Comment.mn

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлаа даатгалын сангаас төлүүлэх эрхийг хуулиар тогтоов

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлаа даатгалын сангаас төлүүлэх эрхийг хуулиар тогтоов

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэ түвшинд гаргаж хөгжүүлэх шинэчлэлийн зорилтыг тусгасан юм. Монгол Улс 1994 оноос хойш бүх нийтийг хамарсан эрүүл мэндийн нийгмийн даатгалын тогтолцоог бий болгож, 2014 оны эцсийн байдлаар нийт хүн амын 94 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан амжилттай байгаа боловч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарт даатгуулагчийн өгөх үнэлэмж доогуур, даатгуулагчийн хүртэх тусламж, үйлчилгээний хүрээ хязгаарлагдмал, халааснаасаа төлдөг зардал өндөр байна. Даатгуулагчийн эрх ашгийг дээдэлж, түүнийг төлөөлөн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээ худалдан авах чадавхитай бие даасан даатгалын байгууллагыг бий болгож, даатгуулагчид учирч байгаа санхүүгийн эрсдлийг аль болох бүрэн хуваалцдаг тогтолцоонд шилжих зайлшгүй шаардлага тулгамдаад байсан.

Иймд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газраас санаачлан боловсруулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлан гаргалаа. Эрүүл мэндийн даатгалын тухай шинэ хуульд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн даатуулагч чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах, өөрсдийн төлөөллөөрөө дамжуулан эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд оролцох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлаа даатгалын сангаас төлүүлэх эрхийг хуулиар тогтоов.
Түүнчлэн шинэ хууль батлагдан гарснаар эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцыг өргөтгөлөө. Тухайлбал, өрх, сумын эмнэлгийн түвшинд үзүүлэх эмчилгээ, оношилгоо, шинжилгээний зардал, урьдчилан сэргийлэх үзлэг болон бусад шатлалын эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх хорт хавдрын хими, туяа эмчилгээний зардал, өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, протез, ортопедийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг боллоо. Даатгуулагч зөвхөн өрхийн эмчийн бичсэн жороор эм худалдан авахад даатгалын сангаас үнийн хөнгөлөлт авдаг байсан бол 2 дахь шатлалын буюу аймаг, дүүргийн амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн бичсэн жороор эм худалдан авахад мөн үнийн хөнгөлөлт эдлэхээр шинэ хуульд тусгасан байна. Даатгуулагчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас түлхүү санхүүжүүлдэг байсан бол цаашид даатгуулагчийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулахад анхаарах, үүнтэй холбоотой зардлыг даатгалын сангаас гаргах, даатгалын байгууллага даатгуулагчийг үзлэгт хамруулах талаар урьдчилан заавал мэдэгдэж байх зохицуулалтуудыг шинэ хуульд тусгажээ.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай өмчийн хэлбэрийг үл харгалзан гэрээ байгуулан ажиллаж, даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, чанар, даатгуулагчаас гаргуулсан төлбөрт байнга хяналт тавьдаг болно. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу даатгуулагч бүрт даатгалын цахим карт олгох бөгөөд уг карт нь даатгуулагчийн шимтгэл төлсөн байдал, хувийн мэдээллээс гадна шаардлагатай эрүүл мэндийн үзлэгийн талаарх мэдээллийг агуулна. Мөн даатгалын цахим картыг нэвтрүүлснээр даатгалын байгууллагаас эмнэлгийн байгууллагууд руу тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг богино хугацаанд шилжүүлэх мэдээллийн цахим сан бий болох нөхцөл бүрдэх ажээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг 2015 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.