Гандангийн тэргүүтэй үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн хэвийн боов
Тухайн айлын зассан тавагийн идээг харж тэр жилийнх нь өнгийг шинждэг гэж настан буурлууд ихэд хүндэтгэлтэйгээр идээ, будаагаа засдаг. Жилийн жилд иргэдийн дунд хамгийн их эрэлттэй байдаг Гандангийн хэвийн боов энэ жил дээрх захуудын хаана ч адилхан нэг ширхэг нь 2600 төгрөгийн ханштай байна. Мэдээж нэг тавгийн идээ засах буюу 21 ширхэг хэвийн боов авбал суурь еэвэн үнэгүй дагуулж өгөх жишээтэй. Мөн “Ургах жигүүр” ХХК-ийн хэвийн боов нэг ширхэг нь 2400 төгрөг, “Суман гүн” компанийн үйлдвэрлэсэн хэвийн боов ширхэг тутам нь 2000 төгрөгийн ханштай байна. Харин хэвийн боовнууд дундаас хамгийн хямд нь “Атар өргөө” компанийнх байсан бөгөөд нэг ширхэг нь 1800 төгрөг байсан бол хамгийн үнэтэй нь Турк талх нарийн боов ширхэг тутам нь 2700 төгрөгөөр Дүнжингарав төв дээр худалдаалагдаж байлаа. Тавгийн суурь еэвэн том, жижгээсээ хамаараад өөр, өөр үнэтэй. Гурван килограммтай еэвэн 16500 төгрөг, Ерөнхийдөө хэвийн боовны үнэ иймэрхүү бөгөөд бусад газруудаар ч адил төстэй байсан. Гэхдээ аливаа зүйлд урамшуулал гэж байдаг бөгөөд аль ч компани ойрын өдрүүдэд урамшуулалт худалдаа зарласан байсныг уншигчдадаа дуулгах нь зүйтэй байх.
Тарган хонины томхон шиг ууц 250-аас наашгүй…
Ууц гэдэг бол сар шинийн ширээний голлох идээний нэг. Ганц ууц ч гэлтгүй тарган махаар буузаа хийхийг хэн хүнгүй л хүсдэг хойно. Хэдэн зуун саяар тоологдох малтай монголчуудын хувьд өнөөдөр яг үнэндээ итгэмээргүй хувь заяаг туулж байна. Бид бараг нэг кг махыг үнэгүй шахам авах боломжтой атал өнөөдөр кг-г нь 5000-7000 төгрөгөөр худалдан авч байна. Бүр хямдраад байгаа нь энэ шүү дээ. Нийслэл хотын иргэдийн ихэнх нь хүнсээ бэлтгэдэг “Дэнжийн 1000”-н махны зах дээр ямааны мах кг нь 3500 төгрөг, үхрийн мах 6800-7000 төгрөг, хонины мах 4800-5500 төгрөгийн үнэ ханштай худалдаалагдаж байна. Харин ууцны үнэ харьцангуй хямд байгаа нь ажиглагдсан. Хамгийн том болох нас бие гүйцсэн эр хонины ууц 200-250 мянган төгрөгийн хооронд. Үүнээс бага жинтэй ууц нь 100-150 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Эндээс ёстой л нөгөө “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэдэг шиг хэн мөнгөтэй нь хүссэн ууцаа, хэн боломж муутай нөгөөдөх нь хэрд таарсангаа авах боломжтой. Жил бүрийн нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхэн үе бол махны ченжүүдийн хамгийн оргил орлогын үе. Энэ үед л мах үнэд ордог учиртай. Харин энэ жилийн хувьд махны үнэ өнгөрсөн жилийг бодвол кг тутам нь 1000-2000 төгрөгөөр татуу байгаа ажээ. Гэхдээ бадарчин баярлах болоогүй махны үнэ өнөөдрөөс хойш цагаан сар болтол өдрөөс өдөрт бараг цаг миниутаар л өсдөг жамтай.
Дахиад л цагаан идээний үнэ өсчээ
Цагаан идээний үнэ ханшийг сонирхохоор Баянзүрх дүүргийн “Тэнгэр” худалдааны төвийг зорьлоо. Цаг оройхон болсон болоод ч тэр үү, цагаан сарын бэлтгэл арайхан эхлээгүй байгаад ч тэр үү очсон газар маань иргэдийн хөл хөдөлгөө бага байв. Тавгийн идээний голлох чимгүүдийн нэг бол яалтгүй хорхой ааруул, хэвлэж гаргасан дугуй ааруулууд байдаг. Энд ааруулны үнэ хагас кг нь хэлбэр хийц, өнгө үзэмжээсээ шалтгаалан 9000-180000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Харин тогооны өрөм 10000 төгрөг, шар тос кг нь 8000 төгрөгийн үнэтэй худалдагдаж харагдлаа. Сүүлийн жилүүдэд зарим айлууд тавгийн идээгээ дан цагаан идээгээр засдаг болсон нь нэлээдгүй өвөрмөц харагддаг билээ. Дээр махны үнэ буурсан тухай дурдсан. Тэгвэл энэ жил цагаан идээний үнэ эсрэгээрээ нэмэгдсэн байх юм. Ер нь цагаан идээний хэрэглээ сүүлийн жилүүдэд элбэгшиж, айл бүр хятадын гэж нэрлэгдэх элдэв чихэр жимсээр тавгаа дүүргэхийн оронд цагаан идээгээрээ чимэх хандлагатай байгаа. Тиймээс ааруул, өрөм тэргүүтэй цагаан идээний үнэ жил бүрийн энэ цаг үед эрчээ авах хандлага ажиглагдаж байна.
Дээл бүсээ дээдлэх болсон уламжлалт баяр
Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө дээл өмссөн хүнийг хөдөөний хүнээр төсөөлдөг байсан тэр цаг үе нэгэнт үеэ өнгөрөөжээ. Орчин цагт бол дээлээрээ гангарна гэдэг нэг ёсондоо ихээхэн бахархал болон хувирчээ. Гэхдээ нөгөөл тансаглалд дуртай бидний хувьд аль үнэтэй, өнгөтэй, өөдтэй болгоны худалдаж авч өмч хөрөнгө , өнгө төрхөө гайхуулах хандлага ажиглагдах болсон нь үнэн. Ямартаа ч төрт ёс, түүхт уламжлалаа дээдлэн үндэсний баяр цагаан сараараа дээлээ өмсөж буй нь ихээхэн талархууштай хэрэг. Ингээд захуудаар дээлийн үнийг сонирхлоо. Манай үйлдвэрлэгчид ч хэрэглээгээ дагаад өнгө төрх, загвар дизайн нь ихээхэн сайржирсан байгаа нь нүдэнд ил үзэгдэнэ. Дээл нь хийсэн материал болон уран нарийн шаглаа, загвар дизайнаасаа шалтгаалан янз бүрийн үнэтэй. Жишээлбэл эрэгтэй, эмэгтэй дан дээл хамгийн хямд нь 150 мянган төгрөөс эхлэж байх юм. Сүүлийн жилүүдэд гэр бүлээрээ гангарах болсон хос дээл 250 мянган төгрөгөөс эхлэх жишээтэй. Хамгийн үнэтэй нь дээл нь 750-800 мянган төгрөг, бүр цаашлаад нэг саяас дээш үнэтэй нь ч байна. Дээлийн торгоны хувьд хамгийн хямд нь хуучны 92-ын гэгддэг торго нэг метр нь 3500 төгрөг. Хамгийн үнэтэй нь үйтэн хуар бөгөөд нэг метр нь 100 мянган төгрөгөөр зарагдаж харагдав.
Мөн энэ үеэр хамгийн их ачаалалтай ажиллаж, тэр хэрээрээ дажгүй орлого олдог хүмүүс бол оёдолчид. Тэд энгийн дээлийг материал нь орохгүйгээр 65000 төгрөгөөр оёдог. Харин иргэдийн хүссэн загвараар чамин, дэгжин загвартайг нь 150.000-200.000 төгрөгийн ханшаар оёх гэнэ. Тэгвэл хүүхдийн дээлийг материал нь оролгүйгээр 25000-60000 төгрөгийн үнэ ханштайгаар оёдог юм байна.
Гурил цагаан сарын гол хэрэглэгдэхүүн
Өргөн хэрэглээний бараа дунд голлох байр суурьтай нь гурил. Цагаан сарын баяраар магадгүй хамгийн их хэрэглэгддэг нь бас л гурил. Зарим айлууд гэртээ хэвийн боовоо хийдэг уламжлалтай. Мөн дээрээс нь бууз, хуушуур гэх зэргээр гурилгүй зүйл үгүй. Тэгвэл гурилны 5 кг тутмын үнэ нь Алейка 6240 төгрөг, Атар дээд 6000 төгрөг, Атар нэгдүгээр гурил 5210 төгрөг, Алтан тариа нэгдүгээр гурил 8010 төгрөг, Алтан тариа дээдийн дээд нь 7250 төгрийг үнэтэй худалдаалагдаж байна. Цесна 25 кг-аар савласан нь 36500 төгрөгийн үнэтэй байна.
Эх сурвалж: Zaluu.com