Ноён С..М.Миронов, Улсын Их Хурлын дэд даргатай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны парламентын харилцаа сайжирч байгааг цохон тэмдэглэсэн юм.
Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог хэлэхдээ, Хоёр орны парламентын харилцаа өргөжин хөгжихийн зэрэгцээ цаашид Засгийн газар хоорондын болон бусад салбар чиглэлүүдэд хамтран ажиллах хэрэгтэй байгааг онцолсон юм. Мөн өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга хатагтай В.И.Матвиенко нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Халх голын ялалтын 75 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн нь хоёр орны улс төрийн харилцааг өргөжүүлж байгаагийн илрэл. Үүнийг эдийн засгийн харилцаагаар өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал байгааг уулзалтын үеэр хоёр тал онцолж байлаа.
Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монголын Энхтайван найрамдлын байгууллагын ерөнхийлөгч Д.Загджав болон албаны бусад хүмүүс байлцлаа.
С.М.Миронов нь 1953 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр Ленинград хотод төрсөн. 1980 онд Г.В.Плехановын нэрэмжит Ленинградын Уул, уурхайн дээд сургууль, 1992 онд Санкт-Петербургийн Техникийн их сургууль, 1997 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн албаны Академийг, 1998 онд Санкт-Петербургийн их сургуулийг хуульч мэргэжлээр тус тус төгссөн байна.
Эх сурвалж: www.mminfo.mn