Дууны урын сан, хөгжмийн найруулгыг шинэчилж, содон бүтээлээр баяжуулах зорилготой “Морин хуур” наадмын 28 дахь удаагийн шалгаруулалт эхэлжээ. Нийтийн дууны урлагийн уран бүтээлчдийн ур чадварыг сорьдог тус наадмын цар хүрээ жилээс жилд тэлж байгаа аж. Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг дуу, хөгжмийн зохиолчийг шалгаруулах наадмыг 1987 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байна. Зуун дамжсан наадмын талаар Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяртай ярилцлаа.
-“Морин хуур” наадмын шалгаруулалт эхэлжээ. 28 дахь удаагийн наадмын өнгө ямар байна вэ?
-“Морин хуур” наадмыг 1987 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байна. Тэр дундаа тус наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Наадмыг ийнхүү Ерөнхийлөгч ивээлдээ авсан нь хөгжмийн зохиолчдын шинэ бүтээлийг Монголын дууны урын санд авч үлдэх ач холбогдолтойгоос гадна монголчуудын хөгжмийн боловсролд дуугаар дамжуулан олгодог мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой байх. Хүмүүсийн хоорондын харилцаа, эх нутаг, ээжийгээ хайрлаж энэрэх, үр хүүхдээ өсгөж бойжуулах тухай бүх мэдээлэл нийтийн дуугаар дамжин хүрдэг учир бидний энэ удаагийн наадмыг “Ажнай” корпорацийнхан дэмжин буянтай ажил хийж байна.
Энэ жилийн “Морин хуур” наадамд оролцож байгаа бүх уран бүтээлийг “Эх орон” телевизээр орон даяар шууд дамжуулж эхэлсэн. Техникийн бололцоо олдвол дараагийн долоо хоногоос өөр телевизээр нэгдүгээр шатны шалгаруулалтаа дамжуулна. Ингэж үзэгчдээс санал авснаар ард түмний наадам болж байгаа хэрэг юм.
-Өмнөх жилүүдэд оролцож байсан уран бүтээлчид энэ жил мөн өрсөлдөж байна уу?
-“Морин хуур” наадамд данстай уран бүтээлчид энэ жил оролцдогоороо оролцож байна. Мөн энэ жил хөдөө орон нутгийн уран бүтээлчид бүтээлүүдээ ирүүлсэн. Тэдний зарим нь Улаанбаатарт ирж дуугаа бичүүлсэн. Ирж бичүүлэх боломжгүй хүмүүс клипээ өгч явуулаад байна. Мөн уран бүтээлчдийн аймгийнхаа телевизэд бичүүлсэн бичлэгийг нь хүлээн авсан. Энэ удаагийн “Морин хуур” наадамд залуу уран бүтээлчид илүүтэй оролцож байна.
-Наадмын эхний шалгаруулалтад хэдэн хүн бүртгүүлээд байна вэ?
-Одоогийн байдлаар 69 дуу бичүүлсэн байна. Энэ долоо хоног дуустал уран бүтээлчид дуугаа бичүүлнэ гэхээр нийтдээ 90-ээд уран бүтээл энэ удаагийн наадамд бүртгүүлэх болов уу гэж бодож байна. Телевиз үзэгчдийн болон интернэтээр ирсэн санал сэтгэгдлийг үндэслээд мэргэжлийн шүүгчдийн хяналтаар нэгдүгээр шатны оролцогчдоос 20 гаруй бүтээлийг шалгаруулна. Төгсгөлийн шалгаруулалт ирэх сарын 15-нд Соёлын төв өргөөнд болох бөгөөд энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн цом, БШУ-ы сайдын цом, ивээн тэтгэгчдийн шагнал гардуулах юм.
-Сар шинийн баяраар үзэгчид “Морин хуур” наадмыг хүлээн авч үзэх нь ээ?
-Ер нь жил жилийн Цагаан сараар “Морин хуур” наадам үзэгч түмэндээ хүрдэг. Гэхдээ бид тэгж тааруулдаггүй.
-Наадмын шүүгчдийн нэрс тодорсон уу?
-Одоогийн байдлаар шүүгчид тодроогүй байна. Учир нь нэгдүгээр шатны шалгаруулалт дуусаагүй байна шүү дээ. Шалгаруулалт дууссаны дараа наадамд бүтээл нь ирээгүй уран бүтээлчдээс шалгаруулж шүүгчдийг томилно. Дээрээс нь шүүгчдийн нэрсийг эрт зарлахаар янз бүрийн байдал үүсэх гээд байдаг. Тэгэхээр энэ жил наадамд бүтээлээ сойгоогүй уран бүтээлчдээс саналыг нь авч, хөгжим судлаач оролцуулна.
-Энэ жилийн наадамд та бүтээлээ сойж байгаа юу?
-Би бүтээл өгөөгүй.
-““Морин хуур” найрааны наадам” гэх яриа өмнөх жилүүдийн оролцогчдын дунд гарсан гэсэн. Наадмыг зохион байгуулагчийн хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-“Морин хуур” наадамд хаа очиж найрааны талаар яриа гардаггүй. Би Монголын хөгжмййн зохиолчдын холбооны тэргүүнээр найм дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд наадмыг дууны бүх төрлөөр зохион байгууллаа. Бараг найрал дууг хүртэл оруулах гэж үзсэн. Эстрадын, нийтийн,хүүхдийн дууг ч наадамд оруулах гэж үзсэн. Ер нь “Морин хуур” нийтийн дуу,* тэр дундаа ард нийтээрээ сонсч түүндээ үнэлэлт дүгнэлт өгч шийдэгдэх наадам юм.
Тиймээс ч энэ жилээс анхны хэлбэрээр нь зохион байгуулахаар шийдсэн. Ийм шийдвэр гаргахгүй бол мэргэжлийн дуу нь давамгайлаад нийтийн дуу орхигдох гээд байгаа юм. Дууны урлаг олон төрөлтэй. Тэр бүгдийг уг нь эдийн засаг, ивээн тэтгэгчийнх нь бололцоо байдаг бол төрөл тус бүрээр нь зохион байгуулбал илүү үр нөлөөтэй. Тэгж чадвал “Морин хуур” тойрсон элдэв яриа ч намжина гэж бодож байна.
Мэргэжлийн болон сонирхогчид наадамд нэгдэж оролцохоор шүүгчид мэргэжлийн талаа илүү хараад байдаг. Гэтэл цаана нь сайн, сайн нийтийн дуу хоцордог. Нөгөө талаар мэргэжлийн дууны хувьд Монголд өөрийн гэсэн дэгтэй болсон байна. Тиймээс мэргэжлийн дууг нийтийн дуутай холих нь зохимжгүй учраас тусад нь хийх ёстой гэсэн бодол бий.
-Өнгөрсөн удаагийн “Морин хуур” наадамд Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Цэцэрлэгийн уран бүтээл шилдгээр шалгарсан. Түүний наадамд сойсон бүтээл нийтийн дуу байсан уу?
-Д.Цэцэрлэгийн дуу нийтийн болон мэргэжлийн завсрын уран бүтээл байсан. Тухайлбал, Б.Шаравын “Хайрхан уулын бараа” шиг. Тиймээс Д.Цэцэрлэгийн уран бүтээл “Морин хуур” наадмын 27 дахь шилдэг бүтээл болсон гэж бодож байна.
-Салбарынхаа сайн мууг мэдэхийн хувьд нийтийн дууны үнэлэмжийн талаар танаас асуумаар байна?
-Одоо дууны шүлгийг захын хүн бичдэг болжээ. Аяыг нь ч гэсэн хөгжмийн тогоонд чанагдаагүй хүн хийж байна. Тэгээд нот мэддэг мэргэжлийн хүнээс асуугаад л болчихож байна шүү дээ. Дээрээс нь мэргэжлийн студи бий болсон учраас мэргэжлийн хүнээр найруулгыг нь хийлгээд засаад дуу болгочихоод байгаа юм. Ийм мөнгөний хүч түрсэн муухай зүйл дууны урлагт ороод ирчихсэн байна. Бид түүнийг зогсоох ямар ч аргагүй.
Тэр бүхнийг л ард түмэн нь тэдгээр уран бүтээлийг шүүгээд явж байна. Тиймээс төр ямар нэгэн хэлбэрийн ажил зохион байгуулж хөгжим судлаачдыг ажиллуулах хэрэгтэй байгаа юм. Яг одоо дууны урлагт шүүмж дутагдаж байна шүү дээ. Муу уран бүтээл хийсэн хүнийг шүүмжилдэг, хийсэн хүн нь ичдэг байх хэрэгтэй. Тэгж шүүмж сонсч л сайн уран бүтээлч төрнө.
-Социализмын үед нэг дууг сонсогчдод хүргэхийн тулд сар, жил болдог байсан. Гэтэл өнөөдөр дууг өдөрт нь хийж байна шүү дээ?
-Биднийг оюутан байхад дуу хийх гэж их ажил болдог байв. Дууны шүлгээ Монголын зохиолчдын хороогоор батлуулна. Тэнд шүлэг баталдаг тусгай сектортой байсан. Дараа нь ая хийсэн хүн Хөгжмийн зохиолчдын холбоогоор ая батлуулах гэж их ажил болдог байжээ. Тэр үеийн шат дамжлага урлаг хөгжихөд зөв байсан. Гэтэл одоо авьяастай хүн байх ёстой газраа очиж чадахгүй байна. Авьяастай хүн ядуу байдаг. Одоо ганц нэг лицензтэй юм уу, мөнгөтэй хүмүүс мэргэжлийн хүнээр дэмжүүлээд дуу гаргаж байна. Ингээд дуунууд гараад байхаар их хэцүү.
Хөгжмийн холбоонд бүртгэлгүй хэдэн зуун дуу бий. Тиймээс бид дууныхаа баримжааг “Морин хуур” наадамд оролцож байгаа уран бүтээлийн чанар чансаагаар тодорхойлж байна. Гэтэл FМ-ээр сонсч ч байгаагүй дуунуудыг цацаж байна. Тэдгээр бүтээлийн үг ч, ая ч авах юмгүй байдаг. Дуу гээд сонсоход их хэцүү байдаг юм.
-Дууны урлагт ёс зүй дутагдаад байгаа юм шиг санагддаг. Тухайлбал, Д.Намсрайноровын “Сэрэл хөдөлгөдөг” дууг нэрлэж болно?
-Тэр бүтээл байж болохгүй дуу биш. Ардын дуунд ийм утгатай дуу байдаг. Хамгийн гол нь дээхнэ үеийн иймэрхүү ардын дууны хэллэг нь өөр, далд утгаар өгүүлдэг байв. Жишээ нь, “…Цоохор морь минь цогиостой
Чонон хөнжил дэлгээстэй
Чухамхүү сэтгэл чинь над дээр юм боп
Цолмон гарахаар мордоорой…” гэх зэргээр уран яруугаар хэлж байсан.
Гэтэл одоо цагт үг хэлний баялаг ядмаг болсноос хар ярианы хэллэгээр бичээд байгаа юм. Ингэхээр муу шүлгээ даваад муу ая хийжбайна. Энэ нь явж явж төрөөс урлаг соёлын баримтлах бодлого муу байгаатай холбоотой. Бас үзэгчдийг бэлтгэх хэрэгтэй байна. Үзэгчдийг бэлтгэхийн тулд хүүхдэд цэцэрлэг, сургуульд байхаас нь урлагийн боловсрол олгох нь чухал байна.
Гоо зүй, уран сайхны хичээл, ардын сургаалын талаарх мэдлэгийг хүүхдэд багаас заах хэрэгтэй. Тэгж чадаагүйн улмаас өнөөдрийн хүмүүс үндэсний шинжээ алдаад олон орны сэтгэлгээтэй болчихжээ, Төр урлаг соёлын талд ямар ч бодлогогүй явсантай энэ бүхэн холбоотой. Урлаг соёл, улс үндэстний оршин тогтнох гол зүйлсийн нэг гэдгийг мартсан байна. Гэтэл хүн урлаг соёлоор дамжуулж мэдлэгтэй болдог.
“Монгол уран бүтээл” нэртэй хөтөлбөр гаргасан чинь Соёлын яам, Соёлын санг татан буулгачихлаа. Тэр хөтөлбөр хэрэгжих юм бол 10 гаруй жилийн дараа жинхэнэ монгол сэтгэлгээтэй хүмүүс төрнө. Тиймээс л төрөөс урлагийн салбарыг дэмжих бодлого шаардлагатай гээд байгаа юм.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: “Монголын үнэн”