Comment.mn

Г.Шийлэгдамба: Элэгний өвчлөлийг бууруулах эм удахгүй орж ирнэ

Г.Шийлэгдамба: Элэгний өвчлөлийг бууруулах эм удахгүй орж ирнэ

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай элэгний С вирусыг эмчлэх “Sovaldi” эм хэзээ орж ирэх, мөн элэгний өвчлөлийг бууруулахад төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар ярилцлаа.

-Таны хувьд сайд болсон дариудаа элэгний өвчлөлийг бууруулах эмийг гаднаас оруулж ирэх хугацааг ойртуулсан шийдвэр гаргасан. “Эрүүл элэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил ямар шатандаа байна вэ?

-Монголчуудын хувьд эрүүл мэндийн тулгамдсан, гол өвчлөлийн асуудал бол элэгний хорт хавдар байгаа. “Эрүүл элэг” хөтөлбөрийг санаачилж байгаа төрийн болон төрийн бус байгууллага хувийн болон төрийн эмнэлгүүд, мэргэжлийн салбарын төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор сүүлийн үед элэгний асуудлыг нэлээд авч хэлэлцсэн. Одоо бол үр дүн шаардаж байна. Үүний зэрэгцээ олон улсын өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэж байгаа стандартын шаардлага хангасан эмийг яаж бага үнээр олгох. Элэгний өвчлөлөөр зовж шаналж байгаа олон иргэнийг зовлон ангижралаас гаргахын тулд төр ямар зохицуулалт хийх вэ гэдэг асуудлыг хөндөж байна. Элэгний С вирустэй холбоотой гэж яригдаж байгаа асуудалд зохицуулалт хийх үүднээс тодорхой журмуудад өөрчлөлт оруулсан. Элэгний С вирусыг эмчлэх эмийн хувьд харьцангуй өндөр үнэтэй эмийн жагсаалтад ордог. Тиймээс төрийн зүгээс гаалиар орж ирэх үед татвар, хөнгөлөлт үзүүлэх, цаашлаад даатгалтай хэрхэн холбож өгөх үү гэдгийг гаргаж өгөх хэрэгтэй.

-Элэгний С вирусыг эмчлэх “Sofosbuvir” эмийн үнийг 44 дахин хямдралтай худалдан авах тухай баталгаажуулсан. Тэгэхээр нэг өвчтөний гарт хэдэн төгрөгөөр ирнэ гэсэн үг вэ?

-С вирустэй холбоотой сүүлийн үеийн эмүүд 80 орчим мянган ам.долларын түвшинд байна гэдгийг мэргэжлийн хүмүүс тооцоо, судалгааг нь гаргасан. Мэдээж хэрэг ийм өндөр үнээр хэрэглэгчид ашиглах боломжгүй. Тиймээс Монгол Улсын хэмжээнд мөрдөгддөг олон улсын тусгай хөтөлбөрийн хүрээнд онцгой хямралтай үнээр оруулж ирэх бололцоог цаад нийлүүлэгч талаас илэрхийлж, бидэнд хандсан. Энэ үнээр аваад үзвэл гурван сарын курс эмчилгээнд шаардагдах эм 900 ам.доллар, зургаан сарынх нь 1900 ам.доллар гэсэн түвшинд ярьж байна. Гэхдээ төрөөс тодорхой зохицуулалт хийх байдлаар үнийг бууруулах бололцоотой гэдгээр гаалийн татвар, Эрүүл мэндийн даатгалтай холбох байдлаар иргэдийн гарт ирэх үнийг улам л багасгахыг цаашид УИХ, Засгийн газар анхаарах ёстой гэдэг нь тавигдаж байна. Энэ талаар ажиллах ёстой.

-Иргэдийн хувьд элэгний вирусыг устгах, эмчилгээнд зориулагдах эм хэзээ орж ирэх бол гэсэн хүлээлттэй байна?

-Бид саяхан Эмийн бүртгэлийн журамд өөрчлөлт оруулсан. Тэгэхээр журам, зохицуулалтаар ямар нэгэн саад бэрхшээлгүй болсон гэж ойлгож болно.

-Монгол Улсын эмийн бүртгэлд “Sofosbuvir” эмийг бүртгэх боломжгүй гэж үзэж байсан. Тэгвэл энэ асуудал журмаараа шийдэгдсэн гэсэн үг үү?

-Бололцоотой болсон. Энэ нөхцөлийг бүрдүүлэхээр тодорхой зохицуулалтыг хийсэн. Эмийн зөвлөл тухайн эмийг бүртгэхээр процесс үргэлжилж байна. Нэр бүхий эм хангамжийн тусгай зөвшөөрөлтэй компани дээрх эмийн бүтээгдэхүүнийг оруулж ирэх, бүртгүүлэх хүсэлтээ тавьсан. Ингээд ирэхээр ойрын үед элэгний вирусыг эмчлэх эм Монгол Улсад нэвтэрч бүртгэгдсэнээр холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хяналтан дор байх бололцоо бүрдэнэ.

-Ингэхэд эмнэлэг эрүүлжүүлэх талбар боллоо гэсэн шүүмжлэл гарч байна. Та энэ тал дээр хэрхэн хандаж байна вэ?

-Хуулийн шинэчлэлийн хүрээнд тэр дундаа эрүүл мэндийн салбарт хийгдсэн хуулийн өөрчлөлт, зохицуулалт бодит амьдрал дээр ямар нөхцөл байдал бий болгов гэдэг нь  ард иргэдийн өмнө ил болж байна. Бидний хувьд Хууль зүйн сайдтай яг энэ тодорхой асуудлаар ярьж, хуулийн өөрчлөлтийг эргэж харах шаардлагатай байна гэдгээ тавина. Хэдийгээр архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн гэдгээр шаардлагатай гэвэл эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх нь зүй ёсны хэрэг боловч энэ үйл ажиллагаа нь өөрөө тухайн байгууллагаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах олон иргэний бололцоог хааж байгаа юм. Энэ утгаараа нь авч үзвэл эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудлыг шийдэх байтал дээр нь нэрмээс болж, утга авцалдаагүй зохицуулалтаас үүсч байгаа сөрөг үр дүнг яаралтай засч, залруулах шаардлагатай байна.

С.БАЯСГАЛАН

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.