Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр тэргүүтэй Батлан хамгаалах яамны төлөөлөгчид энэ сарын 09-11-ний өдрүүдэд Австрали Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Дэд сайд А.Баттөр тэргүүтэй төлөөлөгчдийг Австрали Улсын Батлан хамгаалахын сайд Кевин Эндрьюс Парламентын ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Кевин Эндрьюс Монгол-Австрали Улс нь бүс нутгийн аюулгүй болон тогтвортой байдлыг хадгалах нэгдмэл сонирхолоо хоёр улсын батлан хамгаалах харилцаагаар илэрхийлж байгааг дурьдаад, хоёр талын хамтын ажиллагааны цаашдын төлөв, түүний дотор цэргийн боловсролын сургалт, энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Мөн төлөөлөгчид Австрали Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Деннис Ричардсонтай уулзан, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, бүс нутгийн аюулгүй байдал, цэргийн сургалт болон Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаан дахь оролцооны талаар санал солилцсон юм.
Уулзалтын төгсгөлд “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Батлан хамгаалах яам, Австрали Улсын Батлан хамгаалах яамд хоорондын Харилцан ойлголцолын санамж бичиг”-т дэд сайд А.Баттөр, Төрийн нарийн бичгийн дарга Деннис Ричардсон нар гарын үсэг зурсан.
Тус “Харилцан ойлголцолын санамж бичиг” нь хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааг хөгжүүлэх, түүний дотор цэргийн боловсрол, сургалт, хүмүүнлэгийн болон гамшгийн хохиролыг бууруулах, энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлж өгч байгаагаараа ач холбогдолтой юм. Мөн дэд сайд А.Баттөр тэргүүтэй төлөөлөгчид Австрали Улсын Батлан хамгаалах коллежид зочлон, коллежийн захирал хошууч генерал Симоне Вилкетэй хамтын ажиллагааны боломжит чиглэлийн талаар харилцан ярилцаж, санал солилцсон. Түүнчлэн тус сургуулийн Команд-штабын коллежид суралцаж буй анхны монгол офицер болох дэд хурандаа Ч.Баттулгатай уулзан хичээл сургалтын байдалтай танилцсан юм.
Айлчлал хөтөлбөрийн дагуу Австрали Улсын Дайнд амь үрэгдсэн цэргийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөх, Австрали Улсын Иргэн-цэргийн харилцааны төвд зочлох, тус улсын Батлан хамгаалахын дэд сайд Стюарт Роберттой албан ёсны уулзалт хийх, хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалтаар үргэлжилнэ. Энэхүү айлчлал нь 2012 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Ц.Бямбажавын Австрали Улсад хийсэн ажлын айлчлалаас хойш хийгдэж буй батлан хамгаалах салбарын хамгийн өндөр төвшний айлчлал болж байна.