Сүүлийн үед та нам гүмхэн амьдрах болж. 11-р хороолол дахь байраа сольсноос хойш бараг уулзалдсангүй. Гавъяат маань хаана хэрхэн амьдарч байна. Амьдрал ахуй тань хэр байна?
Нисэхэд ганц өрөө байртай. Хүүтэйгээ, хоёр ачтайгаа дөрвүүлээ амьдарч байна. Энэ амьдралд чинь янз бүрийн л юм тохиолдох юм. Үхэл зовлон дайрч өнгөрсөөр байгаад би ганцаараа л үлдэх шахлаа шүү дээ. Үхэл зовлон дайраад ирэхээр тулгамдаж байр саваа зарж, жижгэсгэж явсаар байгаад арай л орох оронгүй болчихсонгүй. Яаж ийгээд амьдрал ахуйгаа болгоод явж л байна.
Танд театраас байр өгч байсан санагдах юм. Хамгийн сүүлд та талийгаачтайгаа 11-р хороололд амьдарч байсан?
3-р хорооллын 12 давхар байрнууд ашиглалтанд ороход театр надад байр өгсөн. Яахав театрт насаараа л зүтгэсэн. Надад өгөх ч ёстой, би авах ч эрхтэй байсан. Түүнийгээ хүүгээ хань ижилтэй болох үед нь өмч болгож өгсөн юм. Харамсалтай нь өрөнд өгөөд үгүй хийсэн. Тэгэхэд хүү маань кино хийж, ивээн тэтгэгч нь хөрөнгө оруулах ёстой байсан ч дуусгалгүй орхиж, мөнгө төгрөгөө өгөхөө больж, бүх ажлыг нь нураасан. Гэнэт хөрөнгө оруулалт хийгдэхээ больчихоор бид хоёрт ч хэлэлгүй байраа зараад мөнгийг нь кинондоо зарцуулчихсан юм билээ. Байраа зарсныг нь бид сүүлд л мэдсэн. Мандах гэдэг кино найруулагч хүү бий. Кино урлагийн өвчтэй гэх юмуу даа. Яахав дээ миний муу хүү архи уучихсан биш. Уран бүтээлдээ л зарцуулсан. Уг нь киногоо хийчихсэн бол мөнгө олох боломжтой байсан юм билээ. “PEPSI Шинэ Үеийг Сонгож Байна” гэсэн кино хийгээд үзэгчдэд дэлгэцэнд дөнгөж гаргаж байх үеэр нь манай хадам ээж өнгөрч, ажил явдал болсон. Эмээгийнхээ ажил явдлыг өнгөрөөчихөөд ирэхэд нь киноных нь хальс алдагдаж, гадуур хувилагдаад зарагдчихсан байсан. Тэгээд л хамаг мөнгөөрөө шатчихсан хэрэг. Сүүлд хөгшнийгөө өнгөрсний дараа 11-р хорооллын байраа зарж нэг хэсэг 16-р хороололд амьдарсан.
Таны тэтгэвэр тэтгэмж өндөр тогтоогдож чадсан уу? Амьдрал ахуйд чинь хүрэлцэх юм уу?
Яахав дээ.Тэтгэвэрийн хэдэн төгрөг авдаг л юм. 101 мянган төгрөгний тэтгэвэртэй. Түүгээрээ л амьдарч байна. Гавьяат байлаа гээд миний амьдралд нөлөөлсөн зүйл алга.1995 онд театр ч хүнд байдалд орж 20 гаруй хүнийг бага тэтгэвэр гэгч юм тогтоогоод тэтгэвэрт нь гаргасан юм. Тэр үед би тэтгэвэрт гарсан шүү дээ. Намайг “тэтгэвэрт нь эрт гаргалаа” гэж ахмад жүжигчид театрын удирдлагад хэлсэн юм байна лээ. Намайг театрт дагалдан жүжигчний цалин аваад ажил гэсэн. Би яаж тийм мөнгөөр амьдрах юм бэ. Тэгээд 1992 онд театраас гарсан. Театрт очиж юм үзэхээ байчихсан тэр үед АЖ.Гантөмөр ,УГЖ. Жамсранжав УГЖ. Мягмарнаран УГЖ.Лхамхүү гээд театрын ажлыг нуруун дээрээ үүрч явсан хүмүүс бүгд л нэг тиймэрхүү маягаар ажлаа орхиж байв. Тэгэхгүй гээд ч өөр арга байгаагүй юм. Улс биднийг тэжээх тээ манатай байсан цаг. Уг нь гавьяат гээд жилд 25 мянган төгрөг өгч, байрны мөнгөний талыг нь улс даадаг байсан юм. Өнгөрсөн жилээс гавъяатуудад байрны хөнгөлөлт өгөхөө больчихсон байна лээ. Байрны мөнгөний талыг нь төлөөд өгнө гэдэг чинь ядарсан бидэнд их тус байсан. Өнөөдөр гавьяатууд, хөдөлмөрийн баатрууд ядуухан л амьдарч явна. Яахав дээ хүүүхдүүд сайтай болохоор болгоод л явж байна.
Танай гэр бүлийн хүн жүжигчин байсан ч түүний кино урлагт бүтээж үлдээсэн дүрийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй. Нөхрийнхөө уран бүтээлийн амьдралаас та дурсахгүй юу?
Хамгийн сүүлд талийгаач маань “Хар сувд” гэдэг хүүгийнхээ хийсэн кинонд тоглосон.Хүмүүс талийгаачийн дэлгэцэнд бүтээсэн дүрийг тэр бүр мэддэггүй. Аргагүй, аргагүй, манай хүн театрын жүжигчин байснаас биш кинонд нэг их тоглоогүй юм. ХЗТ-ын жүжигчин. СТА цолтой Намсрайжав гэсэн хүн байсан юм миний хань. ХЗТ гэдэг сайхан театрыг Нямгаваа л устгачихлаа даа. Харин хөгшинд маань улсаас өгсөн хоёр өрөө байр хүүхдүүдийн гар дамжин зарагдаж явсаар одоо бидний амьдарч байгаа ганц өрөө байр болж үлдсэн. Анх нөхрийнхөө хоёр өрөө байрыг зарчихаад 16-р хороололд нэг өрөө байр болгоод очлоо. Тэр үед өвгөний маань ах дүүс ирж мөнгө зээлээч гэхээр нь өвгөн өгөөгүй. Уг нь байрны зөрүүнээс илүү гарсан хоёр сая төгрөг байсныг өвгөн нөгөө авгайгаас нь гарсан охиныхоо нэр дээр банкинд хийчихсэн юм лээ. Талийгаачийг өнгөрөхөөс арав хоногийн өмнө дүү нь ирээд “Та надад хэдэн төгрөг олоод өгөөч. Та бол нэртэй хүн. 10 хувийн хүүтэй ч хамаагүй. Олоод өг. Бидэнд зээлийн барьцаанд өгөх юм байхгүй. Би долоо хоногийн дараа буцаагаад өгье” гэхээр нь би арван жилд нэг ангид сурч байсан, ломбард ажлуулдаг найз авгайгаасаа 10 хувийн хүүтэй 970 мянган төгрөг зээлээд өгчихлөө. Надад дүүргээс хэд хоног амар гэж амралтын эрхийн бичиг өгсөн юм. Өвгөн маань “бие гайгүй байгаа юм чинь чи явчихаад ир” гэхээр нь амралтанд явсан юм. Очоод тав хонож байтал өвгөн чинь нас барчихлаа гэсэн хэл очиж би ухаантай, ухаангүй хоёрын хооронд наашилсан. Өвгөний ажил явдал дууссаны хойно нөхрийн дүүд нөгөө мөнгөө өг гэсэн чинь “Таны мөнгийг ахад өгсөн. Танд хэлээгүй юмуу. Та юманд нь сайн үз л дээ” гэдэг юм. Би бүх юманд хайгаад олоогүй. Манай талийгаач хүнийг юмыг хамаагүй үрдэггүй нямбай хүн байсан болохоор тэр мөнгийг дүү нар нь эргүүлж өгсөнд эргэлзэж эхлэсэн л дээ. Худлаа ярьж байсныг нь ч би мэдэж байсан ч талийгаачаа бодоод юу ч хэлэлгүй өнгөрсөн. Нөхрийнхөө дүү нарын буянд сая гаран төгрөгийн өрөнд орчихоод өр дарах гэж нэлээд ядарсан. Өнгөрсөн хүн рүү муу булхайгаа чихэж амьдрах хэцүү л дээ. Гэхдээ би тэднээс ганц төгрөг нэхэхгүй өрөө дарчихсан.
Уучлаарай. Нөхрийг чинь өнгөрсний дараа таныг тэр хүний үхэлд буруутгаж, элдвээр гоочилсонд та гомддог уу? Тэр үед яагаад таныг сэжиглэсэн юм бол?
Хэцүү байлгүй яахав. Нөхөр маань амьдралынхаа сүүлийн хоногуудад биеийн нь байдал гайгүй байсан шүү дээ. Хоёр дахин цус харвасан ч сайн эдгэсэн. Гар хөл, хэл амных нь өөрчлөлтүүд эдгэж, өвдөх өвчингүй байсныг мэдэх хүмүүс нь мэднэ. Бараг ханиад ч хүрдэггүй хүн байсан. Яахав сэтгэл санаагаар унадаг байсан юмуу жаахан уудаг байсан нь үнэн. Дандаа тэр хүнийг сахиад суухаар амьдрахад хэцүү болно биздээ. Амьдрахын тулд би ажиллаж, хоёр биеэ тэжээх хэрэгтэй. Намайг эзгүй хойгуур ийм золгүй явдал тохиолдсон болохоор ах дүү төрөл саданд нь эвгүй санагдсан юм байлгүй дээ. Ингээд би монгол даяар “Нөхрийнхөө үхэлд буруутай” гэж зарлагдсан.
Хоёр хүүгээ гарсны дараа нөхөр тань таныг орхиж өөр хүүхэнтэй суугаад явсан гэдэг. Хорин жилийн дараа эргэж ирэхэд нь та уучилсан. Яагаад тэр вэ?
Бид хоёр оюутны анги, нэг ширээний хүүхдүүд. Залуудаа ханилсан хоёр. Намайг хаяад явахад том хүү маань хоёр ойтой, бага хүү маань гэдсэнд үлдсэн юм. Манай нөхөр хоёр хүүхэнтэй сууж, хоёр амьдрал зохиосон хүн. Надаас салаад суусан хүүхэн нь хоёр охинтой. Хорь гаран жилийн дараа над дээр эргээд ирсэн. Хоёр хүүгийн минь эцэг, хар залуудаа ханилсан хань минь болохоор цаашаа гэж чадаагүй. Гэр оронгүй гудамжинд гарч, архи дарс уугаад хээр гадаа хоноод байхаар нь хоёр хүү нь аавыгаа авчирсан. Ямар ч байсан хүүхдүүдийн маань эцэг. Хожим аав нь гээд хажууд нь байж байвал хүүхдүүдийн нь сэтгэл өег байх болов уу даа гэж бодоод эргэж нийлсэн. Гэтэл тэр амьдралынхаа төлөө тэмцдэггүй. Амьдралдаа би ачаа үүрэх ёстой гэдгээ нэг талаар хүлээн зөвшөөрдөггүй байсан. Би 19 наснаасаа эхлээд тэр хүний үүрэх ёстой ачааг үүрч явсан ч тэр надаас салсан. Эргээд ирэхдээ ч тийм л байдалтай байсан. Чин үнэнийг хэлэхэд сүүлийн цус харвалтнаас хойш нөхөр маань тэтгэмжийн болон бусад мөнгөө зөвхөн өөртөө зарцуулдаг байсан. Гэртээ нэг ч удаа өөрийнхөө санаагаар талх авчирч үзээгүй. Гэхдээ муу хүн байжээ гэж ойлгож болохгүй. Сүүлдээ л тиймэрхүү болчихсон байсан. Ер нь тэгээд би ганц талийгаачаа муу хэлсэн юм биш. Амьдралд дэндүү зөөлөн, хүний аясаар явсны гай, хохь, нөхрийнхөө үхэлд сэжиглэгдэж буруутан болоод л үлдсэн. Би жаахан хатуу хүн байсан бол нөхрөө ядарч явахад өөр дээрээ аваагүй байсан бол миний өнөөдрийн амьдрал арай өөр байх байсан биз.
Та талийгаачийнхаа ах дүүстэй холбоотой байдаг уу? Хамгийн сүүлд хэзээ уулзсан?
Өвгөнийг өнгөрөхөд Хэнтийд байсан ах дүүс нь “Тэр хүн зүв зүгээр байж байгаад үхэх ёсгүй. Шүүхээр явна. Ямар нэгэн байдлаар хорлогдлоо” гээд бараг л намайг алчихсан гэж байсан хүмүүс. Би тэдэнд гомдсон. Тэд намайг үзэн ядацгааж байгаа юм байлгүй дээ. Өвгөныг өөд болсоноос хойш хэн ч ирсэнгүй. Том ан цав гарчихсан болохоор хэн хэнийхээ царайг харахад эвгүй. Би ч тэдэнтэй уулзмааргүй байна.
Танай хүн гэртээ өнгөрөөд удчихсан байсан гэдэг? Яагаад тэр үед өөр хүн байгаагүй юм бэ?
Хоёр гурав хоночихсон байсан. Манай том хүү Баянхонгорын ой болох гээд тийшээ явчихсан. Бага хүү тусдаа Буян компанийн байранд нэг өрөө хөлслөөд амьдарч байсан. Ганцаараа гэрээ дотроосоо түгжчихсэн байсан болохоор хүнд мэдэгдэхгүй удсан юм байна лээ.
Нөхөр чинь өөр хүнтэй суугаад явсны дараа таньтай ханилъя гэх хүн таарч байсан байлгүй? Тэр үед та өөрийгөө боддог байж гэж одоо харамсдаг уу?
Хоёрын хоёр нялх хүүхэдтэй хүн чинь нэг талаараа хүнтэй таарахгүй. Нөгөө талаараа ямар ч хойд эцэг таараа билээ гээд их айдаг байсан. Өөрийнхөө жаргалыг хөөсөн бол сайн сайхан хүн таарч л байсан. Би хоёр хүүхдийнхээ хүмүүжлийг бодоод эмээдэг байсан. Яая гэхэв дээ бурханы л зураг.
Нөхрийн чинь сүүлд суусан эмэгтэйгээс гарсан охидууд таньтай болон танай хоёр хүүтэй холбоотой байдаг уу?
Ямар ч холбоо байхгүй. Манай том хүү эцгээсээ хойш таван сарын дараа нас барсан. Хүүгийнхээ араас би маш их харамссан. Хүүгийнхээ өөд болохыг үзэх зовлонгоос хэцүү зовлон байхгүй юм билээ. Хүү минь зүрх муутай байсан болохоор орой орондоо орж унтаад өглөө босоогүй юм. Авгайд нь баярладаг. Хүүгийн минь хоёр хүүхдийг тэр хүн ганцаараа өсгөж байна. Одоо миний ганц хүүтэй тэр хоёр охин уулзах үгүйг цаг хугацаа л харуулах байх даа. Нөхрийн маань нэг охин нь нэг өрөө байр авахад өөрийхөө нэр дээр бичүүлэх гээд баахан гүйсэн. Тэр болгоноос нь харахад нэг л элэггүй санагдсан болохоор бидэн рүү ирнэ гэдэгт эргэлзэж л байна.
Олон улсын кино наадмаас шагнал хүртсэн “Хадаг” кинонд та тоглосон юм байна? Сүүлийн үед кинонд тоглож байна уу?
Томоохон кинонд тоглосонгүй. Кино урлагийн сургуулийн оюутны дипломын ажилд жил бүхэн л оролцож байна. Тэд ямар зурагтаар гарах биш. Тийм болохоор намайг ард түмэн амьд байгааг бараг л мэдэхгүй болж байна уу даа. Хамгийн сүүлд Бельгийн найруулагчийн хийсэн “Хадаг” кинонд тоглосон. Орос, Герман, АНУ ,Бельги, Голланд зэрэг олон улсын нэртэй найруулагч дын хийсэн кино. Венецийн кино фестивалийн “Ирээдүйн Алтан Арслан” гэдэг том шагналыг авсан. Монгол кинонуудаас анх удаа том шагналыг нь авч байгаа юм.Тэр наадам бол бараг Оскарын шагналын доод шатны наадам. Нийтдээ 17 шагнал авсан гэсэн. Зургийг нь Монголд авч, монгол жүжигчид тоглосон болохоос биш дэлхийн хэмжээний кино. Энэ кино бол хүний тухай л өгүүлдэг. Хүн төрөлхтөн хэт их нийгэмшиж, байгалаа устгаж, мөхөл рүү ойртож байгааг харуулсан кино. Найруулагчид нь манайд ирж “Нохойн орон” гэдэг кино хийсэн юм байна лээ. Тэр кино нь ч тухайн цагтаа бас энд тэндээс шагнал урамшуулал их авсан гэсэн. Монгол бол тэдэнд кино хийхэд ахуй нь хамгийн тохиромжтой газар болохоор энд зураг авах их сонирхолтой байдаг. Манайд энд тэндгүй цэргүүд байрлаж байсан балгаснууд их болохоор тэднийг ашиглаж кино хийсэн. Энэ нь бас нэлээдгүй их мөнгө хэмнэж байгаа шүү дээ. Би гэрээний дагуу хоёр сар зураг авалтанд яваад 1.сая 200мянган төгрөг цалин болгож авсан. Миний хувьд туслах бөөгийн дүр бүтээгээд авсан мөнгө учраас хангалттай цалин. Олон улсын кино наадмаас шагнал авчихаад Монголд ирэхэд урамшуулал болгож сая төгрөг өгсөн. Би 1990 оны үед тоглосон “Гал хам” киноноос 700 төгрөгийн шагнал авч байсан. Мөнгөний ханш одоогийнх шиг байгаагүй болохоор их л мөнгө байхгүй юу. Одоо чинь мөнгөний ханш өдөр болоод амьдрахад хэцүүхэн л байна шүү.
Хэдэн жилийн өмнө та талбай дээр зураг авч байсан?
Янз бүрийн байдлаар өөрийнхөө төлөө хүн бүр зүтгэхээс аргагүй нийгэмд бид амьдарч яваа. Түүнийг манайхан нэг их ухаарахгүй юм даа. Яахав дээ дуртай юм болохоор талбай дээр мөсөн хотхон байгуулдаг жил 20-иод хоног зураг авсан юм. Гэтэл “Гавьяат Цэрэндарьзав талбайн зурагчин болчихож. Энэ бол нийгмийн доройтол” гээд янз бүрээр хэлээд байхаар нь больсон. Тэгж хэлүүлээд зогсох хэцүү юм байна лээ. Гэрэл зураг, уран зураг бол миний хобби л доо.
Эх сурвалж: www.shuurhai.mn