Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирлаар Б.Бямбасайханыг томилох тухай шийдвэрийг гаргаж, “Эрдэнэс МГЛ” компанийн өмнөх гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Тус компанийн өмнөх гүйцэтгэх захирал О.Сайнбуян нь 2012 оны арван нэгдүгээр сард “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирлаар Я.Долгоржавын оронд томилогдож байсан юм.
Б. Бямбасайхан нь 2012 оны 12-р сараас Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн даргаар сонгогдон ажиллаж байгаа ба эдүгээ Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт, төслийн менежмент, санхүүгийн зөвлөгөө өгдөг НоваТерра ХХК-д үүсгэн байгуулагч захирлаар ажилладаг. НоваТерра нь Монгол Улсад уул уурхай, эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө мөн дэд бүтцийн төслүүдэд хамтран хөрөнгө оруулах болон хөгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн хувиараа бизнес эрхлэгчид, томоохон корпорацууд, Засгийн Газар, санхүүгийн байгуулгууд болон хувийн эзэмшлийн байгуулгуудад зөвлөгөө өгдөг. Бямбасайхан нь эрчим хүчний хэмнэлттэй барилга, сэргээгдэх эрчим хүчний технологийг нэвтрүүлдэг Гэйтвэй Девелопмент Монголиа Компанийн ТУЗ-ийг удирддаг. Бямбасайхан нь 2010-2013 онд Монголын хөрөнгө оруулалтын компани болох Ньюком группын дэд захирал, гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа салхины эрчим хүчний Монголын анхдагч компани болох Клин Энержи ХХК мөн мэдээлэл технологи, харилцаа холбооны хамгийн том компани болох Мобикомын ТУЗ-ийн даргаар тус тус ажиллаж байжээ. 2004-2010 онуудад Бямбасайхан нь АХБ-ны эрчим хүчний санхүүгийн мэргэжилтнээр ажиллаж, Казахстан, Киргиз, Пакистан, Тажикистан болон Узбекистан орнуудад салбар дамнасан төслийн багуудыг удирдан, хөрөнгө оруулалтын хэлцлүүдийг гардан хийдэг байжээ. Тэрбээр ОУСК, ECA болон нүүрсхүчлийн хийн сангуудаар дамжуулж хөрөнгө босгодог туршлага бүхий төслийн санхүүч юм.
Б.Бямбасайхан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэд бүтцийн асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөхөөр ажилладаг. Монголын урлагийн зөвлөл, Монголын Эдийн Засгийн Сэтгүүлийн захирлуудын зөвлөлд ажилладаг ба АНУ дахь Зориг сангийн итгэмжлэгдсэн хүн юм. Тэрбээр тогтвортой хөгжил, эрчим хүчний салбарын хөгжлийн талаар мэдлэг бүхий ирээдүйн манлайлагчдыг төрүүлэх зорилготой Байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн ивээн тэтгэгч юм.
Эх сурвалж: Time.mn