-Хараа хяналтгүй хүүхдүүдэд хяналт тавих Хүүхэд хамгаалах, хаяг тогтоох төв яагаад үйл ажиллагаа явуулахаа больсон юм бэ?
-Хараа хяналтгүй хүүхдийн тухай асуудал 1990-ээд оноос хойш яригдаж эхэлсэн. Улмаар 1996 онд Нийслэлийн цагдаагийн газрын бүтцэд Хүүхэд хамгаалах, хаяг тогтоох төв гэж байгуулсан. Тус төв өнгөрсөн оны хоёрдугаар сар хүртэл ажиллаж байсан. Энэ хугацаанд нийтдээ энэ төвд давхардсан тоогоор 25000 гаруй хүүхэд байршсан.
Түүнчлэн 11000 орчим хүүхдийг судалгаанд хамруулж, санд бүртгэж ажилласан. Ингээд 2014 оны хоёрдугаар сараас Нийслэлийн цагдаагийн газрын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулаад Хүүхэд хамгаалах, хаяг тогтоох төвийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөөд, Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр болгож өөрчилсөн. Энэ өөрчлөлттэй холбогдон хараа хяналтгүй хүүхдүүдийг хаана байршуулах, нийгмийн асуудлыг нь хэрхэн шийдэх зэрэг асуудал үндсэндээ тугамдсан асуудал болж эхэлсэн.
-Уг нь хараа хяналтгүй хүүхдийг цагдаа хариуцдаг байхдаа хэр хугацаанд хамгаалах төвдөө байршуулдаг байсан юм бэ?
-Цагдаагийн байгууллага олон жилийн хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах, ялангуяа хараа хяналтгүй тэнээд байгаа зорилтот бүлгийн хүүхдүүдийг нийгэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, эрүүл мэнд, амь насыг нь хамгаалах гэх мэт бүхий л чиглэлээр ажиллаж байсан. Хүүхдүүдийг доод тал нь зургаан сар, түүнээс дээш хугацаагаар Хүүхэд хамгаалах, хаяг тогтоох төвдөө байршуулдаг байсан.
-Одоо цагдаагийн байгууллага эдгээр хүүхдүүдэд ямар нэгэн анхаарал тавихгүй гэсэн үг үү?
-Өнгөрсөн 2014 оны долдугаар сард Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Энэ хуульд “Цагдаагийн байгууллага хараа хяналтгүй хүүхдийн асуудлыг шийдэхэд туслалцаа үзүүлнэ” гэсэн заалт оруулж өгсөн. Тиймээс хараа хяналтгүй хүүхдүүдийн нийгмийн асуудлыг цагдаа хариуцдаг байхаа больсон гэсэн үг. Харин хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаас нь голлон ажиллах чиг үүрэгтэй болсон. Өмнө нь цагдаагийн байгууллага энэ хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ажилладаг байлаа. Дүүргүүдийн цагдаагийн машинт эргүүлүүд тэдгээр хүүхдүүдийг олж авчран, хонуулж өнжүүлээд, хооллож ундлаад, эцэг эх, гэр оронтой нэгнийг нь гэр орныхонд нь хүлээлгэж өгөх байдлаар ажилладаг байсан.
Судалгаа хийж үзэхэд нэг хүүхэд гэхэд л манай төвд ойролцоогоор 100 удаа хүргэгдэн ирж байсан. Сүүлдээ хаяг тогтоохын хүүхдүүд гэж нэрлэгдэхдээ хүрч байсан. Учир нь өнөөдөр гэрт нь хүргэж өглөө гэхэд маргааш дахиад л гадуур тэнэж байна. Яагаад гэхээр тэр гэр оронд нь гэр бүлийн хүчирхийлэл, өлсгөлөн, ядуурал гэх мэт амьдарч болох нөхцөл байдал үүсэхгүй байгаа болоод тэр. Олон жилийн туршлагаас харахад хүүхдийн асуудлыг цогцоор нь шийдэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Энэ асуудалд төрөөс дорвитой анхаарч, цогц байдлаар зохицуулах зайлшгүй шаардлага байна. Түүнээс гадна хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд сайн ажиллах хэрэгтэй.
-Ер нь хараа хяналтгүй хүүхдүүдийг хамгаалахад ямар нэгэн ахиц гарч байгаа зүйл байна уу?
-Хүүхдийн төлөө үндэсний газар, ЦЕГ-ын 2014 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр хамтарсан тушаалаар Хараа хяналтгүй хүүхдийн асуудлыг зохицуулах журам батлагдсан. Уг нь нийслэлийн хэмжээнд хараа хяналтгүй хүүхдүүдийг асран хамгаалах үйлчилгээг зохицуулагч байгууллага гэж байх ёстой. Энэ асуудлыг Хүүхдийн төлөө үндэсний газар шийдвэрлэх талаар журамд заасан байгаа. Уг асуудлыг шийдвэрлэхэд олон бэрхшээл гарч ирсэн.
Тухайлбал, хоол, хувцас гээд ахуйн хэрэгцээний энгийн зүйлсээс эхлээд эмчилгээ үйлчилгээний зардал гэх мэт төсөв мөнгө маш их хэрэгтэй байгаа юм. Гэхдээ удахгүй энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ Хүүхдийн төлөө үндэсний газрынхан ярьж байсан. Мөн НЗДТГ-аас энэ асуудлаар тодорхой арга хэмжээ авч эхэлж байгаа. Тэнэмэл гэгддэг иргэд нийслэлд их байгаа учраас тэдгээр иргэдийг нийгэмшүүлэх хөтөлбөр боловсруулсан. Гэхдээ одоохондоо төслийн хүрээнд явж байна.
Эх сурвалж: www.mminfo.mn