Шинжлэх ухааны салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Баяртай цалингийн асуудлаар ярилцлаа.
-Тэгэхээр бүтцийн өөрчлөлтийн асуудлаар Ерөнхий сайд шинжлэх ухааны салбарынхны цалинг өгөхгүй хааж, боож байна гэж үзэж байна уу?
-Бид тэгж хардаж байгаа. Сангийн яамны хувьд “Засгийн газрын тогтоол гарсны дараа та бүгдийн цалинг өгнө” гэж хэлж байгаа. Тэгэхээр тогтоолыг Засгийн газрын тэргүүн гаргана. Тиймээс тогтоол нь өнөөдрийг болтол гарахгүй, дараастай, сураг байхгүй л байна. Шинжлэх ухааны салбарын ажилчид цалингаараа амьдардаг. Амьдралын гол эх үүсвэр цалин. Гэтэл цалингаа авч чадахгүй өнөөдөр хүнд байдалтай л байна. Дээрээс нь ажилчдын ихэнх нь банкны зээлтэй. Харамсалтай нь цалингаа цагтаа авч чадахгүй болохоор алдангид орж, банк, цайны газруудаас зээлээ нэхэж байх жишээтэй. Үнэхээр хүнд байна. Биднийг эсэргүүцэл, тэмцэл үзүүлэхээр магадгүй боож байгаа юм уу, бүү мэд. Бид ингэж хардахаас өөр арга алга.
-Бүтцийн өөрчлөлтөөр шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг нэгтгэх зүйл ярьсан. Харин нэгтгэснээр 280 ажилчныг цомхотголд оруулж, 1,4 тэрбум төгрөг хэмнэхээр ярьж байгаа нь хэр зүйтэй, бодитой вэ?
-Монгол Улсын хэмжээнд 1000 судлаач ажиллаж байна. Шинжлэх ухаан гэдэг бол өргөн том далай. Тэгэхээр Монгол Улсын хэмжээнд байгаа 1000 судлаач судалгаа хийх бололцоо, хүний нөөцийн хувьд дутагдалтай байдаг. Харин албан бус байдлаар авсан мэдээллээр 286 хүнийг цомхотгох, төсвийг нь 1,4 тэрбумаар багасах тухай ярьж байна. Энэ бол харамсалтай. Бид үүнийг эсэргүүцэж байгаа.
-Хүрээлэнгүүдийг их, дээд сургуулийн харьяанд болгохоор шинжлэх ухааны салбар устана гэж үзээд байгаа. Гэвч төр мөнгө хэмнэх байдлаар ийм бодлого барьж байгаа нь хэр зөв юм бол?
-Бид бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийг үгүйсгээгүй. Гагцхүү шинжлэх ухааны салбарыг устгаж болохгүй гэдгийг тавьж байгаа. Нэг зүйлийг хэлэхэд, 1997 оны Засгийн газрын 31 дүгээр тогтоолоор Биологи, эрдэс баялгийн хүрээлэнг ШУТИС-д өгсөн. Харин ШУТИС-ийн удирдлагууд “Танай хүрээлэнгийн ажилчдыг байлгах байр байхгүй. Цалинжуулах мөнгө, ажил ч байхгүй. Та нар түрээсийн байр, мөнгө, цалингаа өөрсдөө ол” гэдгээр хандсан. Гэтэл энэ байдлаар явах гэхээр ямар ч боломж байгаагүй. Үүссэн нөхцөл байдлаас болж зарим ажилчид өөр хүрээлэн рүү шилжиж, үлдсэн хүмүүс нь тарж бутарсан. Гэхдээ ажилчид нь холбогдох байгууллагад асуудлаа тавьсан ч тэд таван сарын хугацаад гудамжинд гарсан. Сүүлдээ хамтарсан тушаал гарч буцаагаад академид хүрээлэнг нь шилжүүлж, төсөвт оруулсан ийм жишээ бий. Харин их, дээд сургуулиуд шинжлэх ухааны салбарынхныг хажуудаа авах бололцоо байхгүй. Их, дээд сургуулиуд сургалтад чиглэдэг, судалгааных биш. Оюутнуудынхаа төлбөрөөр бүх зүйлээ зохицуулдаг сургуулиуд шинжлэх ухааны салбарыг авч явна гэдэг үлгэр. МУИС-д Математик, Эдийн засаг, Төр эрхзүйн хүрээлэнг нийлүүлсэн. Өнөөдөр Математикийн хүрээлэн нэр төдий цөөхөн хүнтэй, нэг төсөл хэрэгжүүлж байна уу, үгүй юу гэдэг байгаа. Эдийн засгийн хүрээлэн гэдэг нэр, тамга, гэрчилгээ байгаа. Өөр зүйл байхгүй.
-Шинжлэх ухааны салбарын цалин 500-700 мянган төгрөг байдаг гэлээ. Цалингаараа амьдрах нөхцөл бий юү?
-Бид улс орны эдийн засаг хүнд байгаа үед илүү юм нэхээгүй. Өгдөг хэмжээгээр нь цалингаа тавиач гэж байгаа юм. Түүнээс биш цалин нэм гэдэг зүйлийг яриагүй. Хамгийн гол яагаад ганцхан шинжлэх ухааны салбарын цалинг өгөхгүй байгаа вэ гэдэг асуудал бий.
Эх сурвалж http://www.info.mn