Comment.mn

УИХ-ын эмэгтэй гишүүд СХД-ийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа

УИХ-ын эмэгтэй гишүүд СХД-ийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, З.Баянсэлэнгэ нар өнөөдөр  Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллав.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөс үүдэн эмнэлгүүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байгаа гэх мэдээллийн дагуу УИХ-ын эмэгтэй гишүүд газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцлаа. СХД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа нөхцөл байдлаа танилцуулав. Тэрээр “Согтуу иргэдийг эмнэлэгт хүлээн авч, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явцад эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх нь зөрчигдөж, эрүүл мэндээрээ хохирдог. Биеэ хянах чадаваргүй болтлоо согтсон иргэн яаралтай тусламж үзүүлэх гэсэн эмч, эмнэлгийн ажилтнуудыг зодож, гэмтээх, эмнэлгийн багаж, төхөөрөмж, эд хөрөнгийг эвдэх, орчныг бохирдуулах явдал байнга гардаг. Мөн бусад хэвтэн эмчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг ч үүнийг шийдэх боломж одоогоор бидэнд алга” гэлээ. Мөн эмнэлэгт согтуу иргэдийг хүлээн авах тусгай өрөө байхгүй учраас өвчтөн хүлээн авдаг нэг өрөөгөө тусгаарлах өрөө болгоод байгаа гэв. Эрүүлжлүүлэх эмчилгээнд зориулах зардлыг эмнэлгийн төсөвт тусгаагүй учир яаралтай тусламж, эрчимт эмчилгээний зардлаас дээрх үйлчилгээний зардлыг гаргаж байгаа талаараа дуулгасан юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа цагдаа, эмнэлгийн байгууллагын ажилтнууд тусгай орчинд үйлчилгээ үзүүлэх шаардлагатайг өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл харуулж байгааг онцолсон.

Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5.1 заалтыг 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс хойш мөрдөж эхэлсэн. Тус заалтад цагдаа нар өөрийгөө хянах чадваргүй болсон этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эмнэлгийн байгууллагат хүлээлгэн өгнө гэсэн байгаа. Эмнэлгүүд жил хагасын хугацаанд согтуу иргэдийг эрүүлжлүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа ч бодит байдал дээр яаралтай шийдвэрлэх шаардлагатай олон асуудал үүсээд байна. Цаашид энэ хэвээрээ байх боломжгүй.

Бид энэ асуудлаар Ерөнхий сайд, Хууль зүйн сайдтай уулзсан, УИХ-ын даргатай зөвшилцсөн гэдгээ энэ үеэр дуулгасан. Мөн энэ асуудлыг яаралтай шийдэх үүднээс хуулийн төсөл бичиж байгаа гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

УИХ-ын эмэгтэй гишүүд СХД-ийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа

Эх сурвалж http://www.info.mn

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.