Дугаарын хязгаарлалтгүй өдөр зорчиж, улмаар шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийн эрхэнд халдсан 01-64 УБҮ улсын дугаартай Бенз G-500 маркийн автомашины жолооч эмэгтэйг 1500 төгрөгөөр торгосон тухай torguuli.mn сайтад мэдээлсэн билээ.
Зөрчил гаргасан жолоочийг 1000-10000 төгрөгөөр торгоно гэсэн хуулийн заалт байдаг ч цагдаагийн алба хаагчид бодит байдал дээр доод тал нь 5000 төгрөгөөр торгодог. Гэтэл УИХ-ын гишүүн асан, “Нарантуул” худалдааны төвийн захирал Ш.Сайхансамбуугийн хамаатан хэмээн сайтуудаар мэдээлэгдсэн эмэгтэйг 1500 төгрөгөөр торгон явуулсанд иргэд ихээн бухимдаж, олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлж байна.
Харин энэ талаар ЗЦГ-аас 01-64 УБҮ улсын дугаартай Бенз-G маркийн автомашины жолоочийн бичиг баримтыг түр хураан авсан байгаа. Торгуулийн арга хэмжээ аваад явуулсан гэх ташаа мэдээлэл цацагдаж байгаа шалтгаан нь torguuli.mn сайтад алдаатай бүртгэгдсэнээс үүдэлтэй. Тухайн жолоочийн гаргасан зөрчил нь дугаарын хязгаарлалт зөрчсөн, зохицуулагчийн дохио зөрчсөн, дуут дохио хэрэглэх журам зөрчсөн, жолоочийн үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчлүүд болно” гэж тайлбарлалаа.
Эх сурвалж: www.goodnews.mn