Украин улс задарч эхэлсэн бөгөөд энэ нь тус улсын элитүүдийн хариуцлагагүй байр сууринаас болж буйг тус улсын Ерөнхийлөгч асан Леонид Кравчук өгүүлжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Украины хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Элитүүд хагаралдаж, тодорхой биш зүйлийн төлөө хоорондоо маргалдаж байна. Үнэндээ бол Украин оронд нөмрөөд буй аюулыг зайлуулах хариуцлага тэдэнд алга. Гэтэл аюул үнэхээр ноцтой байна. Улс орон маань задран унаж байна. Энэ тухай нухацтай ярилцах хэрэгтэй” гэжээ. Тэрбээр Украины эрх баригчдаас сүүлийн хорин жилийн турш гаргасан системийн алдаа ийм нөхцөл байдалд хүргэсэн хэмээн дүгнэжээ. Энэ тухайд Леонид Кравчук“Хэн нэг нь Донбассын төлөө дорвитой ажил хийсэн үү. Крымийг ойлгож, энэ бүс нутагт зохих ёсоор ажил хийсэн үү? Тэгсэн мөртөө одоо хоёр өдрийн дотор биднийг ямар нэг зүйл хийхийг хүсч байна. Энэ богино хугацаанд бид юу ч хийж амжихгүй” гэжээ. Ерөнхийлөгч асан энэ нөхцөл байдлаас гарах цорын ганц арга зам бол бүс нутгуудад илүү эрх мэдэл олгох гэж үзсэн аж. Л.Кравчук “Үндсэн хууль ямар байх тухай яриагаа зогсоож, бүс нутгуудад өргөн эрх мэдэл олгон тэдэнтэй ажиллаж эхлэх хэрэгтэй” гэсэн байна.
Д.Болд
Эх сурвалж: www.unen.mn