. Харин энэ нь юнивишн компанийн хэрэглэгчдэд үйлчлэхгүй гэж андуурсан бололтой. Тус байгууллага шидийн гэмээр. Хэнээс юуг ч асуулгүй, хэнд ч мэдэгдэхгүйгээр дуртай хэсэгтээ дурын рекламаа байрлуулдаг “Том толгойтой” газар юм. Яг л өөрийнхөө цахим хуудсанд мэдээлэл байрлуулахтай адил бусад сайтуудад автоматаар нэвтэрч чадсан байна. Энийг юу гэж ойлгох уу.
Тэгвэл гадны орны хэд хэдэн жишээн дээр ийм тохиолдол ямар байдаг талаар аваад үзье л дээ. Бидний сайн мэдэх “Яахоо” үнэгүй и-мэйл үйлчилгээ үзүүлж бидний хэрэглэж буй и-мэйл талбарт өөрсдийн сурталчилгаагаа байрлуулснаар бид үнэгүй и-мэйл үйлчилгээ авдаг.
Мөн үнэгүй интернетийн үйлчилгээ үзүүлж буй гадны интернет түгээлтийн үйлчилгээнүүд эхлээд үйлчилгээгээ үзүүлээд хажуугаар нь спонсор байгууллагуудынхаа сурталчилгааг үзүүлж харилцан ашигтай шийдлээр явдаг.
Гэтэл Юнивишний хэрэглэгчид бол сар бүр үйлчилгээнийхээ төлбөрөө төлдөг. Тэгсэн атлаа өөрийн мэдээллийн хөтөчдөө автоматаар ирсэн тэдний рекламыг харах нь ямар үйлдэл вэ?
Энэ талаар дотоод сүлжээ програм хангамжийн мэргэжилтнээс тодруулахад “Энэ үйлдэл нь сар бүр төлбөрөө төлж буй хэрэглэгчийн эрх ашигт нийцэхгүй үйлдэл юм. Байгууллага гэдэг нэрийн дор 1мб хурдны интернет үйлчилгээг 200.000 төгрөгөөр зардаг мөртлөө дахин ийм үйлчилгээ авахыг хэрэглэгчид хүсэхгүй болов уу. Хэрэв ингэж автоматаар суртачилгаа байрлуулна гэдэг нь Юнивишн компани бидний бүх нууц үгийг авах боломж нь байна гэсэн үг. Энэ бол хуулиараа хориотой. Ингэснээр хэрэглэгчийн итгэл алдрахад хүргэх аюултай гэдгийг тэд мэдэж байгаа байх. Ямартай ч та бүхэн энэхүү “Spam virus”–ны программаа ашиглахгүй байхыг хүсч байна” гэлээ.
Ер нь бол Юнивишн ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж хэрэглэгчид хохирсон тохиолдол нэг биш удаа гарч байсан. Гэвч тэд энэ удаад бусдын орон зайд нэвтэрч өөрсдийн зар сурталчилгаагаа үнэгүй рекламддаг “шинэ мода” дэлгэрүүлж, хэрэглэгчдийн итгэлийг дахин эвдлээ.
Хамгийн гол нь хэрэглэгчдийн эрх ашиг, нууцлал алдагдах боломж их байна гэдгийг энд анхааруулахыг хүсч байна.
Эх сурвалж: Orloo.info