Comment.mn

М.Лхагвасүрэн: Жирэмсэн болон амаржсан эхийн мөнгийг олгож эхэлсэн

М.Лхагвасүрэн:  Жирэмсэн болон амаржсан эхийн мөнгийг олгож эхэлсэн Халамжийн мөнгийг хэзээнээс олгож эхлэх талаар Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга М.Лхагвасүрэнгээс тодрууллаа

-Одонтой эхийн болон хүүхдийн мөнгийг хэзээнээс олгож эхлэх вэ?

-Хүүхдийн мөнгө “Хүний хөгжил” сангаас санхүүждэг. Энэ оны төсөвт 236 орчим тэрбум төгрөгийг баталсан. Журмын дагуу сар болгоны 20- нд хүүхдийн мөнгийг оруулсан байх ёстой. Гэвч энэ жил төсөв батлахтай холбоотой хойшилсон. Тийм учир өнөө, маргаашгүй хүүхдүүдийн дансанд мөнгө нь шилжиж орно. Мөн жирэмсэн болон амаржсан эхчүүдийн мөнгийг өчигдрөөс олгож эхэлсэн. Энэ мөнгийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг. Аймаг, дүүргийн халамжийн хэлтэс рүү санхүүжилт нь орсон. Дээрх мөнгийг хасч танаагүй учир хуучнаараа олгоно. Харин одонтой эхчүүдийн мөнгийг улсын төсвөөс олгодог. Эрхийг нь нээсэн болохоор удахгүй олгоно.

-Цагаан сар дөхөж байгаа болохоор иргэд одонгийн мөнгийг баяраас өмнө өгөх болов уу гэсэн хүлээлттэй байгаа?

-Улсын төсөвт хэдий хэмжээний мөнгө төвлөрч байгаагаас одонтой эхийн мөнгийг хэзээ олгохыг нь шийднэ. Журмын дагуу тухайн оныхоо нэгдүгээр улиралд багтаан олгох ёстой. Энэ хугацаандаа багтааж олгоно. Одонгийн мөнгийг эмэгтэйчүүд, эхчүүдэд зориулсан гэдэг утгаараа Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өмнө олгодог. Мөнгөний төвлөрөл сайн байвал Цагаан сарын өмнө олгоно.

-Энэ онд хэчнээн эхэд одонгийн мөнгө олгох вэ?

-Өнгөрсөн жил 203 мянган эх одонгийн мөнгө авсан. Энэ жил мөн энэ хэмжээний эх одонгийн мөнгө авна. Дээр нь хэчнээн хүнд эрх нь үүссэн гэдгээс хамаарч нэмэгдэх байх. Жилийн дунджаар 2800 эх шинээр нэмэгдэж байна. Одонг олгох шалгуур үзүүлэлт буурснаас одон авах эхчүүдийн тоо огцом өссөн.

-Төсөвт 19.4 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Энэ мөнгө санхүүжилтэд хангалттай хүрэх үү?

-Хүрнэ. Эхлээд одон авах эхчүүддээ, дараа нь нэмэгдсэн эхчүүдээ тооцож төсвөө баталдаг. Тэгэхээр санхүүжилт хүрэхгүй гэж санаа зоволтгүй.

М.ЭНХЦЭЦЭГ

Монголын үнэн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.