Байнгын төлөөлөгч О.Оч хэлсэн үгэндээ 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэх засгийн газар хоорондын хэлэлцээ нь Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх явцад гарсан ололт амжилт хийгээд сургамжид тулгуурлах ёстойг онцлоод Мянганы хөгжлийн зорилтууд нь олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээг тодорхойлоход ач холбогдолтой болсныг тэмдэглэв.
Тэрбээр цааш нь далайд гарцгүй орнуудын онцгой хэрэгцээ шаардлагыг 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрт тодорхой тусгах нь зүйтэй гэж үзэж байгаагаа мэдэгдэв.
Нийгмийн хөгжил дэх нөхөрлөлийн тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг Монгол Улс санаачилж байсныг дурдаж, дэлхий дахинаа 1 тэрбум гаруй гишүүнтэй нөхөрлөл нь 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрт чухал түнш болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж http://www.info.mn