Элчин сайд С.Энхбат Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Бахрейны Вант Улсын Эрхэм дээд Ван Хамад Бин Иса Ал Халифа-д уламжилж, Монгол Улс, Бахрейны Вант Улсын найрсаг харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд Монгол Улсын гадаад бодлого, дотоод байдал, эдийн засгийн хөгжлийн талаар товч мэдээлж, Монгол, Бахрейны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүднээс хоёр орны хооронд харилцан айлчлал хэрэгжүүлэх, Бахрейны Вант Улстай эдийн засаг, санхүү хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, соёл боловсрол болон бусад сонирхсон салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой байгааг тэмдэглэв.
Элчин сайд С.Энхбат Бахрейны Вант Улсын Эрхэм дээд Ван Хамад Бин Иса Ал Халифа-д ИЖБ-ээ барихын өмнө Бахрейны Гадаад хэргийн сайд Шейх Халид Бин Ахмед Бин Мохаммед Ал Халифа-тай уулзаж ИЖБ-гийхээ хувийг гардуулахдаа Монгол, Бахрейны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцон ярилцав.
Эх сурвалж http://www.info.mn