Comment.mn

Гацууртын ордын 20 хувийг төр эзэмшвэл эрсдэлгүй гэж үзжээ

“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргад өргөн барьсан. Уул уурхайн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн “Сентерра Гоулд Монголиа” компанийн удирдлагатай уулзалт зохион байгуулан санал солилцож, өөрийн хөрөнгийн хэмжээг 100.000 ам.доллар хэмээн тогтоож, төрийн эзэмшлийн хувь, “Сентерра Гоулд Монголиа” ХХК-ийн хувь хэмжээг тус тус тогтоожээ. Тус ордыг стратегийн ордод хамруулах үндэслэл нь Монгол орны алтны металлогены мужлалаар Хойд Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд, алтны өндөр агуулга бүхий хүдэртэй, ирээдүйд тухайн бүс нутгийн хөгжилд нөлөөлнө, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, цаашид ордын хэмжээнд нөөц өсөх магадлалтай зэргийг Уул уурхайн сайд Р.Жигжид танилцуулсан байна. Төсөл нийт есөн жилд уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явуулах аж.

Энэ талаар Уул уурхайн сайд Р.Жигжид “Бидний зүгээс төр 20 хувийг эзэмших саналыг оруулж байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдсанаар 20 хувийг төр эзэмших үү, эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний татвар аваад явах асуудал нь нээлттэй болох юм. Үүн дээр ажлын хэсэг байгуулж ажиллана. 20 хувь гэдгийг хөрөнгө оруулагч талтай ажлын хэсэг гэрээ хэлэлцээр хийсний үндсэн дээр гаргасан. Гацууртын ордыг хувийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж тогтоосон. Тэгэхээр манай тал 34 хүртэлх хувь эзэмших бололцоотой. 34, 20 гэдэг хувилбараар манай ажлын хэсэг судалгаа хийсэн. 20 хувь нь манай талд эрсдэл багатай гэх дүгнэлтэд хүрсэн. Миний хувьд хувь эзэмшихээсээ илүү тусгай төлбөр аваад явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Урьдчилсан тооцоогорр 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалттай компани байгуулах тооцоо гаргасан. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ гаргана” гэлээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.