“Эрдэнэс Тавантолгой” компани Америкийн компаниас 17 тэрбумын хууль зүйн зөвлөгөө авах тухай саналыг төсвийн тодотголд оруулж иржээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа.
-Эдийн засаг хүнд байхад хуулийн зөвлөгөө авахаар ийм их хэмжээний мөнгө зарцуулах нь зөв үү?
-Гадаадын компаниас17 тэрбум төг рөгөөр хуулийн зөвлөгөө авах санал орж ирлээ. Энэ асуудлыг би Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр тавьсан ч миний санал уначихлаа. Ийм мэдээлэл надад хоёр өдрийн өмнө ирсэн. Яагаад Монголынхоо эрдэмтдээс хууль зүйн зөвлөгөө авч болохгүй байгаа юм бэ. Эдийн засаг хүндэрч байна гэж хүн болгон ярьж байна. Тийм байхад Америкаас хуулийн зөвлөгөө авахаар ийм их хэмжээний мөнгө цацаж болохгүй. Хэдийгээр миний санал байнгын хороогоор унасан ч чуулганы хуралдаан дээр байр сууриа илэрхийлнэ. Энэ талаар Монголынхоо судлаач, эрдэмтдийн үгийг сонсоно. Өмнөх Засгийн газрын үед хөндсөн асуудал гэж ойлголоо. Далд байсныг нь асууж, араас нь хөөцөлдөж байж оруулж ирлээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан Монголын татвар төлөгчдийн мөнгөөр зөвлөгөө авах гэж байгаагаа УИХ-д мэдээлэх ёстой байсан.
-Та дэд сайдын орон тоог байхгүй болгох зарчмын зөрүүтэй санал оруулсан ч дэмжсэнгүй. Яагаад ийм санал гаргах болов?
-Би дэд сайдын суудлыг байхгүй болгох санал гаргасан нь улстөрчдийн эсэргүүцэлтэй маш их тулгарч байна. “Дэд сайд нар дөнгөж томилогдож байхад хүний амьдралыг бодолцож үзээч” гэсэн агуулгатай үг надад хэлж байгаа. Би УИХ-ын гишүүн, сайд нарт таалагдах гэж төрийн түшээ болоогүй. Энд ард түмэндээ таалагдаж, тэдний эрх ашгийн төлөө үйлчлэхээр ирсэн. Тэдний зовлон бэрхшээлийг шийдэхээр орж ирсэн. Засгийн газраас төрийн байгууллагын ажилчдын 15 хувийг цомхотгож байгаа. Үүнд эрүүл мэнд, боловсролын салбарын дунд төвшний ажилчид өртөж байгаа. Дээр нь одонтой эхчүүд, хүүхдийн мөнгө рүү сарвайж байж 17 дэд сайдаа огцруулах улс төрийн эр зориггүй байна гэдэг буруу. “Шатыг дээрээс нь шүүрддэг” гэж үг бий. Тэгэхээр улстөрчид бид өөрсдөөсөө хэмнэлтийг эхлэх ёстой. Дэд сайдын суудлыг намууд мөнгөөр худалдаж авдаг гэдгийг би энд ярихгүй байгаа. Дэд сайдуудын үйл ажиллагааны зардалд 455 сая төгрөг байна. Улстөрчдийн хувьд бага мөнгө байж болох ч иргэдэд бол их мөнгө.
Ц.Анир
Эх сурвалж: www.unen.mn