Comment.mn

Тавантолгой ба улстөрчидтэй холбоотой ноцтой мэдэгдлүүд

Тавантолгой ба улстөрчидтэй холбоотой ноцтой мэдэгдлүүд

Гүйцэтгэх засаглалын тэргүүн том төслүүдээ хөдөлгөх эсэх талаар ард түмнээсээ санал авсан. Ингэснээр гацаад байгаа Оюутолгой болон Тавантолгойг хөдөлгөх тухай яригдаж эхэлсэн. Коксжих нүүрснийхээ чанараар дэлхийд нэгдүгээрт жагсдаг, нөөцийн хувьд долоон тэрбумаар хэмжигдэж байгаа Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах их ажил 2011 оноос эхэлж олборлолт, тээвэрлэлт, борлуулалтыг нь хувийхнаар хийлгүүлэхээр шийдвэрлэснээс хойш өчигдрийг хүртэл цаг үеийн нөхцөл байдал болон бусад асуудлаас шалтгаалан стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулж чадахгүй байсан юм. Тэгвэл энэ асуудлыг тойрсон хийгээд улстөрчид энэ талаар ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
Монгол Улсын сайд М.Энхсайхан “Eagle” телевизэд өгсөн ярилцлагадаа “Тавантолгойд хөрөнгө оруулахаар “Шинхуа”, “Энержи ресурс”, “Сумитомо” гэсэн Хятад-Монгол-Японы хамтарсан консерциум мөн “Пибоди” гээд Америкийн компани санал ирүүлсэн.Манай дэд ажлын хэсгийнхэн саналыг нэгтгэж, баталж өгсөн аргачлалаар оноо тавиад хамгийн өндөр оноо авсан “Шинхуа”, “Энержи ресурс”, “Сумитомо” гэсэн консерциумыг шалгаруулчихсан байна. Төр хувийн хэвшлийн түншлэл нөхцөлөө тохирч хэлэлцээр хийх чухал. Энэ хэлэлцээрийг ойрын үед хийе гэсэн бодолтой байна” гэжээ.
УИХ-ын дарга З.Энхболд “itoim.mn” сайтад өгсөн ярилцлагадаа, “М.Энхсайханы ярианд болохгүй юм ч, эргэж буцсан юм ч маш их байгаа. Саяхан АН-ын бүлэгт мэдээлэл хийхэд нь наад төмөр замын бүтэц, эзэмшил та нарын хэлснээр явахгүй ээ, хууль ийм байгаа гээд саяын миний хэлдгийг олон гишүүн хэлсэн.Тэгэхэд өнөөдөр ч өөрийнхөөрөө зүтгээд л байгаа. Үгэнд орохгүй засаг, үгэнд орохгүй сайдад УИХ арга хэмжээ авч болно л доо.  УИХ-аас баталсан тодорхой хуулиуд байхад түүнээс давсан, хууль бол юу ч биш гэж явж болохгүй л дээ” гэсэн байна. 

 

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо Тавантолгойн асуудлаар “Намайг сайд байхад Тавантолгойн асуудал гарч ирсэн. Маш олон хөрөнгө оруулагч ирсэн. Тэр үед Тавантолгойн хайгуулын лицензийг Ерөнхий сайд байсан Сү.Батболд гэж нөхөр авчихсан байсан. Би Батболд оо, Тавантолгой бол ард түмний юм. Тийм учраас энэ бизнесийг чи ганцаараа авч явж болохгүй. Энийг улс орны хөгжлийн төлөө шийдье. Энийг эдийн засгийн эргэлтэд оруулъя гэсэн. Энд олон улсын консерциум байгуулах асуудлыг шийдсэн. Энэ дээр Японы нэлээд хэдэн компани консерцим болж орж ирээд Хятадын “Шинхуа”, Оросын консерциум, “Пибоди” гээд нийтдээ энэ төслийг дагаад 17 миллиард доллар босгочихсон байсан. Тэр үед Н.Энхбаяр намайг их шахаж байсан. Чи Батболдоос энэ лицензийг хурааж ав гэж. Н.Энхбаярын цаана оросууд байсан. Оросуудтай нь би ч уулзаж байсан. Оросууд Монголд сан байгуулъя, хэдүүлээ нийлж Тавантолгойг бизнес болгоё гэсэн. Би харин энэ ажлыг олон улсын төсөл болгохоор ярьсан байсан. Гэтэл хоёр дахь шатны хэлэлцээрийн төсөл яригдаж байхад Н.Энхбаяр, Энхболд хоёр намайг огцруулсан. Яг үнэн хэрэг дээрээ Тавантолгойг С.Баяр, Н.Энхбаяр, Энхболд, Сү.Батболд эд л хоорондоо булаацалдсан” хэмээн ярьсан юм.

 

УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх А.Гансүх “Монгол HD” телевизид өгсөн ярилцлагадаа, “Өнөөдөр бидний ажиглаж байгаагаар Тавантолгой орд маань өөрөө стратегийн орд юм. 2007 онд УИХ-ын 27-р тогтоолоор стратегийн орд болгосон. Хөрөнгө оруулагч дээр Хонгконгийн МСС компани 51 хувь, БНХАУ “Шинхуа” компани 49 хувь эзэмшиж байгаа. Энэ компаниуд нь төмөр замаа ч эзэмшинэ, хөрөнгө оруулалт, удирдлага, дэд бүтэц, орлого, үйлдвэрлэлт гэх мэтчилэн бүх зүйлээ хийгээд явна. Харин “Сумитома” корпораци бол үндсэн хөрөнгө оруулагч биш. Тодруулбал, “Сумитома” зөвхөн худалдааны түнш юм. Дээр дурдсан МСС, “Шинхуа” компани хоёулаа Монгол Улсын дотоодын хөрөнгө оруулагч биш. Яагаад гэвэл хөрөнгө оруулалтын тухай хуулинд нийцэхгүй байгаа юм. Хуулинд “Дотоодын хөрөнгө оруулагч гэж хөрөнгө оруулж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн итгээд, хувь хүн” гэж заасан байдаг. Харин дээрх хоёр компани манай улсад ямар ч бүртгэлгүй юм. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглах ёстой юу мэдээж тийм. Гэхдээ үүнийгээ зөв хийхгүй бол энэ  төсөл маань нурах аюултай” гэжээ.

Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган
“Arslan.mn” сайтад өгсөн ярилцлагадаа “М.Энхсайхан сайд туршлагатай хүн.

Гэхдээ анхаарах ёстой хэд хэдэн зүйл байна. “Эрдэнэс таван толгой” үйл ажиллагаа нь муу байгаагүй сайн байсан компани.

Тэр дундаа туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Монголын уул уурхайн олборлогчдын нэгдэл амжилттай сайн ажиллаж байсан” гэсэн байна.

 

УИХ-ын гишүүн Х.Баттулга 2011 онд “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа “Монголын төмөр зам”-ыг хувьцаат компани болгоё гэж байгаа. Хөрөнгийн биржээр 49 хувийг нь зарна. ТЭЗҮ-гээр шинэ төмөр зам ашигтай гарсан болохоор компаниуд орж ирнэ. Энэ талаарх саналаа яам “Монголын төмөр зам”,санхүүгийн бусад байгууллагатай ярьж байгаа. Өмчлөлийн 51 хувь нь Монгол Улсад хадгалагдах юм. 49 хувьд нь компаниуд ороод ирвэл эндээс босгосон мөнгөөр төмөр замаа барина. 49 хувьд нь Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг оруулна. Угаасаа Тавантолгойн тендерт оролцогчдод төмөр замд мөнгө өгнө гэсэн шаардлага тавьсан”.

МАХН-ын дарга Н.Энхбаяр
2010 онд “gogo.mn” сайтад өгсөн ярилцлагадаа “Хэрвээ асуудалд Монголын компаниудын оролцоог дэмжинэ гэх байр сууринаас хандвал өөр нэг асуудал буюу “тийм л байсан юм бол “Тавантолгой”-г “Энержи ресурс” гэдэг хувийн компаний мэдэлээс яах гэж төрд буцааж авсан юм?” гэх асуудал автоматаар урган гарна. Хоёр жилийн өмнө “Энержи ресурс”-ээс төрд буцааж аваагүй байсан бол өдийд ёстой л нөгөө биржээс хөрөнгөө босгодогсон уу, зээлдэгсэн үү, ажлаа эхэлчихсэн байх байсан биз. Тэд ч 10 хувийг нь ч юм уу ард түмэндээ хувааж өгчихөөд, тодорхой хэсгийг нь биржээр дамжуулаад бусад сонирхсон аж ахуйн нэгжүүдэд зарчих л байсан байх. Өнөөдөр “Ухаа худаг” гэдэг газарт “Энержи ресурс” үйлдвэрлэлээ босгоод эхэлчихсэн байгаа шүү дээ.

Тэгвэл нөгөө талаас ер нь “Тавантолгой”-н эрхийг эзэмшиж байсан “Энержи ресурс” одоогийн “Монгол 999” хоёрын хооронд ямар ялгаа байна вэ? гэсэн асуулт гарна. Нэг нь дотоодын арваад компаний нэгдэл, нөгөөх нь 1500-гаад компаний нэгдэл гэсэн зарчмын гэхээсээ илүү жижигхэн, бараг хувийн сонирхлын гэмээр ялгаа харагдаад байгаа” хэмээн байр сууриа илэрхийлцгээжээ.

П.ТУУЛ

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.